Нидерландын нэгэн жуулчин Польшид саатуулагджээ. Учир нь "Тэрбээр Аушвицын хорих лагериар аялж явах үедээ нацист маягийн мэндчилгээ хийсэн" гэж цагдаагаас мэдээлсэн байна.
Өдгөө 29 настай жуулчин эмэгтэй “Хөдөлмөр хүнд эрх чөлөө өгдөг” хаалганы өмнө нацист ёсолгоо хийжээ. Нэр нь тодорхойгүй тус эмэгтэй уг үйлдлийнхээ улмаас нацистын суртал ухуулга хийсэн хэргээр буруутгагдаж, оногдсон торгуулийг төлөхөө илэрхийлсэн байна. Эмэгтэй нацист ёсолгоо хийж, нөхөр нь зургийг нь авчээ. Тэрбээр өөрийгөө хошигномор аядаж л ингэсэн юм гэж Польшийн хэвлэлийн байгууллагад ярилцлага өгөхдөө хэлсэн байна.
Гадаадын иргэд Польшид нацистын суртал ухуулга хийсэн хэргээр буруутгагдаж буй нь ганц энэ удаагийн явдлаар зогсохгүй аж. Энэ нь хоёр жил хүртэл хорих ял авч ч болзошгүй үйлдэл юм. Тухайлбал, Туркийн хоёр оюутан 2013 онд мөн л нацист ёсолгоо хийсэн хэргээр саатуулагдаж, зургаан сар хоригджээ.
Нацист Герман 1939 онд буюу дэлхийн хоёрдугаар дайны эхэн үед Польшийг эзлэн авсныхаа дараа тус улсын өмнөд хэсэгт орших Освенцим хотод үхлийн лагерь байгуулсан. Энэ нь дотроо Аушвиц 1, 2, 3 гэсэн хэсгээс бүрддэг байжээ. Нацист германууд ердөө дөрвөн жил хагасын хугацаанд 1.1 сая хүнийг Аушвицын хорих лагерьт хөнөөсөн. Үүнээс нэг сая гаруй нь еврейчүүд байжээ.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