Хохирогчдын холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
“Цагдаагийн ар гэрийн холбоо”-ны тэргүүн, цагдаагийн бэлтгэл хошууч Ж.АЛТАНГЭРЭЛ:
-2008 оны долдугаар сарын 1-ний үймээн самууны улмаас 245 цагдаа гэмтэж, гэмгүй таван иргэн амь насаа алдсан. Зохион байгуулсан О.Магнай, Б.Жаргалсайхан нарт одоо хэр нь хариуцлага хүлээлгээгүй байна. Өнөөдөр цахим орчинд залуус нэгнээ жагсъя, тэмцье хэмээн уриалж байна. Олон хүн нэгдэн дайрвал араатан мэт болдог. Залуус сэтгэлийн хөөрлөөр ямар ч зорилго чиглэлгүй үймээн самуун дэгдээвэл аюултай. Өдөөн турхирсан улс төрийн албан тушаалтнууд ард нь зүгээр өнгөрдөг. Залуус, цагдаа нар л эцэс сүүлд нь хохирдог юм шүү.
Хохирсон цагдаа Ц.СҮХБААТАР:
-Төрийн цагдаа ажил үүргээ гүйцэтгэж яваад хохирдог. Хохирсон цагдаа нарт санаа тавих асуудлыг төр орхигдуулсан. Иргэн цагдаа хоёр хонь, чоно хоёр биш шүү дээ. Эцэст нь хэн хохирдог вэ гэхээр иргэн, цагдаа нар хохирдог. Долдугаар сарын 1-ний жагсаалаар хоригдсон залуус Өршөөлийн хуулиар суллагдсан. Тэдэнд гадаад руу явахад асуудал тулгардаг. Цагдаагийн хар тамга даруулсан учир боломжгүй байдаг. Хоригдсон залуусыг цагаатгах, мөн Үндэсний эв нэгдлийн чуулган зохион байгуулахыг төр засгаасаа хүсч байна.
Цагдаагийн бэлтгэл ахмад В.ЭНХЦЭЦЭГ:
-Хохирогч болсон миний хувьд үймээн, самууны үр дүнд улс төрчид биш иргэд, цагдаа нар хохирдог. Залуус нийгэмд тулгамдаж буй асуудлыг хоорондоо хэлэлцэн ярьж байгаа нь зөв ч нэгнээ жагсаж цугларахыг уриалж байгаа нь маш буруу. Та бүхнийг өдөөн турхирагч нарын үгэнд автахгүй байх, долдугаар сарын 1-ний өдрийнх шиг үймээн самуун дэгдээхгүй байхыг уриалж байна.
Ц.ХОНГОР
Холбоотой мэдээ