Цагаан идээний үнэ 5-10 мянган төгрөгөөр нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2022.01.24-нд нийтлэгдсэн

Цагаан идээний үнэ 5-10 мянган төгрөгөөр нэмэгджээ

Цагаан идээний үнэ 5-10 мянган төгрөгөөр нэмэгджээ

Цагаан сарыг угтсан үзэсгэлэн болон задгай талбайн худалдааг сонирхохоор амралтын өдрүүдэд хүн олноор цугларчээ. Гэр бүлийнхээ хүрээнд уламжлалт баяраа тэмдэглэнэ гэсэн ч хүмүүс дор бүрнээ идээ унд бэлдэж, ширээ дүүргэх цагаан идээгээ базааж байна. Хэвийн боовны үнэ өнгөрсөн жилийнхээс 1000-1500 төгрөг, ааруулын үнэ 5-10 мянган төгрөгөөр тус тус нэмэгджээ.

Худалдаачид "Малчид, үйлдвэрлэгчдээс ирсэн үнэ дээр түрээсийн ашгаа л нэмж зарж байна" гэж хэлж байв. Цагаан сараар эрэлт ихтэй цагаан идээ, хэвийн боовны үнэ нэмэгддэг ч энэ жил үнэ нь өнгөрсөн жилүүдийнхээс эрс өсчээ.

"Нарантуул" зах, "Бөмбөгөр" худалдааны төв, Ялалтын талбайд зарж буй цагаан идээний үзэсгэлэн худалдааг зорин очиход хүмүүс ихэвчлэн жижиглэнгээр буюу бага хэмжээгээр ааруул, өрөм, хайлмаг худалдан авч байлаа. Энэ жил дээжийн ааруул буюу ааруулаар зассан идээ тун ховор байгаа аж. Худалдаа эрхлэгчдийн ихэнх нь малчдаас худалдан авч зарж байгаа бол зарим лангуун дээр малчид өөрсдөө бүтээгдэхүүнээ зарахаар иржээ. Гэхдээ үнийн хувьд огт ялгаагүй байлаа. Үнэ ханшийн хувьд дараах үнийн хооронд хэлбэлзэж байна.

  • Энгийн чихэртэй ааруул 20-24 мянга
  • Хорхой ааруул 20-25 мянга
  • Сүүн ааруул 25-30 мянга
  • Чихэргүй ааруул 25 мянган төгрөг
  • Дээжийн ааруул буюу тавгийн идээний ааруул хэмжээнээс хамаарч 150-230 мянган төгрөг, жижиг идээ 46-78 мянган төгрөг
  • Тогооны өрөм 15-25 мянга
  • Шар тос савлагаанаас шалтгаалж 8000-17000
  • Хайлмаг 10-18 мянган төгрөг
  • Аарц 7000-8000 төгрөг

ГАНДАНГИЙН ХЭВИЙН БООВ ХАМГИЙН ЭРЭЛТТЭЙ БАЙНА

Гурилын үнэ өсөөгүй ч шар тос болоод бусад материалын үнэ нэмэгдсэн. Тиймээс энэ жил хэвийн боовны үнэ өнгөрсөн жилийнхээс 700-1500 төгрөгөөр өсчээ. Тухайлбал,

  • Цехэд үйлдвэрлэсэн хэвийн боов 3000-3500 төгрөг
  • Идээний еэвэн 2100-2800 төгрөг
  • Үйлдвэрийн хэвийн боов /энгийн/ 3500-4500
  • Шар тостой, хэвийн боов 4000-4800
  • Гандангийн хэвийн боов 3800-4300
  • Гүрмэл 4000-5300 төгрөгийн хооронд тус тус худалдаалагдаж байна.

Харин тавгийн идээний еэвэн хэмжээнээс хамаарч 2500-18500 төгрөгийн хооронд зарагдаж байлаа. Хүмүүсийн тухайд ихэвчлэн 10-15 ширхэг боов авч байгаа бөгөөд гандан болоод үйлдвэрийн хэвийн боов авч байгаа аж. Өнгөрсөн жилийн өдийд цагаан сар дөхөж хүмүүс ч зах, худалдааны төвөөр гишгэх зайгүй шахам очдог байсан. Харин энэ удаа өргөн дэлгэр биш ч бага, багаар бэлтгэлээ базаахаар амралтын өдөр гарчээ.

Иргэдийн хэлж байгаагаар цагаан идээ, ул боов авахад багадаа 150 мянган төгрөг болж байна. Одоо нэмээд мах, сүү авахаас эхлээд ууц, өвчүү чануулах, бууз чимхэх гээд ажил зөндөө байна. Хүмүүс цагаан сар тэмдэглэхгүй гэсэн ч айл саахалтаараа золголт хийх нь тодорхой. Тиймээс тодорхой хэмжээнд бэлтгэл базаахгүй бол болохгүй гэж хоорондоо ярилцана.

Иргэд энэ жил ууц тавихаас илүүтэй цагаан идээгээр идээ засч, мах чанаж ёслоод өнгөрөх сонирхол их байгаа аж. Мах үнэтэй байгаа учраас өглөө эрт "Дэнжийн 1000"-ын зах руу очиж шинэ мах буухад авсан нь дээр байгааг худалдаачид ч хэлнэ. Гэхдээ шүлхий, малын гоц халдварт өвчин, ариутгал халдваргүйтгэл зэргээс шалтгаалж өнгөрсөн намраас хойш махны үнэ огт буураагүй. Тухайлбал:

"Хүчит шонхор" захад махны үнэ өнөөдрийн байдлаар:

  • Үхрийн ястай мах кг нь 10000-12000 төгрөг, цул нь 12500-15000 төгрөг,
  • Ямааны ястай мах кг нь 8000-9000 төгрөг, цул нь 9000-10000 төгрөг,
  • Хонины ястай мах кг нь 9500-10500 төгрөг, цул мах нь 10500-11000 төгрөг,
  • Адууны мах кг нь 9500-10000 төгрөгийн ханштай байна.

Энэ бол жижиглэнгийн үнэ. Гулуузаар нь болон хаа, гуяар авсан тохиолдолд кг нь 1000-2000 төгрөгөөр бага байгаа аж. Харин бусад зах, худалдааны төвд махны жижиглэнгийн үнэ баяр дөхөх сургаар 2000-3000 төгрөгөөр нэмэгджээ. Худалдаачид хэлэхдээ "Адуу, ямааны махны эрэлт их байна. Үхрийн өвчүү авах хүмүүс нэмэгдсэн. Ууц авч байгаа хүн цөөхөн байна" гэсэн юм.

Сар шинийн бэлтгэл базаах, цагаалга бэлдэх, хүнсээ базаахаас эхлээд ажил дуусахгүй. Хөдөөнөөс хот руу зорьж ирэх хүний урсгалыг 2020 онтой харьцуулахгүй ч хөл хорио тогтоогоогүй учир иргэд олноор ирж буй аж. Мөн өндөр настнууд тэтгэврийн зээл авч, ач, зээгийнхээ гарыг цайлгах бэлэг сэлт бэлдэж яваа харагдлаа. Гэхдээ хүмүүс Эрээний бараа гэхээс илүүтэй бэлэн мөнгө бэлгэнд өгнө гэж байв.

"Нарантуул" зах, "Бөмбөгөр" худалдааны төвийн хүнсний тасаг ачаалал их байлаа. "Хүчит шонхор"-ын хувьд 15:00 цаг гэхэд бараг бүх лангуу нь хоосорсон байв. Тиймээс мах авахаар очсон хүмүүс үнэ судалж, маргааш өглөө нь очно гэсээр буцаж байлаа. Ямартай ч иргэд эдийн засаг хямралтай байгаа боловч ёсыг бодож уламжлалаа дагах нь. Харин халдвар хамгаалалын дэглэмээ баримтлах эсэх нь баярт бэлдэж байгаагаас харвал эргэлзээтэй.

Эрүүл мэндийн яамнаас өнгөрсөн долоо хоногт гэр бүлийнхээ хүрээнд бус гэр, гэртээ л шинэлэхийг уриалсан. Барааны үнэ нэмэгдсэн байгааг гайхсан ч иргэд худалдан авалт ихээр хийж байгааг харвал цомхон тэмдэглэхгүй нь тодорхой. Бараа, дээл хувцас авах иргэд цөөрсөн ч цагаан идээ, ул боов авах иргэд томоохон зах, үзэсгэлэн худалдааг олноор зорьсоор байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж