Улс төрийн томилгоо, омикроны давалгаатай долоо хоног

Хуучирсан мэдээ: 2022.01.23-нд нийтлэгдсэн

COVID-19

Улс төрийн томилгоо, омикроны давалгаатай долоо хоног

"Ньюс" агентлаг энэ долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлуудаас тоймлон хүргэж байна.


ШӨХТГ-ЫН ДАРГА БОАЖ-ЫН САЙД БОЛЖ, МХЕГ-ЫН ДАРГА ТҮҮНИЙ ОРОНД ТОМИЛОГДОВ

Засгийн газрын ээлжит бус хуралдаан Даваа гаригт /2022.01.17/ болж, БОАЖ-ын сайд Н.Уртнасанг багаар нь чөлөөлөх шийдвэр гаргасан. Тодруулбал түүнтэй хамт дэд сайд  Ц.Батбаяр, Төрийн нарийн дарга Д.Ганболд нарыг ч мөн чөлөөлсөн. Тэгвэл түүний оронд ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнийг томилов.

Мөн Засгийн газрын ээлжит хуралдаанаар Лхагва гаригт Мал эмнэлгийн газрын дарга Б.Ганзориг болон Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын дарга Б.Цэцэгсайханыг ажлын хариуцлага алдсан учраас албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан. Эдийн засгийн хөгжлийн дэд сайдаар Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогтыг, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар тус яамны газрын дарга Ж.Ганбатыг, Сангийн яамны газрын даргаар ажиллаж байсан Г.Түвдэндоржийг Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайдаар, тус яамны Төрийн нарийн бичгийн даргаар УИХ-ын Тамгын газрын дэд дарга Э.Баттулгыг, ШӨХТГ-ын даргаар Т.Гантулгыг, МХЕГ-ын дарга Т.Гантулгын оронд ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж буй Б.Баасандоржийг томилсон.  Харин Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар Хууль зүйн бодлогын газрын даргаар ажиллаж байгаа П.Сайнзоригийг томилов.

УИХ-ЫН НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН ӨНДӨРЛӨВ

УИХ-ын намрын ээлжит чуулган өндөрлөлөө. Энэхүү чуулганы хугацаанд нийт 243 асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн байна. УИХ-ын дарга Г.Занданшатар "Намрын ээлжит чуулганы хугацаанд УИХ 75 өдөр чуулж, байнгын хороод 97 удаа, дэд хороо тав, түр хороо есөн удаа хуралдсаныг онцлов. Намрын ээлжит чуулганаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэрэгжүүлэх чухал алхам хийн, 16 анхдагч хууль болон хуулийн шинэчилсэн найруулга, олон улсын таван гэрээ, хэлэлцээр соёрхон баталжээ. Түүнчлэн УИХ-ын 39 тогтоол баталсныг дурдлаа.

Дашрамд дурдахад, Монгол Улсын Үндсэн хуульд өнгөрсөн оны арваннэгдүгээр сард оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр УИХ-ын ээлжит чуулган ажлын 75-аас доошгүй өдөр хуралдахаар заасан. Энэ дагуу УИХ-ын намрын ээлжит чуулган жил бүрийн аравдугаар сарын 1-нд, хаврын чуулган гуравдугаар сарын 15-нд эхэлж буй юм. УИХ-ын 2022 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд 89 хууль, тогтоолын төсөл хэлэлцэхээр товлоод байна.

ОЛИМПОД ОРОЛЦОХ ЦАНЫН ХОЁР ЭРХ БАТАЛГААЖЛАА

Олон улсын цанын холбооноос олимпийн эрх олгох тэмцээний дүнг нэгтгэж, тамирчдын чансааг эцэслэн гаргав. Уг чансаагаар Монгол Улсаас гүйлтийн цанын төрөлд нэг эрэгтэй, нэг эмэгтэй тамирчин олимпийн наадамд оролцох боломжтой болсон тул "ISU"-ээс баталгаажуулах мэйлийг Монголын үндэсний олимпийн хороонд ирүүлжээ.

