Авлигатай тэмцэх газраас зарим албан тушаалтанд хариуцлага тооцуулахаар албан бичиг хүргүүлжээ. Тодруулбал, "Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК, "ДЦС-IV" ТӨХК, "Төрийн орон сууцны корпораци" ТӨҮГ-ын нийт 20 албан тушаалтныг зөрчилтэй гэж үзсэн байна. Эдгээр албан тушаалтныг Авлигын эсрэг хуулийн 13.8.2, 13.8.3-т заасныг үндэслэн хариуцлага тооцуулахаар болжээ.
Авлигатай тэмцэх газраас зөрчилтэй гэж үзсэн 20 албан тушаалтан нь хөрөнгө орлогын мэдүүлгээ худал мэдүүлсэн, зургаан сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний хөрөнгө орлогоо мэдүүлээгүй, мөн хөрөнгө орлогын мэдүүлгээ удаа дараа хугацаа хожимдуулжээ. Тодруулбал, Авлигын эсрэг хуулийн 13.8.2-т “Зургаа хүртэл сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг мэдүүлээгүй буюу худал мэдүүлсэн, хөрөнгө, орлогын мэдүүлгээ удаа дараа хугацаа хожимдуулж гаргасан бол албан тушаалын цалингийн хэмжээг гурван сар хүртэл хугацаагаар 30 хувиар бууруулна” гэж заажээ.
Мөн 13.8.3-т “Зургаан сараас дээш нэг жил хүртэлх хугацааны цалинтай тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг мэдүүлээгүй буюу худал мэдүүлсэн бол албан тушаал бууруулах, эсхүл албан тушаалын цалингийн хэмжээг гурван сар хүртэл хугацаагаар 30 хувиар бууруулах” гэж заасныг тус тус үндэслэн, 20 албан тушаалтныг зөрчилтэй гэж үзэж байгаа юм. Одоогоор Авлигатай тэмцэх газраас хариуцлага тооцуулахаар илгээсэн албан бичигт дээрх нэр дурдсан төрийн өмчит компаниудаас хариуцлага тооцсон эсэх хариу албан бичиг ирүүлээгүй болохыг холбогдох албанаас мэдээлэв.
Авлигатай тэмцэх газар нь өнгөрсөн долоо хоногт төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 19 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгаж, таван мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ. Өнөөдрийн байдлаар 14 албан тушаалтны хөрөнгө, орлогын болон хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг шалгаж байгаа аж.
Холбоотой мэдээ