Төвдийн идэвхитнүүд Бээжингийн өвлийн олимпийг ивээн тэтгэж буй “Allianz” группт шаардлага хүргүүлэв. “Allianz” нь олон улсын санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч Германы даатгалын компани юм. Идэвхитнүүд Хятад дахь хүний эрхийн зөрчлийн асуудалтай холбоотойгоор “Allianz” группийг олимпийн наадмыг ивээн тэтгэхээсээ татгалзахыг хүсчээ.
Идэвхитнүүдийн бүлгэмд эрх чөлөөт Төвдийн төлөөх оюутнууд болон Герман дахь “Төвдийн санаачилга” байгууллагын гишүүд багтжээ. “Хоморголон устгагчдын наадмыг бүү дэмж” гэсэн лоозон барьсан идэвхитнүүд Берлин дэх “Allianz” группийн байрны гадна жагссан байна.
“Хүний амь насыг даатгагч гэж өөрсдийгөө сурталчилдаг ийм том компани Хятад дахь хүний эрхийн зөрчлийн талаар дуугүй өнгөрч боломгүй санагдаж байна” гэж “Төвдийн санаачилга” байгууллагын гүйцэтгэх захирал Тензин Зохбауэр хэлжээ. Түүнчлэн хоёр жагсагч эсэргүүцлээ илэрхийлж, компанийн гадна хаалганаас өөрсдийгөө гинжилсэн байна.
“Allianz” групп урт хугацааны гэрээний дагуу Бээжингийн өвлийн олимпийг ивээн тэтгэж буй бөгөөд зөвхөн энэ наадмаар ч хязгаарлахгүй, гэрээ цааш үргэлжилнэ гэжээ. “Олимпийн наадмын үнэт зүйл бидний хувьд хамгийн чухал. Бидний амлалт өөрчлөгдөхгүй” гэж тус компаниас жагсагчдад мэдээлжээ.
Эх сурвалж: REUTERS