Монголын талаас нэгдүгээр сарын 24-ний дотор тамирчдын нэрийн мэдүүлгээ зохион байгуулах хороонд илгээх юм. Олон улсын цанын холбооны олимпийн эрх олгох цуврал тэмцээнд ОУХМ Б.Ачбадрах, А.Энхтуул нар амжилттай оролцож, олимпийн эрхийн нормативыг хангасан билээ. Б.Ачбадрахын хувьд дөрвөн жилийн өмнө Пёнчаны өвлийн олимпод мөн эрхээ аван өрсөлдөж байв. Бээжин-2022 өвлийн олимп ирэх сарын 4-ний өдөр эхэлнэ.

ШИНЭЭР ГУРВАН ЭЛЧИН САЙДЫГ ТОМИЛЛОО

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан Даваа гаригт болж, /2022.01.17/ Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцсэн. Шинээр томилогдох гурван Элчин сайдын хоёр нь Гадаад харилцааны яаманд 20 гаруй жил ажилласан туршлагатай бол нэг нь ХХААХҮ-ийн сайд асан байв. Тодруулбал,

  • Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Намсрайн Эрдэнэтуяаг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Эрдэнэцогтын Сарантогосыг томилохоор болжээ.
  • Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зоригтын Чинтүшигийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Кувейт Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Пүрэвийн Сэргэлэнг;
  • Монгол Улсаас Швейцарын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Даваасүрэнгийн Гэрэлмаа нарыг тус тус шинээр томилохоор болов.

"ХИЧЭЭЛ СУРГУУЛЬ ЭХЛҮҮЛЭХ САНАЛАА НЭГТГЭХ ҮҮРЭГ ӨГСӨН"

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг Лхагва гариг бүрт танилцуулдаг. Энэ үеэр Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээлэл хийсэн юм. Тэрбээр "Засгийн газрын хуралдаанаар хичээл сургуулийн нөхцөл байдлын талаар хэлэлцлээ. Энэ өдрүүдэд ерөнхий боловсрол болон их дээд сургуулийн оюутан, сурагчдын улирлын амралт үргэлжилж байгаа ч дөрөв, таван настнуудын цэцэрлэгийн үйл ажиллагаа үргэлжилж байна. Шинэ улирлын хичээлийг танхимаар бүрэн нээх эсэх асуудлыг өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн. УОК-ын Эрдэмтдийн зөвлөлийн өгч буй мэдээллээр хоёрдугаар сарын эхээр омикрон хувилбарын давалгаа оргил үедээ хүрэх тооцооллыг гаргасан. Тийм учраас БШУЯ-наас хичээл сургуулийг хэрхэн эхлүүлэх талаар гурван төрлийн санал танилцуулсан. Ерөнхий сайдын зүгээс ЭМЯ, БШУЯ, УОК саналаа нэгтгэх долоо хоногийн хугацаатай үүрэг даалгавар өглөө.

Өнөөгийн нөхцөл байдалд хөл хорио тогтоох шаардлагагүй. Одоогоор аль нэг байгууллагаас ийм санал ирээгүйг мэдэгдье. Ерөнхий сайдын зүгээс Засгийн газрын харъяа байгууллагын ажилчдыг 50 хувиар ажиллуулах УОК-ын саналыг дэмжээгүй. Тиймээс төрийн алба бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллах үүргийг өгсөн. Энэ жилийн сар шинийн баяраар төрийн золголт болохгүй бөгөөд төрийн байгууллагууд золголт хийхийг хориглосон. Иргэдийг цахимаар золгохыг Засгийн газраас уриалж байна" гэв.

 “ХАЛДВАРЫН ТОО 60 МЯНГАД ХҮРНЭ”

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс омикрон хувилбарын тархалтын талаар цаг үеийн асуудлаар энэ сарын 19-нд мэдээлэл хийсэн. Энэ үеэр  ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан "Цагаан сарын үеэр хөл хөдөлгөөнийг хязгаарлавал халдварын тархалт хэр буурах талаар тооцоо судалгааг хийж байгаа. Хэрэв хөл хөдөлгөөнийг 50 хувь бууруулбал халдварын тархалт хоёр дахин буурна.

