Италийн Сери А лигийн 23 дугаар тойргийн тоглолтууд өнөөдөр шөнө 03:45 цагаас болно. Энэ тойргийн хамгийн онцлох тоглолт АС Миланы эсрэг Ювентус. Улаан харуудын хувьд лигийг тэргүүлж буй Интерээс оноогоор холдохгүйн тул заавал хожих ёстой бол Ювентус мөн л хожил байгуулж ирэх жилийн Аваргуудын лигийн эрхийг авахыг зорьж буй. Уг тоглолтын өмнө бид Россонеричуудын төдийгүй Сери А лигийн өсөх ирээдүйтэй залуу тоглогч Рафаэль Леаог онцолж байна. Тэрбээр өнгөрсөн улирал Сассуоло багийн эсрэг Сери А лигийн түүхэн дэх хамгийн хурдан гоолыг зургаан секундын дотор оруулсан бол энэ улирал 43 удаа амжилттай хууралт хийснээрээ Сери А лигийг тэргүүлж байна.
Рафаэль Леао энэ улирал Миланы төлөө 23 тоглолтод оролцож найман гоол оруулаад байна.
Португаль довтлогч өөрийн бага нас, тамирчны замнал, форм, Кристиано Роналдо болон Златан Ибрахимович нартай хамтран тоглох ямар байдаг, өнөөдрийн тоглолтын талаар "La Gazzetta Dello Sport" сэтгүүлд өгсөн ярилцлагыг хүргэж байна.
-Ювентустай хийх тоглолтын талаар?
-Маш чухал хоёр тоглолт. Гэсэн хэдий ч тэр тоглолтууд бол шийдвэрлэх тоглолтууд бишээ. Ювентустэй хийх тоглолт амар биш байх болно. Тэд эргүүлэн гоол хийх тал дээрээ хүчтэй баг. Бид талбай дээрээ хийж буй давуу талынхаа хэргийг гаргах хэрэгтэй. Өнөөдрийн тоглолтод ердөө таван мянган хөгжөөн дэмжигчид үзэх боломжтой ч гэсэн тэд биднийг дэмжих болно. Бид эргэн хожиж эхлэх хэрэгтэй. Бид энэ тоглолтод бэлэн байна.
-Ювентустай хийх тоглолтдоо хэрхэн бэлтгэж байна?
-Би өөрийн нүүр тулах өрсөлдөгчийнхөө зан характер дээр нь тулгуурлан хэрхэн нөлөөлж, хохирол учруулахыг ойлгохыг хичээдэг. Мөн түүнчлэн өөрийн зөн совин, мэдрэмжээрээ тоглоно. Би хууралт хийж тоглодог. Би үүнийг багаасаа л хийж ирсэн. Энэ зүйл надад байгалаас заяагдсан.
Паоло Малдинигийн талаар?
-Би бага байхдаа түүний тоглолтыг зурагтаар үздэг байсан. Тэр бол домогт тоглогч. Одоо тэр надад хэрхэн сайжрах талаар зөвлөгөө өгч байна. Би өөрийгөө их азтайгаар мэдэрч байна.
-Багийн чинь анд хамгаалагч Тео өөрөөс чинь хурдан гэж хэлж байсан. Энэ үнэн үү?
-Хурдны тал дээр энэ их сайхан өрсөлдөөн байх болно. Түүнтэй хамт тоглох маш сайхан байдаг. Тэр бол дэлхий хамгийн хүчтэй хамгаалагчдийн нэг. Би түүнтэй Милан багт удаан хугацаанд тоглоно гэж найдаж байна.
-Өөрийн ирээдүйн талаар?
-Миний гэрээ дуусахад хоёр жил дутуу байна. Ирээдүйд юу болохыг харж л байя. Би энд байхдаа зүгээр байна гэдэгтэй итгэлтэй байна.
-Шигшээ багтаа Кристиано Роналдо-тай харин клубын түвшинд Златан Ибрахимовичтай тоглож байна. Энэ талаараа?
-Тэднийг багт байхад бүх зүйл боломжтой. Би анхааралтай байж энэ хоёр аварга тамирчны хажууд өөрийгөө харуулахыг хичээдэг.
-Хэрэв чи Сери А лигт түрүүлбэл шивээс хийлгэх үү?
-Магадгүй. Юу болохыг харж л байя.
-Гэр бүлийнхээ талаар?
-Тэд нар маань миний хувьд амин чухал. Тэд намайг тоглолтын өмнө болон тоглолтын дараа ч дэмждэг. Гэр бүлийнхэн маань надад золиос гаргахгүй бол юунд хүрч чадахгүй гэдгийг зааж өгсөн.
-Португалийн Амора дахь Баирро де Ямайкад өнгөрүүлсэн бага насныхаа талаар?
-Тэнд байх хугацаандаа би бүх зүйлийг үзэж харсан. Би их хүнд орчин өсөн том болсон бөгөөд миний мөрөөдөл тэнд мөрөөдлөө биелүүлж чадаагүй хүүхдүүдийн нэгэн адил байсан. Миний өнөөдрийн энд хүрсэн маань тэнд өнгөрүүлсэн он жилүүдтэй маань холбоотой. Бөмбөг, найзууд, гэр бүлийнхэн маань намайг өнөөдрийн намайг бий болгосон.
-Златан Ибрахимович талаар?
-Тэр бол өнгөрснөө хэзээ ч мартдаггүй аварга тамирчин. Тэр үргэлж намайг эелдэг, шаргуу ажиллах хэрэгтэй болохыг сануулдаг. Ингэж л бид хөлбөмбөгийн гайхалтай тоглолтуудыг үзүүлж чадна.
-Өөрийн ахиц дэвшлийнхээ талаар?
-Би тогтмол тоглолт үзүүлдэггүй байсан. Магадгүй би эхний хагаст сайн тоглодог байсан байх. Харин одоо бол би илүү анхааралтай болсон. Би бүхэл 90 минутанд анхаарч тоглож байна. Би илүү олон гоол оруулж, олон гоолын дамжуулалт өгч байна. Би тоглолтон хандах хандлагаа өөрчилсөн.
-Сайжирсан нууцынхаа талаар?
-Хэд хэдэн зүйл бий. Би Сери А лигийг илүү сайн мэднэ. Би дасгалжуулагчаасаа болон хувийн бэлтгэл хангагчаасаа зөв хэрэгтэй зөвлөгөө авдаг. Багийнхан, дасгалжуулагч, клубийн зүгээс хэзээ ч надад итгэхгүй байгаа мэдрэмж авч байгаагүй. Үргэлж хамгаалтад байгаа мэдрэмж авдаг байсан.
-Тактикийн тал дээр хэрхэн сайжирсан бэ?
-Пиоли намайг ойлгосон. Тэр намайг өөрийн хууралт, хурдаасаа багт сайн үр дүн авчирч чадна гэдгийг мэддэг. Өмнө нь тактикийн тал дээр их анхаарал хандуулдаг байсан ч би тэр үед залуу, сахилга батгүй байсан. Одоо тэр надад их тайлбар хийдэггүй. Надад итгэдэг. Өрсөлдөгч багийнхан маань бөмбөгтэй байхад хүртэл намайг хийх ёстойгоо хийнэ гэдгийг мэддэг. Мөн түүнчлэн би төвийн довтлогч, найруулагчийн байрлал дээр тоглож байсан. Хэрэв хэрэгтэй гэж үзвэл би дахин эдгээр байрлалууд дээр тоглоход бэлэн байна. Гэхдээ зүүн жигүүр дээр тогло гэвэл энэ өөр хэрэг шүү.
-Лигийн аваргын төлөөх өрсөлдөөнд бэлэн үү?
-Тиймээ. Бид өнгөрсөн жилээ бодвол илүү ухаан сууж, нас биед хүрсэн. Лигийн аварга болох нь бидний зорилго бөгөөд Милан хотыг бүхэлдээ Россонери болсон байхыг хармаар байна. Би залуу байна. Гэхдээ талбай дээр өөрийгөө насанд хүрсэн, туршлагатай тоглогчоор мэдэрдэг. Манай багийн бусад залуу тоглогчид ч гэсэн ийм мэдрэмжтэй байдаг. Багийн дасгалжуулагч Пиоли бусад тоглогчид болох Тонали, Саелемайкерс нарт “Та нар зөвхөн иргэний үнэмлэх дээрээ л залуу шүү” гэж хэлдэг.
-Багийн дасгалжуулагч Стефано Пиоли өөрийг чинь Тьерри Анритай харьцуулсан талаар?
-Түүнийг ийм харьцуулалт хийсэнд талархаж байна. Бид агуу аваргын талаар ярьж байна. Гэхдээ би Рафа баймаар байна. Би өөрийн замаар явмаар байна. Би Неймар, Мбаппе нараас урам зориг авдаг. Милан багаас гэвэл Какаг их биширч хүндэлдэг.
-Зарим хүмүүс чамайг бага гоал оруулж байна гэж шүүмжилсэн талаар?
-Тэд буруу яриагүй байна. Би илүү олон гоал оруулж чадна, чадах ч ёстой. Би өдөр болгон шилдэг тоглогч болохын төлөө ажиллаж байна.
Холбоотой мэдээ