Одоогоос долоон жилийн өмнө хүсэл мөрөөдлөө биелүүлэхээр Монголд ирсэн Мина Тамура өдгөө монгол хүнтэй гэр бүл болон амьдарч байна. Түүний ханийг Б.Төгөлдөр гэдэг. Тэднийг ДБЭТ-ын балетчин хос гэдгээр нь уншигч та бүхэн сайн мэдэх биз. Минатай монгол ёс заншлын талаар ярилцаж, Монгол бэр болсон дурсамжаас нь хуваалцлаа.
-Гэр бүлээрээ Японд амьдарч байгаа гэсэн үү. Монголд хэзээ ирэх вэ?
-Японд нөхөр, хоёр хүүхдийн хамт амьдарч байна. Би Монголын Дуурь бүжгийн эрдмийн театрт балетчнаар ажиллаж байгаад жирэмсний амралтаа авсан. Бид бага охиноо Японд төрүүлсэн. Энд нөхрийнхөө визийг сунгуулахаар ирээд, түр хугацаанд амьдарч байна. Ирээд жил гаруй болж байна. Саяхан жижигхэн балетын сургалт нээж, хүүхдүүдэд багшлах болсон. Удахгүй Монголдоо очих төлөвлөгөөтэй байгаа.
-Анх Монгол Улсыг зорин ирэх болсон дурсамжаасаа хуваалцаач?
-Би өмнө нь Америкт нэг жил, Францад хоёр жил суралцсан. Токиод балетын хувийн компанид ажиллаж байгаад хүүхдэд балет заах сонирхолтой болсон юм. Тэгсэн Монголд ажилладаг япон найз маань “Монголын дуурийн театрт бүжиглэх боломжтой” гэж надад хэлсэн. Тэгээд л Монголын талаар юу ч мэдэхгүй мөртлөө шууд зориод очсон.
Анх 2014 оны есдүгээр сард Монголд Дуурийн театрт орох шалгалт өгөхөөр хоёр гурван хоногийн хугацаатай ирж байсан. Тэгээд багш маань “Театрт ажиллаж болно” гээд, тухайн оны арваннэгдүгээр сараас суурин амьдарч эхэлсэн дээ. Учир нь Японд балетчин байх, мэргэжлээрээ ажиллах их хэцүү. Өөрсдөө тасалбараа зарна, цалин багатай байдаг. Бэлтгэл хийхдээ хүртэл төлбөр төлдөг. Харин Монголд улсаас тогтмол цалин өгч, уран бүтээлчид нь тусгай өрөө, ширээтэй. Бэлтгэлдээ бүрэн цагаа зарцуулж, мэргэжлээрээ ажиллах боломжтой байсан учраас маш сайхан санагдсан.
–Ижил мэргэжилтэй хос анх хэрхэн танилцаж байв?
-Бидний талаар хүмүүс мэдэх байх. Манай нөхрийг Б.Төгөлдөр гэдэг. Бас балетын жүжигчин мэргэжилтэй. Манай япон найз “Чамайг Монголд очиход машинтай хүмүүс тосно” гэсэн. Одоо бодохоор тэр машинтай хүн нь ирээдүйн нөхөр маань байсан. Анх хоёулаа шууд танилцаагүй ч онгоцны буудал дээр уулзсан. Тэр цагаас хойш надад маш их тусалж, байнга дэргэд байдаг байсан. Зааланд бэлтгэл хийсэн ч хамт дасгал хийнэ.
Тэгсэн мөртлөө юу ч дуугарахгүй. “Сайн уу” гээд л хоорондоо мэндэлнэ. Нэг л мэдэхэд найзалж, хамт амьдардаг болсон доо. Бид одоо хүү, охинтой. Манай том хүү Японд төрсөн мөртлөө монгол нэртэй. Өвөө, эмээ нараас нь асууж байгаад япон хэл рүү хөрвүүлж Т.Эзлэн гэж нэр өгсөн. Харин охиндоо Т.Марин гэдэг япон нэр өгсөн.
-Монголын талаар юу ч мэдэхгүй ирээд, хань ижилтэй болсон гэдгээ аав, ээждээ хэлэхэд хэрхэн хүлээж авсан бэ?
-Манай ээж балет үзэх дуртай. Намайг Монголд ирсний дараа 2015 онд аав, ээж маань анх Монголд ирж байсан. Тэр үед театрт “Хунт нуур” балет үзээд, манай нөхрийг хараад “Их сайхан залуу байна” гэхэд нь би дотроо “Миний найз залуу” гэж бодож суусан. Гэхдээ ээжүүд мэдэрдэг юм байна лээ. Тэр үеэр ханийгаа анх аав, ээжтэйгээ танилцуулсан.
Дараа нь цагаан сар болоход би Япон руу явж, ээждээ найз залуутай болсноо хэлэхэд “Тийм байх аа” гээд их баярласан. Бид хоёр 30 гарахаараа хаана ч хамаагүй балетын сургуулиа нээх талаар ярьж байтал хүүхэдтэй болсноо мэдсэн. Манай аав бүр юм дуугарч чадахгүй шоконд орсон бол ээж минь их баярлаж хүлээж авсан.
-Хэдий Азийн орнууд ч гэсэн соёл, ёс заншлын ялгаа гарна биз?
-Манай нөхөр яг япон хүн шиг. Би монгол хүн шиг байдаг. Нөхрийнхөө виз сунгуулах гээд очихоор зарим хүмүүс “Намайг монгол хүн гээд, нөхрийг маань Япон улсын иргэн” гэдэг. Бид хоёрт ёс заншлын ялгаа бараг гардаггүй. Японд бол хамаатан саднаараа тэр болгон уулзаж, ойр дотно байдаггүй. Өөрийн аав ээж, өвөө эмээтэйгээ л уулздаг. Монголын цагаан сарын баяраар ах дүү, хамаатан садныдаа зочилж, халуун ам бүлээрээ сайхан уулздаг нь маш их таалагддаг.
Бас Японд айлд зочлохдоо өдөр, цагаа товлодог бол Монголд хэзээ ч хамаагүй айлд очиход сайхан дайлдаг. Тиймээс би Японд очихдоо ойр дотны хамаатан садантайгаа уулзахыг хичээдэг болсон.
-Таныг монгол ёс уламжлалаар бэр гуйсан уу?
-Би 2017 онд анхны хүүхдээ Японд төрүүлнэ гээд явчихсан байсан. Хүүгээ төрүүлээд нэг сар болж байтал өвөө эмээ нь, хамаатны нэг эгчтэй бэр гуйхаар Японд ирсэн. Настай хүмүүс ядарчихна гэхэд “Заавал бэр гуйх ёстой” гээд Хирошима хотод гэрт маань ирж байлаа.
Хамгийн хөгжилтэй нь япон, монгол хэл мэддэг хүн нь ганцхан би. Тийм учраас өөрөө орчуулагч хийж, “Одоо ингэе гэнэ. Аав энийг авах ёстой гэж байна” гээд бэр гуйж байлаа/инээв/.
-Монголоор тун сайн ярих юм аа?
-Хүмүүс надаас монгол хэл яаж сурсан бэ гэж их асуудаг. Монгол хүмүүс намайг хэл мэдэхгүй байхад дохио зангаагаар ойлголцож, найрсагаар хүлээж авсан. Монгол хүний найрсаг зан нь үнэхээр их таалагдаж, Монголд амьдарч болох юм байна гэсэн итгэл төрсөн.
Монголчууд их нээлттэй харилцдаг болохоор хэл сурахад нөлөөлсөн. Монголын бэр болсондоо маш их баяртай байдаг.
-Монгол бэрд ёс заншил, соёлын ялгаанаас болж хөгжилтэй явдал хэр тохиолдож байв?
-Би монгол хоол идэх дуртай, сайн хийж чаддаггүй. Одоо хоол хийхдээ харьцангуй сайжирсан. Жишээлбэл, хийцтэй цай, бууз, мантуун бууз хийж сурсан. Нэг жил хадам аавынх цагаан сарын буузаа хийж байтал "Би чадна" гээд чимхсэн чинь муухай хэлбэртэй болчихсон. Тэгсэн хүмүүс намайг шоололгүй “Ямар мундаг юм бэ” гээд надад урам өгч, зааж өгсөн.
Бас нэг өдөр гэртээ мантуун бууз хийж, туршиж байсан чинь хөдөөнөөс хамаатных нь эгч ирсэн. Тэгээд сандарч, мантуун буузаа амсуулахад “Дажгүй л амттай бууз болсон байна” гэж хэлсэн. Японд цагаан сарын баяр тэмдэглэдэггүй. Шинэ он гарсны дараа нэгдүгээр сарын эхний долоо хоногт үндэсний хоолоо хийж, амардаг. Япончууд их ажилладаг учраас жилийнхээ ажлаа дүгнэж, амралтын байдалтай тэмдэглэдэг. Харин Монголд ах дүү, хамаатан садныхаараа зочилж, бэлэг өгдөг.
-Хосуудын цаашдын зорилго, хүсэл мөрөөдлийг сонирхвол?
-Бид хоёр дэлхийн олон орноор аялахыг хүсдэг. Бас хүүхдүүдийнхээ хүсэл мөрөөдлийг дэмжихийг хичээх болно.
Холбоотой мэдээ