Хөдөлгөөнийг хязгаарлахгүй бол ирэх сард халдварын хоногт батлагдах тохиолдол 50-60 мянга болж өсөх эрсдэл ажиглагдаж байна. Үүнээс хамаараад орны нөөц, эмнэлгийн ажилтнуудын хүртээмж, хомсдол үүсэн тул  аль болох халдвар хамгаалалтын дэглэм сахиж тодорхой хязгаарлалт хийх саналуудыг гаргасан.

Тухайлбал, УОК-ын эрдэмтдийн зөвлөл болон ЭМЯ-наас тодорхой саналуудыг тавьсан. Мөн Боловсрол, шинжлэх ухааны яамнаас саналаа гаргасан. ХӨСҮТ-ийн зүгээс боловсролын байгууллагад сурагчдыг цахимаар хичээллүүлэх санал өгсөн. Мэдээж, хичээлийн хоцрогдол байгаа ч омикрон хувилбарын үед цахимаар хичээл, сургалтын үйл ажиллагааг оруулах нь зүйтэй гэж харж байна. Цахимаар оруулах боломжгүй тохиолдол хамгийн сүүлийн сонголт бол боловсролын байгууллагын сургалтыг 7-14 хоногоор хойшлуулах юм. Хүүхдийн өвчлөл сүүлийн өдрүүдэд эрс нэмэгдэж байна. Тухайлбал, 0-11 насны буюу дархлаажуулалтад хамрагдаагүй хүүхдүүд нийт өвдсөн хүүхдүүдийн 70 орчим хувийг эзэлж байна. Хүүхдийг дархлаажуулах ажил судалгааны шатанд явж байгаа. Хүүхдийн нэмэлт тун ч мөн ялгаагүй" гэв.

"ИРЭХ ОНД 800 САЯ ДОЛЛАРЫН ЗЭЭЛ ЭРГЭН ТӨЛНӨ"

Монгол Улсын Хөгжлийн банкнаас хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, төр, нийтийн ашиг сонирхолд хохирол учруулж буй нэр бүхий чанаргүй зээлийг шүүхээр шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргажээ. Тус банкны мэдээлснээр нийт 882 орчим тэрбумын чанаргүй зээлийг шүүхэд мэдүүлжээ. Энэ талаар тус банкнаас “Хөгжлийн банкнаас олгож буй зээл аль болох улсад хэрэгтэй төсөл хэрэгжүүлэх үндсэн үүрэгтэй. Хүснэгтээс харахад 882 орчим тэрбумын чанаргүй зээлийг  шүүхэд өгсөн.

Өнгөрсөн хугацаанд маш их мөнгөний эх үүсвэрийг гадаадын хөрөнгөөс гаргасан. Үүнийг улсын хөгжилд зарцуулахад зээл олгож хөрөнгө оруулах ёстой. Гэтэл зориуд бусаар зээл авч бодитоор ажил хэрэгжүүлэх байсан аж ахуйн нэгжүүдийн боломжийг хулгайлсан. Тиймээс зориуд бусаар зээл авсан чанаргүй зээлд хатуу бодлого баримтална. Гэхдээ бүх чанаргүй зээлийг шүүхэд өгнө гэж ойлгож болохгүй. Хамгийн гол нь зориуд бусаар авсан чанаргүй зээлд хатуу бодлого баримтална” гэлээ.

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул:

-Багцалж харвал 2012-2016 онд өндөр өсөлттэй олон зээл гаргаж байсан. Банкны зээлийн актив жил дараалан өсч 2016 оны байдлаар зургаан их наяд төгрөгт хүрсэн үзүүлэлттэй байна. Хөгжлийн банк 2016 он хүртэл төрийн шийдвэрээр зээл олгож байсан. Ямар нэгэн зээл олгох эсэхийг Засгийн газар шийддэг байсан. 2016 оны байдлаар гурван их наяд төгрөгийг улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр зээл олгосон. Энэ үед эх үүсвэр өндөр байсан бөгөөд 2011, 2012 онд “Чингис бонд”, “Самурай" бонд зэргийг Засгийн газрын баталгаатай  гаргаж эдгээр зээлүүдэд өгсөн" талаар мэдээлэл хийв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж