ХЗБХ: Мэдээлэл задруулсан албан тушаалтан хариуцлага хүлээнэ

Хуучирсан мэдээ: 2022.01.24-нд нийтлэгдсэн

ХЗБХ: Мэдээлэл задруулсан албан тушаалтан хариуцлага хүлээнэ

ХЗБХ: Мэдээлэл задруулсан албан тушаалтан хариуцлага хүлээнэ

тУИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос өнөөдөр /2022.01.24/ 2021 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлын тайлангаа танилцууллаа. 


УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

-УИХ-ын намрын чуулган завсарласан. Чуулганы дараа байнгын хороод хийсэн ажлынхаа тайланг танилцуулдаг. Улсын Их Хурлын тухай хуульд заасны Хууль зүйн байнгын хороо чиг үүргийн хүрээнд эрх зүйн бодлого, хүний эрх, эрх чөлөө, түүний баталгаа, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх бодлого, хууль зүйн хариуцлага хүлээх эрх зүйн үндэс, ялын бодого, шүүх эрх мэдэл, прокурор, хэрэг бүртгэл, мөрдөн байцаалт, шүүхийн шийдвэр гүйцэтгэл, нийтийн болон хувийн өмчийн эрх зүйн үндэс, эрүү, иргэн, захиргааны хэрэг маргаан зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаа, өршөөл үзүүлэх, патент, зохиогчийн эрх, барааны тэмдэг, цагаачлал, иргэний харъяалал, архив, эрх зүйн туслалцаа, өмгөөлөл, иргэн хуулийн этгээд, улсын бүртгэлийн асуудлыг байнгын хороо хариуцдаг.

Хууль зүйн байнгын хороо дангаараа 13 удаа хуралдсан. Инноваци, цахим бодлогын байнгын хороотой хамтарч гурван удаа нийт 16 удаа хуралдаж, 40 гаруй асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн. Байнгын хорооны хурлаар 91 хуулийн төсөл, УИХ-ын долоон тогтоол, Байнгын хорооны 10 тогтоолын төслийг хэлэлцсэн. Мөн ХЗБХ-ны тогтоолоор УИХ-ын бусад шийдвэрийн төслүүдийг хэлэлцүүлж, бэлтгэн хуулийн хэрэгжилтэд хяналт тавих үүрэг бүхий нэг ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг 39 удаа хуралдаж, 12 танилцуулгыг байнгын хороонд танилцуулсан. Байнгын хорооны хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн нэг дүгнэлт, албан тушаалтныг томилох чөлөөлөх 11 асуудлыг хэлэлцэж, шийдвэр, санал дүгнэлтийг гаргасан. Нийт 18 санал дүгнэлт, зургаан танилцуулга, зарчмын зөрүүтэй 118 саналыг бэлтгэн, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, 80 хуулийн төсөл болон УИХ-ын зургаан тогтоолыг чуулганаар батлуулсан.

Онцлох хуулиудын талаар мэдээлэл өгье. Инноваци, цахим бодлогын байнгын хороотой хамтарч, гурван хууль баталсан. Тодруулбал, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль, Цахим гарын үсгийн тухай хууль. Үндсэн хуулийн 25 дугаар зүйл заасны дагуу хууль батлах нь УИХ-ын бүрэн эрх. Бид хууль батлах, хэрэгжилтэд хяналт тавих ажилд түлхүү анхаарч ажилладаг.

Нийтийн мэдээллийн ил тод байдал, мэдээлэл авах тухай хууль 2011 онд батлагдсан. Энэ хууль бодит амьдрал дээр хэрэгжихгүй, төрийн байгууллагууд мэдээллийг харилцан адилгүй ил тод мэдээлдэг.  Харин эсрэгээрээ мэдээллээ албаны нууцлал гэж тамгалаад, нууцалдаг учраас энэ хуулийг зайлшгүй өөрчлөх хэрэгтэй гэдэг үүднээс Засгийн газраас өргөн барьсан. Төрийн байгууллагууд өөрийн үзэмжээр байгууллагын нууцад мэдээлэл оруулдаг байсан бол нээлттэй, хязгаарлалттай, хаалттай гэж ангилж буй. Нээлттэй мэдээллийг хэн ч хаахгүй гэсэн үг. Тухайлбал, энэ хуульд нээлттэй байхаар заасан мэдээллийг албаны мэдээлэлд хамааруулж болохгүй гэж тусгасан. Түүнчлэн таван төрлийн 68 мэдээллийг байнгын ил тод байлгаж, шинэчилж байхыг төрийн албан тушаалтнуудад үүрэг болгосон. Ингэснээр Монголын гурван сая гаруй иргэн, аж ахуй нэгж, төрийн бус байгууллагууд мэдээллийг нээлттэй авах боломжтой болж байна. Жишээлбэл, сул орон тоогоо нээлттэй мэдээлэх, тендерт шалгарсан болон шалгараагүй мэдээлэл гэх мэт олон асуудлыг энэ хуулиар шийдэж байгаа.

Харин гэмт хэрэг, зөрчил шалган шийдвэрлэх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагааны явцад цуглуулсан мэдээлэл, төрийн хяналт шалгалтын явцад болон шийдвэр хүчин төгөлдөр болох хугацаанд цуглуулсан мэдээлэл, үндэсний аюулгүй байдалтай холбоотой зарим нэг асуудал, үндэсний соёл үнэт өвтэй холбоотой мэдээллийг хаалттай байхаар тусгасан. Өөрөөр хэлбэл, хаалттайгаас бусад нь нээлттэй байх зарчмыг Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд тусгасан. Мөн төр өөрт байгаа мэдээллээ иргэн, хуулийн этгээдээс шаардахгүй. Өмнө нь иргэний үнэмлэхээс эхлэн бүхий л мэдээллийг шаарддаг байсан.

"ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ ЗАДРУУЛСАН ТӨРИЙН АЛБАН ТУШААЛТАН ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭНЭ"

Дараагийн хууль бол Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль. Монгол Улсын Үндсэн хуулийн 13 дугаар зүйлд Иргэн халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан журмаас гадна дур мэдэн хэнийг ч нэгжих, хорих, мөрдөх, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. Хэн боловч эрүү шүүлт тулгаж, хэрцгий хандаж, нэр төрийг нь гутааж болохгүй, баривчилсан шалтгаан үндэслэлийг гэр бүл, өмгөөлөгчид нь хууль заасан хугацаанд нь мэдэгдэнэ. Иргэний хувийн ба захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална гэж заасан. Энэ заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийг шинэчлэн найруулж баталсан. Хүний хувийн мэдээлэл, хүний хувийн нууц мэдээлэл гэж хоёр ангилна.

Нууц мэдээллийг задруулж, асуудал үүсдэг байсан бол үүнийг задруулсан төрийн албан тушаалтан эрүүгийн хуулийн хариуцлага хүлээдэг болж байгаа. Иргэний хувийн нууцыг хуулиар хамгаална. Тодруулбал, хүний үндэс угсаа, шашин шүтлэг, итгэл үнэмшил, эрүүл мэнд, захидал харилцаа, генетикийн мэдээлэл, тоон гарын үсгийн хувийн түлхүүр, ял эдэлсэн эсэх, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, хүчирхийлэл, бэлгийн харьцааны талаарх мэдээлэл, эцэг эхийн нэр, өөрийн нэр төр, төрсөн он сар өдөр, төрсөн газар, оршин суугаа хаяг, байршил, иргэний бүртгэлийн дугаар, хөрөнгө, боловсрол, гишүүнчлэл, тодорхойлолт, хүнийг шууд болон шууд бус тодорхойлохыг хувийн мэдээлэл гэж тусгасан. Эхэнд дурдсан нь хувийн мэдээлэл байдлаар ялгаж өгсөн байгаа.

Цахим гарын үсгийн тухай хууль. Энэ хуулийг 2011 онд баталсан ч хэрэгжилт нь маш сул байсан. Өнөөдөр бид гэртээ сууж байгаад гар утаснаасаа мэдээлэл авах боломжийг энэ хууль бүрдүүлэх юм. Заавал иргэн цаас бариад төрийн албаны хаалга сахих ёсгүй.

Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль. Өмнө нь яллагдагч түүний эрх бүхий этгээдүүд гомдол гаргах эрхтэй байсан бол прокурорт эсэргүүцэл бичих боломжтой болж байна.

Мөн Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр Д.Гангабаатар шинээр томилогдсон. Мөн дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудал шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнээр олон нийтэд нээлттэйгээр сонгон шалгаруулж, томилсон. Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус таван гишүүнийг нээлттэй, хараат бусаар сонгон шалгаруулсан.

Хаврын чуулганаар Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Хууль зүйн туслалцааны тухай хууль, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль гэх мэт асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байна. УИХ-д өргөн баригдаагүй Иргэний хууль Захиргааны ерөнхий хууль, Дампуурлын тухай хууль гэх мэт том хуулийг хэлэлцэнэ.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:

-Байнгын хорооны гишүүд идэвх, санаачлагатай ажилласан. ХЗБХ-ны явуулж байгаа гол үйл ажиллагаа Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийг хэрэгжүүлэх бодлогыг тууштай хэрэгжүүлэх явдал. Ялангуяа шүүхийн тухай хууль "амилж" эхэлж байна. Шүүх эрхийн зөвлөл, шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүдийг томилох процесс шинэ жишиг тогтоолоо. Олон нийтийн мэдэх эрхийг хангаж, бидний алдаа дутагдал нээлттэй байх талаас бодит ажлыг хийсэн. Тэр дунд зарим нэг хүн хууль зөрчиж орсон юм биш үү гэж. Хуучин Шүүхийн зөвлөл гэж байхад таван гишүүний намтар байтугай нэрийг нь ч мэдэхгүй томилчихдог байлаа. Сахилгын хороо гэж байхгүй байсан бол одоо 10 хүнтэй хороо байна. Бид төсвийн асуудалд дэвшил гаргасан. Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороо, Хүний эрхийн үндэсний комисс тавих төсвийн асуудалд хатуу байр суурьтай байсан. Байнгын хорооны гишүүдийн идэвхтэй шаардлагаар энэ чиглэлд төсөв мөнгө нэмэгдсэн.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: 

-Нийтийн болон хувийн мэдээллийн тухай хуулийг хэлэлцэх үед маш олон  гишүүн төрийн болон албаны нууцын тухай хуулийг шинэчлэхгүйгээр энэ хууль бүтэн болохгүй гэдгийг хөндсөн.  Энэ чиглэлээр Засгийн газар санаачлан хуулийг төслийг оруулж ирэх үүрэг хүлээсэн. Хаврын чуулганаар оруулж ирэх байх. Учир нь Төрийн болон албаны нууцын тухай хуулиар Засгийн газар, харъяа яам агентлаг, төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлууд тухайн мэдээллийг албан нууцад өөрсдөө хамруулах эсэхийг бие даан шийддэг байсантай холбоотойгоор бүхий л мэдээллээ хаах явдал хавтгайрсан. Хоёрдугаарт, тухайн байгууллагын даргын үзэмжээр тамга дарсны төлөө түүнийг ил болгосон этгээд эрүүгийн хуульд зааснаар 2-8 жилийн хорих ял хүлээхээр байгаа. Энэ бол буруу. Нэг байгууллагын дарга юуг нууцлахаа шийдсэний төлөө нэг иргэн ял авч болохгүй. Тиймээс энийг засварлах шаардлагатай.

Үүнтэй холбоотойгоор 2021 оны гуравдугаар сарын 21-нд УИХ-ын гишүүн нэр бүхий гишүүд Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барьсан. Энэ хуулийг  төслийг хэлэлцэх эсэх асуудал нэг жилийн ой дээрээ хаврын чуулганаар хэлэлцэх эсэх талаар яригдана. Хуулийн төслийг өргөн барьсны дараа Ерөнхийлөгчийн сонгууль болж, хуулийн үзэл санаа мушгигдаж, тоглолт хийх , дэмжигдэхгүй байх нөхцөл байдал үүссэн. Гол өөрчлөлт бол худал мэдээлэл түгээх зүйл ангийг буцаагаад гүтгэх болгох гэж байгаа юм. Мэдээллийг санаатай болон санаагүй, зохион байгуулалттай түгээж байгааг ялгаж авч үздэггүй. Гэтэл мэдээлэл дутуу байдлаас алдаа гаргаж болдог. Хэвлэл мэдэээллийн байгууллагад мэргэжлийн алдаа гаргасны төлөө ял шийтгэл оноож болохгүй. Хоёрдугаарт, улс төрд нөлөө бүхий этгээд албаны бүрэн эрхээ хэрэгжүүлсэнтэй холбоотойгоор иргэдийн хардсан сэрдсэн үйлдэлд энэ зүйл ангиар хэрэг үүсгэхгүй гэдэг тайлбар оруулах. Зарим улстөрчид бид хүн биш юм уу гэж үзэж байгаа. Яагаад биднийг гүтгэж болно гээд байгаа юм бэ гэсэн. Албаны нэр хүндэд халдаж байгааг нь хувийн нэр хүндэд халдаж байгаагаас зааглаж байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж