Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст өчигдөр/2021.01.22/ 20:30 цагийн орчимд ХУД-ийн долдугаар хороо Яармагийн "Шунхлай" шатахуун түгээх станцын замд "Toyota Raum" маркийн автомашины жолооч явган зорчигч мөргөсөн гэх дуудлага мэдээлэл ирсэн байна. Дуудлагын дагуу хэргийн газрын үзлэг хийхэд эхний нөхцөл байдлаар явган зорчигч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ замын гарцгүй хэсгээр гарч автомашинд мөргүүлж, улмаар автомашин онхолдсоныг тогтоожээ. Мөрдөн шалгалтын үйл ажиллагаа үргэлжилж байгааг албаныхан мэдээллээ.
Мөн жолоочийн согтолтын зэргийг шалгахад 0 хувьтай буюу согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, явган зорчигчийн согтолтын зэрэг 2.0 хувийн согтолттой гарсан байна. Явган зорчигчид эмнэлэгийн анхны тусламж үзүүлсэн бөгөөд биеийн байдал хэвийн байна.
Замын хөдөлгөөнд оролцогч та анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохын зэрэгцээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхээс татгалзах, хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг тээврийн цагдаагийн албанаас зөвлөж байна.
Холбоотой мэдээ