Хуучирсан мэдээ: 2022.01.24-нд нийтлэгдсэн

РЕДАКЦИЙН ЗУРВАС

МАН-ын ХОЁР НҮҮР!

МАН-ын ХОЁР НҮҮР!

Ардчилал, хүний эрх, эрх чөлөөнд халтай үйлдлийг таслан зогсоож, авлигатай тэмцэнэ

/МАНын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн хэлсэн үгээс/

Ердөө сарын өмнө, 30 дахь Их хурлаараа эрх баригч МАН хүний эрх, эрх чөлөөг дээдлэхээ илэрхийлж байлаа. Атал амлалтынх нь цуурай намжаагүй шахам байхад хүний эрх, эрх чөлөөнд бүдүүлгээр халдах нь хэвийн үзэгдэл болов.

Нэг.

Улаанбаатар хотод түүхий нүүрс түлэхийг хориглосон Монгол Улсын Засгийн газрын 2018 онд баталсан 62 дугаар тогтоолыг зөрчиж буй эсэхэд хяналт тавихаар хууль, хүчнийхэн гэр хороололд шалгалт хийж, айлын хашаа, байшин “нэгжиж” яваа зураг өнгөрөгч амралтын өдрүүдэд олон нийтийн сүлжээнд цацагдав. Уулан дээрээс яндан дурандах цагдаа нарыг харахаар инээдтэй ч юм шиг. Төрийн нэр барьж түрэмгий, дээрэнгүй аашилж буйг нь үзэхээр эмгэнэлтэй ч юм шиг. Цагдаа нарт тушаал, даалгавар өгсөн цаад дарга нарынх нь бодож олсон аргыг бодохоор бүр гунигламаар ч юм шиг.

Уг нь цагдаа олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй. Гэвч яндан дурандах нь тэдэнд илүү ашигтай ажил агаад түүхий нүүрс түлсэн “онц, ноцтой гэмт хэрэгтэн"-ийг илрүүлж, баривчилсан тохиолдолд нэг сая төгрөгийн урамшуулал авна.

БОАЖ-ын сайд болсныхоо маргааш сайжруулсан түлшний чанарт шалгалт хийсэн Б.Бат-Эрдэнэ яндангийн утаа судлахаар болсон тухай “гол усаар” нэг шуугилаа. Тэрбээр шинэ “гэмт хэрэг” илрүүлсэн нь өвөл 500 мянган машин гадаа хонодгоос болж угаар ялгаруулж буй тухай.  Улаанбаатарын утааг бууруулж дөнгөхгүй ч уйдаахгүй хөгжөөхдөө манай дарга нар гаргууд хойно, нэмэгдэхүүний байрлалыг сольсон ч нийлбэр дүнд өөрчлөлт гарсангүй.

Уул шугамандаа утаа гаргагчидтай биш утаатай тэмцэх ёстой л доо. Хүнтэй биш асуудалтайгаа тэмц гэсэн үг. Гэтэл манайхан асуудалтайгаа биш иргэдтэйгээ тэмцэх нь ихсэв. Иргэд ороолтоо шатаалаа, түүхий нүүрс түллээ, машинаа халаалаа л гэнэ. Одоо яая гэх вэ, бидний сонгосон дарга нар шүү дээ.

Хоёр.

Айлын зуух “нэгжиж”, яндан дурандах болсон хууль, хүчнийхэн удахгүй хөнжлийг чинь сөхөж, ор дэрэнд чинь “үзлэг” хийвэл гайхах хэрэггүй биз. Буудалд учирсан хоёрыг илрүүлж, байцаадаг, олон нийтэд жигшээдэг Монголын цагдаа нарын туршлага бас хаачих билээ.

УИХ-ын намрын чуулганаар баталсан Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай тогтоол хүний эрхийн зөрчил үүсгэх эрсдэлтэйг эрдэмтэн судлаачид анхааруулж буй.

Атал МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгийн “1990 оноос хойш шилжилт хөдөлгөөн замбараагүй явагдаж, энэ хэрээр цус ойртолт нэмэгдсэн. Захиргааны хэд хэдэн арга хэмжээ авах ёстой. Тухайлбал, төрийн албан хаагчдын сэлгээг тогтмол хийх, хөдөөд ядаж сумаасаа биш юм гэхэд нэг багийн иргэд бие биетэйгээ гэр бүл болохыг хуулиар хориглох боломжтой гэж үзэж байгаа. Удамшлын өвчин газар авч байна, үүнийг таслан зогсоохын тулд дээрх арга хэмжээг авах нь зөв” гэх хэвлэлд өгсөн байр сууриас харвал эрх баригчид цаашдаа иргэдийнхээ хэнд дурлаж, хэнтэй гэрлэж, хэнтэй “юу, яахыг” нь хянаж, цагдахгүй гэх баталгаа алга.

Үндсэндээ төрийн зөвшөөрөлгүйгээр хайртай хүнтэйгээ гэрлэх эрхгүй болох нь байна, МАН-ынхны үг, үйдлээс харвал.

Цаашлаад олон, цөөн, чанартай, чанаргүйгээр нь төрүүлсэн хүүхдийг чинь төр ялгаварлаж, бүр Эрүүгийн хэрэгтэн ч болгож мэдэх нь, Ж.Чинбүрэнгийн “Гадаад улсад удам доторх гэрлэлтийг эрүүгийн гэмт хэрэг гэж үздэг, хуулийн хариуцлага хүлээлгэдэг жишиг байна. Бид ч ийшээ явах хэрэгтэй” гэснээс харвал.

Гурав.

АТГ-аас өнгөрөгч долоо хоногт УБТЗ нийгэмлэгийн Дотоод аудит, хяналт шалгалтын албаны орлогч дарга Ж.Пунцагийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдаас хахууль авсан гэх үндэслэлээр 48 цаг албадан саатуулаад суллажээ. Шүүх түүнийг цагдан хорихгүйгээр гадуур шалгаж болно гэж шийдвэрлэсэн бололтой.

Гэтэл НҮБ-д гомдол гаргасан Б.Чулуудайн ил захидлаас харахад Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүлд дөрвөн жилийн хорих ял оноосон шүүхийн тогтоол бараг 40 хонож байхад гараагүй, шүүгдэгч болон түүний өмгөөлөгчид гардуулж өгөөгүй байгаа аж.

Ж.Пунцаг, Э.Бат-Үүл хоёрын асуудал үнэндээ тэнгэр, газар шиг зөрүүтэй юм. Ж.Пунцаг нь албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдын ачааг оочер дайруулсныхаа төлөө 500 сая төгрөг авдаг байж болзошгүй талаар Төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Баяраа баримт нотолгоотой нь ярих болсон. Ж.Пунцагийг төмөр замд УБТЗ-д “хөтлөж” оруулсан Б.Цогтгэрэл нь УИХ-ын даргад зөвлөж яваа.

Тэгвэл Э.Бат-Үүл Улаанбаатарын утааг бууруулах ажлыг эхлүүлж, гэр хорооллыг дахин төлөвлөлтөд оруулах бодлого хэрэгжүүлснийхээ төлөө шоронд хоригдсон. Эндээс харвал шүүх хоёр нүүртэй хэвээрээ байна. Наанаа хүний эрх, эрх чөлөөг хамгаална, авлигатай тэмцэнэ гэж амлах авчиг цаанаа халаасандаа салаавчтай суух МАН бас мөн адил.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
5
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж