Ойрхи-Дорнодын Сири болон зэргэлдээ орнуудад цасан шуурга шуурснаас 3-5 насны гурван хүүхэд эндэж, олон зуун мянган хүний амь нас эрсдэлд орсон талаар "CARE" хүмүүнлэгийн байгууллагаас мэдээлжээ. Хохирогч 3 настай хүүхдийн майхан цасан шуурганд нурснаар эндсэн бол ээжийг нь эмнэлэгт хүргэжээ. Харин өөр нэг майханд халаагуураас болж гал гарснаар 3 болон 5 настай ах, дүү хоёр шатаж нас барсан ба ээж нь хүнд түлэгдэлтэй эмнэлэгт хүргэгдсэн байна.
Олон жил үргэлжилсэн дайны улмаас орон гэрээ алдсан олон зуун сиричүүд тус улсын хойд хэсэг, Ливан, Йордан зэрэг улсад майхан, урцанд хоног төөрүүлж буй. Гэтэл цаг агаар огцом хүйтэрч, сүүлийн 40 жилд байгаагүй хүйтэн болсноор олон хүний амь насанд эрсдэл үүсчээ. Ойрхи-Дорнодын эдгээр орнуудад Цельсийн -14 градус хүрч, агаарын температур хүйтэрсэн байна.
Цасан шуурганаар 362 майхан эвдэрч, сүйдсэнээр Сирийн 2124 дүрвэгч хоног төөрүүлэх оромжгүй болсон талаар НҮБ-ын хүмүүнлэгийн тусламж үзүүлэх байгууллагаас мэдээлжээ.
Холбоотой мэдээ