Оросын 10 мянга орчим цэрэг Украины хилийн ойролцоо байрлаж, хоёр улсын хоорондын дипломат хэлэлцээ амжилтгүй болсонтой холбоотойгоор хил дагуу оршин суудаг иргэд болзошгүй аюулд бэлдсэн байдалтай байна. Украины хоёр дахь том хот болох Харьковын иргэд бүх зүйл сайхан болно гэдэгт итгэж буй хэдий ч, болзошгүй муу зүйлд ч бэлтгэлтэй байх хэрэгтэйгээ хэлж байна. АНУ болон Оросын дипломатчид Украины асуудлаар Баасан гаригт хэлэлцсэн боловч тодорхой үр дүнд хүрээгүй байна.
Харьков нь Украины зүүн хэсэгт Оросын хилээс 42 км зайд байрлах аж үйлдвэрийн хот бөгөөд танк, нисэх онгоц, трактор үйлдвэрлэдэг. Харьков хотыг Оросын довтолгоонд өртөж болзошгүй бүс нутаг гэж тус улсын ерөнхийлөгч Зеленский онцолжээ. 1.4 сая хүн амтай Харьков хот одоогоор тайван байдалтай байгааг хотын захирагч Игор Терехов мэдэгдсэн. Оршин суугчид зарим нь хотдоо байж Оросын довтолгоог сөрөн тулалдана гэсэн бол зарим нь дүрвэнэ гэжээ.
Иргэдийн байр суурийг тоймлон хүргэвэл:
- Зугт гэж үү. Үгүй шүү, би энд төрж өссөн. Юу ч болж байсан эндээ байна. Хотыг хамгаалахад нэмэлт хүч шаардлагатай бол би нэгдэнэ.
- Би энэ талаар бодохгүйг хичээж байна. Бүх зүйл сайхан болно гэдэгт итгэж байна. Цаг нь болоогүй байхад сандраад хэрэггүй болов уу.
- Ямар нэг зүйл болвол би хаа нэг тийшээ явна. Би зайнаас ажиллах боломжтой гэх мэтээр иргэд байр сууриа илэрхийлжээ.
Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