НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррес өчигдөр "Associated Press" агентлагт өгсөн ярилцлагдаа ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинд хандан "Украинд хөндлөнгийн ямар нэгэн цэргийн үйл ажиллагаа болох ёсгүй" гэдгийг онцлон мэдэгджээ. Өмнөх өдөр нь АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен нь Женев хотноо ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавровтой Украины асуудлыг хэлэлцсэн байв.
Антонио Гутеррес хэлэхдээ, Орос болон барууныхны хооронд өрнөж буй өнөөгийн зөрчил нь өмнөх хүйтэн дайнтай харьцуулбал урьдчилан таамаглахад бэрх байгааг онцолжээ. Учир нь түүний хэлснээр тухайн үед сөргөлдөгч талуудын хооронд тодорхой дүрэм журам, зөрчлөөс сэргийлэх механизм ажиллаж байсан аж.
Үүний зэрэгцээ НҮБ-ын цэрэг хөдөлгөх, хориг тавих эрхтэй Аюулгүйн зөвлөлийн байнгын таван гишүүн хуваагдсан учраас Хойд Солонгосын эсрэг хориг тавих гэх мэт олон асуудалд санал зөрөлдөөнтэй байгааг мэдэгджээ. Ерөнхийдөө Аюулгүйн зөвлөлийн хуралдаанд Орос, Хятад улсууд нь АНУ, Их Британи, Францын эсрэг байр суурьтай явж ирсэн юм.
Мөн тэрбээр эдийн засгийн систем, засаглал, валютын гүйлгээ, интернэт, технологи, хиймэл оюун ухаан зэрэг олон салбар дахь АНУ, Хятадын өрсөлдөөн нь дэлхийг хоёр хувааж буйг шүүмжилжээ.
ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS
Холбоотой мэдээ