Цагаан сар хаяанд ирж, баярын гол зоог болох бууз, тавгийн шүүсээ бэлдээд айл бүр завгүй. Тахлын улмаас бүтэн хоёр жил хоригдож, цагаан сараа зочидгүй угтсан монголчууд энэ жил эрвийх дэрвийхээрээ уламжлалт баяртаа бэлдэж байна.
Баярын уур амьсгал орсон энэ үе зах худалдааны төвүүд хүмүүсийн хөл хөдөлгөөнд дарагдаж, наймаачдын халаас ид зузаардаг цаг. Гэвч хүмүүс урьд жилүүдийнх шиг хувцас, гэрийн тавилга, төмөр хүлгээ шинэчлэхэд ач холбогдол өгөхөө больжээ. Машин талх шиг зарагдахаа больж, наймаачид долоо хоногтоо нэгийг л зарвал "ёндоо" нь тэр болсон аж.
Иргэдийн өргөнөөр үйлчлүүлдэг "Да хүрээ" захаар орвол ченжүүд “сезон” гэдгийг мартаж, худалдан авалт буурсныг хэлж байлаа.
Тус зах дээр олон жил машин худалдаалж буй иргэн Н.Төгөлдөр “Цагаан сар дөхөх үеэр борлуулалт сайн байдаг байсан. Энэ жил худалдан авалт маш муу байна. Ойрд машин зарсангүй. Өнөөдөр бас ганц ч машин зарж чадсангүй. Хүмүүсийн дийлэнх нь 20-30 сая төгрөгийн хооронд машин сонирхож байна. Гэвч тээврийн зардал нэмэгдсэн учраас нэг машины үнэ дунджаар таван сая төгрөгөөр өссөн. Тиймээс машин худалдан авахаас илүү сонирхох нь олон. Дээр нь бэлэн мөнгөөр машин худалдан авах хүн цөөхөн. Дийлэнх нь урьдчилгаа 20-30 хувиа бүрдүүлсэн, лизингээр машин худалдан авах сонирхолтой байна” гэлээ. Түүний хувьд Crown, Forester загварын автомашин борлуулдаг. Тухайлбал, Crown загварын автомашин үйлдвэрлэсэн он, өнгөөсөө хамаарч 35-39 сая төгрөгийн үнэтэй байна.
АВТОМАШИНЫ ҮНЭ НЭГ САРЫН ДОТОР 4-8 САЯ ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЖЭЭ
Ченжүүд зарж буй автомашинаа зүлгэхээс өөр ажилгүй, хүнгүй шахам болсон зах нам гүм. Зуны улиралд Үндэсний их баяр наадам, өвөл шинэ жил, цагаан сар дөхсөн үед л машин гүйлгээтэй байдаг бол энэ жил машины борлуулалтад баярын уур амьсгал ч нөлөөлөхөө больсон нь харагдаж байна.
Ийм боловч сар шинийн баяр дөхсөнтэй холбоотой юу, автомашины үнэ нэг сарын дотор 4-8 сая төгрөгөөр нэмэгджээ. Шатахуун бага зарцуулдаг гэх утгаар монголчуудын дийлэнх нь унадаг "Приус" маркийн автомашин дунджаар 27-40 сая төгрөгийн үнэтэй байна.
Монголдоо л он залуутайд тооцогдох 2012 оны “Приус-20″ загвар 25-27 сая төгрөг, “Приус-30″ загвар 30-35 сая, “Приус-40″ загвар 35-43 сая болтлоо өсчээ. Өмнөх оны арванхоёрдугаар сард “Приус 20” 18-20 сая, “Приус 30” 22-25 сая, “Приус 40” 29-34 сая төгрөгийн үнэ ханштай байв. Үнэ өссөн шалтгааныг ченжүүд тээврийн зардалтай холбон тайлбарлаж байв. Тэдний төлөөлөл ийн ярилаа.
НЭГ АВТОМАШИНЫ ЗАРДАЛД 5-6 САЯ ТӨГРӨГ ТӨЛДӨГ
Иргэн Д.АЛТАНГЭРЭЛ:
-Дэлхийн зах зээлд хуучин машины эрэлт нэмэгдсэн ч нийлүүлэлт буурсан. Японд төдийгүй АНУ-д машины үнэ өссөн. Мөн тээврийн зардал дөрөв дахин нэмэгдсэн учраас машины үнэ өссөн. Нэг машины тээврийн зардалд 5-6 сая төгрөг төлж байна. Үндсэн зардлын үнээ “шингээж”, энд машин зарахаар хүмүүс үнэтэйг нь гайхах нь ч аргагүй. Машины үнэ нэмэгдсэн болохоор хүмүүс худалдан авч чадахгүй байгаа бололтой.
Өдийд л машин гүйлгээтэй байдаг үе. Цагаан сар дөхөж, машинаа шинэчлэх гэсэн, орон нутгаас ирсэн иргэдийн хөл хөдөлгөөн ихэсдэг байсан. Энэ жил хөл хориогүй ч хоосон шахам л байна. Миний хувьд сүүлийн нэг сард ганц машин зарлаа. Гэхдээ бэлэн мөнгөөр машин худалдан авах нь цөөхөн.
Хүмүүсийн 90 хувь нь банк болон банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулан зээлээр машин авдаг” гэлээ. Түүний яриаг батлах мэт зах дээр эгнэсэн автомашинуудын цонхонд “Саяхан орж ирсэн, бүх банк, ББСБ” гэж утасны дугаар бичсэн үг сүүлийн жилүүдэд нүдэнд дасал болжээ. Иргэдийн дийлэнх нь банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулан машин лизингдэж авдаг болохыг ченжүүд хэлж байв. Учир нь банкны зээл хүү багатай ч шаардлага хангахгүйн улмаас тэнцэхгүй нь олон тул өндөр хүүтэй ч богино хугацаанд зээл олгодог банк бус санхүүгийн байгууллагад хандах нь түгээмэл аж.
ИРГЭД: АВТОМАШИН ТООЦООЛСНООС ҮНЭТЭЙ БАЙНА
Цагаан сараар хөл дүүжлэх унаатай болох гэсэн хүмүүс хөлийнхөө улыг эргэтэл нааш цааш дэмий л алхана. Хоорондоо үнэтэй байгааг нь ярина. Уг нь фэйсбүүк, зарын сайтаас автомашины үнэ судлах боловч зах дээр тооцоолсноос нь үнэтэй байгааг худалдан авагчид хэлж байв. Иргэн Д.Тунгалаг “Машин хэрэглээ болсон учраас автобусаар ажил амжуулна гэж байхгүй. Цагаан сараар ч бас хөдөө аав, ээж дээрээ очиж золголгүй удлаа. Энэ жил хөл хорихгүй учраас баяраас өмнө машинаа авахаар олон хоног үнэ ханшийг нь судалж, зах дээр ирж байна. Тооцоолсноос үнэтэй 1-3 сая төгрөгөөр илүү байна. Уг нь “Приус-20” сонирхож байгаа юм. Миний бодлоор 25 сая төгрөгт авчих болов уу гэж тооцсон ч ихэнх нь 27 сая төгрөгийн үнэтэй байна. Одоо мөнгөндөө тааруулж япон машин авна даа” гэж байв. Мөн орон нутгаас нийслэлийг зорьсон иргэд ч цөөнгүй байлаа.
Хэнтий аймгийн харъяат иргэн Н.Баярбаатар “Приус-20 маркийн автомашин 27 сая төгрөгөөр авлаа. Маш үнэтэй байна. Тооцсоноос хоёр сая төгрөгийн нэмэгдэлтэй байна.
Уг нь фэйсбүүк, зараас хараад 25 сая төгрөгт машин авчих болов уу гэж бодсон. Өмнө нь "Приус" 10-10.5 сая төгрөгийн л үнэтэй байсан шүү дээ. Машинтай болъё гэж бодсоор байгаад машин үнэд орсон үед л авч таарлаа” гэв.
Тэрбээр эхнэрийн хамт машин авахаар Хэнтийгээс ирсэн даруйдаа “Да хүрээ”-г зорьжээ. Түүний хувьд бэлэн мөнгөөр тооцоо хийж байгаагаа хэлсэн. Сувдан цагаан шинэхэн хүлгээрээ гэрийнхээ зүг жолоо залахаар машиндаа сууж хөдлөв.
ЦАГААН САРААР АВТОМАШИН ХАМГИЙН ГҮЙЛГЭЭТЭЙ БАЙЖЭЭ
Худалдаачид тээврийн зардлаас шалтгаалан автомашины үнэ хэд дахин нугарсныг хэлж байна. Дунджаар 30 сая төгрөгийн үнэтэй суудлын автомашин 45 сая төгрөг, жийп загварын 55 сая төгрөгийн үнэтэй автомашин 88 сая болжээ.
