Монгол, Хятад хоёр улсын дундын бүс дэх тэг цэгээс Замын-Үүд дэх "Бүс нутгийн ложистикийн төв"-д ирэх чингэлэгтэй ачааг хүлээн авах, ачиж явуулах ажил үргэлжилж байна. Эрээн өртөөнд саатсан импортын чингэлгүүдийг шуурхай татан авах үүргийг Шадар сайд С.Амарсайхан өгсөн. Ажлын алба тэг цэг дээрх чингэлгийг хоногт 50-иас багагүйгээр татан авахыг үүрэг болгосон билээ.
Гаалийн байгууллагаас гаргасан мэдэгдэлд 08:00-24:00 цаг хүртэл ажиллаж, гаалийн бүрдүүлэлтийг 09:00-24:00 цагт хийж байна гэжээ. Ачаатай чингэлгийн мэдээллийг "УБТЗ-ХНН"-ын вэб сайт болон мөн "Тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо"-ны цахим хуудсаас авах боломжтой аж.
Цар тахлын үед хилийн боомтын үйл ажиллагааг хэвийн явуулах, экспорт, импортын ачаа тээврийг эрчимжүүлэх үүрэг бүхий Шадар сайдаар ахлуулсан Ажлын хэсэг Замын-Үүд боомтод ажиллаж, тодорхой зохион байгуулалтуудыг газар дээр нь хийгээд ирсэн. Түүний дагуу нэгдүгээр сарын 11-нээс хилийн боомтын үйл ажиллагаа жигдэрч, 49 чингэлэг бүхий 1000 гаруй тонн ачаа барааг Эрээний боомтоос татан авсан бөгөөд хүнс болон бусад бараа, бүтээгдэхүүн зэрэг бүх төрлийн ачаа байгаа юм.
Өчигдрийн тухайд хилийн тэг цэгээс нийт 51 чингэлэг татан авчээ. Эдгээр чингэлгүүдэд төрөл бүрийн түүвэр ачаанаас гадна эмнэлгийн хэрэгсэл, өргөн хэрэглээний ачаа бараа байгаа аж. Хилээр нэвтрүүлсэн ачааг Бүс нутгийн ложистикийн төвийн Гаалийн хяналтын бүсийн хяналтад хүлээн авсан байна. Үүнээс таван чингэлэг ачааг Гүний гаалийн хяналтад илгээжээ.
Хятадын хилийн Эрээн боомтод гурван сар орчим саатсан ачаа тээврийг яаралтай хил нэвтрүүлэх арга хэмжээний хүрээнд халдвар хамгааллын дэглэм сахиулах үүднээс хоёр улсын хилийн голд тэг цэг байгуулан, чингэлэг тээврээр ачаа барааг нэвтрүүлэх горимд шилжүүлж, тээврийн хэрэгслийн жолооч нарыг хилийн цэрэг, онцгой байдлын байгууллагаас дайчилж, нэгдсэн зохион байгуулалтад оруулан ажиллаж байгаа юм.
Холбоотой мэдээ