Талибууд Афганистаны засгийн эрхийг гартаа авснаасаа хойш анх удаа барууныхантай хэлэлцээрийн ширээнд суух гэж байна. Тэд Норвегийн Ослод хэлэлцээ хийх бөгөөд гурван өдөр үргэлжлэх юм. Уг хэлэлцээгээр хүний эрх болоод Афганистанд нүүрлээд буй хүмүүнлэгийн хямралын асуудлыг ярилцана. Афганистанд иргэдийн 95 хувь нь өлсгөлөнд нэрвэгдсэн байдалтай байгааг НҮБ-аас мэдээлсэн билээ.
Тэгвэл талибуудтай уулзаж тэднийг баярлуулж болохгүй гэж Европт хэд хэдэн удаа шүүмжлэгчдийн жагсаал болжээ. “Энэ хэлэлцээг хийх нь гэр бүлээ алдсан Афган иргэдийн өөдөөс доогтой инээж буйгаас ялгаагүй. Террористуудтай ярилцаж болохгүй” гэж нэгэн жагсагч хэлсэн байна.
Өнөөдөр /2022.01.24/ бол гурван өдрийн хэлэлцээний хамгийн чухал өдөр. Учир нь талибууд АНУ-ын банкинд битүүмжлэгдсэн олон тэрбум ам.доллараа гаргаж авах тухай хүсэлт гаргах юм. Афганистанд ажилгүйдэл нүүрлэж, хүнсний бүтээгдэхүүний үнэ өссөнтэй зэрэгцээд мөнгөн тэмдэгтийнх нь ханш огцом унаж, банкууд бэлэн мөнгөний гаралтад хязгаарлалт тавьсан байна.
Норвегийн Гадаад хэргийн сайд Анникен Хуйтфельдт хэлэхдээ “Энэ удаагийн уулзалтаар талибуудыг хууль ёсны болгох, эсвэл хүлээн зөвшөөрөх талаар ярихгүй. Харин Афганистаныг бодитоор удирдаж буй эрх баригчидтай бид уулзах шаардлагатай” гэв.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