Нөгөө талд машины үнэ нэмэгдсэн төдийгүй хил дээр автомашин болон сэлбэг олон сар гацах болжээ. Ченжүүдийн зарим нь өнгөрсөн оны зургадугаар сард захисан автомашинаа нэгдүгээр сарын эхээр татан авсан бол нэг хэсэг нь одоо ч машингүй байгаа аж. Бусдын машиныг түрдээ борлуулах болсон гэнэ.
Энэ тухай худалдаачдын нэг болох Н.Дашдаваа “Машин үнэд орсноос гадна хилээр орж ирэхгүй байна. Жишээ нь, тавдугаар сард ачуулсан машин оны дараа бууж байна. Найман сар хүлээсний эцэст гар дээрээ машинаа авч байгаа юм. Энэ хугацаанд орлогогүй ч гэсэн бусдаасаа зээлж түрээсээ төлнө, банкны зээлээ төлнө, ар гэрээ тэжээнэ. Амьд хүн аргатай гэдгийн үлгэрээр л бүх зардлаа зохицуулна. Дунджаар 10-20 хоногт нэг машин борлуулна гэж тооцоод л машинаа захидаг юм. Надаас гадна одоо ч машинаа гар дээрээ аваагүй, орлого нь тасарсан хүмүүс олон байна. Машин нь байхгүй зүгээр зогсолтой нь биш бусдынхаа машиныг зараад амьдарч байна л даа. Ер нь тээвэрлэлт маш хэцүү болсон” гэв.
ЦАГААН САР ДӨХСӨН Ч ХУДАЛДАН АВАЛТ УРЬД ЖИЛҮҮДИЙНХЭЭС МУУДСАН
Цар тахлаас өмнө сар шинийн баяр дөхсөн үед “Да хүрээ” зах дээр борлуулж буй автомашины 60-70 хувь зарагддаг байсан үетэй харьцуулахад эрс муудсаныг тус захын менежер хэлэв. Тэрбээр
-Автомашины хамгийн борлуулалттай үе наадам, шинэ жил, цагаан сар байдаг. Үндэсний хэмжээнд тэмдэглэдэг наадам, цагаан сар дөхсөн үед автомашины 70 хувийг борлуулдаг байсан. Энэ жилийн хувьд худалдан авалт урьд жилүүдийнхээс муу байгаа нь автомашины үнэ нэмэгдсэнтэй холбоотой.
Үнэ өсөхөд нөлөөлж буй хамгийн гол хүчин зүйл нь хомсдол. Манай төвийн зарим зогсоол хоосон, түрээслэгч нар машинаа авч чадалгүй хүлээж байна. Өнгөрсөн оны зургадугаар сард автомашинаа захисан ч өнөөдрийг хүртэл нэг ч машингүй бизнес эрхлэгч маш олон байна.
“Да хүрээ” зах дээр импортын машин худалдаалдаг учраас тээвэрлэлттэй холбоотой автомашины үнэ өссөн. Ачаа тээвэрлэлтийн зардал 3-4 дахин өссөн учраас автомашины үнэ үндсэн үнээсээ багадаа 5-10 сая төгрөгөөр нэмэгдсэн. Үнэ өссөн нь тээврийн зардлаас гадна Япон дахь машины үнэ нэмэгдсэнтэй холбоотой. Хэдийгээр худалдан авалт буурсан ч шатахуун бага зарцуулдаг учраас “Приус" маркийн автомашиныг л хүмүүс авч байна. Харин их шатахуун зарцуулдаг жийп загварын автомашины борлуулалт жилээс жилд буурч байна гэлээ.
Автомашины импорт нэмэгдэж, тээврийн зардал хэвийн байгааг Гаалийн ерөнхий газраас мэдээлсэн. Тус газрын Статистик мэдээллийн хэлтсийн дарга Э.Лхагвасүрэн “Автомашин болон сэлбэгийн импорт хэвийн байна. Автомашиныг голчлон төмөр замаар импортлож байгаа тул тээврийн зардал нэмэгдсэн гэж үзэхгүй байна" гэсэн юм.
Тодруулбал, энэ оны нэгдүгээр сард улсын хилээр 4452 суудлын автомашин импортолжээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 442 ширхэг автомашинаар нэмэгдсэн үзүүлэлт аж. Бодит байдал дээр автомашинаа ачуулсан ч гар дээрээ аваагүй он дамнан хүлээсэн, тээврийн зардал нэмэгдсэнээр машины үнэ өссөнийг “Да хүрээ” захын наймаачид, бас худалдан авагчид хэлж байгаа юм.
ГЭРЭЛ ЗУРГИЙГ Л.ЭНХ-ОРГИЛ
Холбоотой мэдээ