Ньюс агентлаг энэ долоо хоногийн онцлох ярилцлагуудыг тоймлон хүргэж байна.
“ОВОГ НЭРШИЛ ЦУС ОЙРТОЛТООС СЭРГИЙЛЭХ БОЛОМЖГҮЙ БОЛСОН"
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Монгол хүний удмын сангийн аюулгүй байдал, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай” тогтоолыг эцэслэн баталсан. Энэ сэдвээр, тогтоолын төслийг санаачлагч, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнтэй ярилцлаа.
-Монгол хүний удмын аюулгүй байдлын тухай тогтоолын төсөл батлагдлаа. Уг төсөлд зургаа ба түүнээс дээш хүүхэдтэй айл өрхийн орон сууцны урьдчилгааг төр даана гэсэн заалт тусгагдсан байсныг хэлэлцүүлгийн явцад хассан. Яагаад уг заалтыг оруулахаар болов?
-Удмын сангийн аюулгүй байдлаа хамгаалах төрийн нэг бодлого бол залуу гэр бүлээ дэмжих. Гэвч тогтоолын төслийн 6.2 дахь заалтыг ийм агуулгаар оруулсан ч хасагдаад ерөнхий туссан. Тухайлбал, зургаа ба түүнээс дээш хүүхэдтэй өрхөд орон байр худалдан авахад нь урьдчилгаа төлбөрийг нь төрөөс дэмждэг байх, дээрх чиглэлээр тодорхой бодлого гаргах агуулгатай зүйл заалт байсан юм. Энэхүү заалтыг оруулах болсон үндсэн суурь шалтгаан нь гэр бүлийн тогтвортой хөгжлийг дэмжих, залуу гэр бүлүүдийн салалтыг зогсооход чиглэсэн байсан. Монгол Улсын хэмжээнд гэр бүл салалт онцгой анхаарал татахуйц хэмжээнд хүрчээ. Өөрөөр хэлбэл, 2002 онд гэр бүл салалтын хэмжээ 3.3 хувьтай байсан бол бараг өнөөдрийн байдлаар 23.2 хувьтай болсон байна. Сүүлийн 17 жилийн хугацаанд гэр бүл салалтын хувь хэмжээ геометр прогрессоор хурдтай өсч, долоо дахин нэмэгдсэн байна. Жилдээ 20 мянган хүн гэр бүл болдог. Үүнийг тоймлоод хэлбэл жилд 40 хос гэрлэлтээ бүртгүүллээ гэж бодоход 10 нь салж, сарних ирээдүй хүлээж байгааг судалгаа харуулж байна.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу.
"ШОРОНД ОРОХ ВИЙ ГЭЭД ЕРӨНХИЙ САЙД ШИЙДВЭР ГАРГАХААС АЙДАГ БОЛСОН"
МАН-ын Бага хурлын гишүүн Б.Лхагважавтай ярилцлаа.
–Засгийн газар "10 их наядын хөтөлбөр" ажлын байрыг хадгалж үлдсэн гэж хэлдэг. Таны хувьд хэрхэн дүгнэж байна вэ?
-Цар тахлаас хойш 17 сарын дараа "10 их наядын хөтөлбөр"-ийг хэрэгжүүлсэн үйл явц. Үүнээс өмнө нь аж ахуйн нэгжүүд маш их туйлдсан. Хамгийн гол нь төр мөнгө хэвлэж тараахад систем нь буруу байсан. Мөнгө хэвлэхдээ яаж багаар зарцуулах вэ гэдгийг тооцохгүй, бөөнд нь үрсний үр дүнд өнөөдөр инфляци өсөх шалтгаан болсон. Энэ бол бодлогын алдаа.
–Засгийн газар эдийн засгийг эрчимжүүлэх зорилгоор “Шинэ сэргэлтийн бодлого”-оо зарласан. Энэ бодлого хэрэгжиж чадах уу, эсвэл цаасан дээрээ үлдэх үү?
-Унасан эдийн засгийг эргээд босгоход асуудал байгаа юм. Мэдээж, шинэ сэргэлтийн бодлого хэрэгжих л байх. Гэхдээ дээр хэлснээр, цалингийн сангаар дамжуулж 60 мянган аж ахуйн нэгжийг хадгалах бодлого явуулах хэрэгтэй. Үүний тулд Нийгмийн даатгалын системийг ашиглах хэрэгтэй. Нөгөө талд хэрэглэгчийг дэмжихийн тулд НӨАТ-ын 80 хувийг буцаан олгох боломжтой. Татварын систем ашиглаж, иргэддээ боломж олгох нөөц бололцоог огт ашиглахгүй байна. Учир нь, бид бүх татвараа төлчхөөд, дахиад худалдан авалт хийхдээ мөн л татвар төлж байгаа нь маш харгис бодлого. Тиймээс НӨАТ-ын 80 хувийг буцаан олгох хэрэгтэй. Иргэдэд өмнө нь очдог байсан 160 гаруй тэрбум төгрөг 500 тэрбум болсноор амьдралд нь дэмжлэг болно. Хоёрдугаарт, НӨАТ-ын буцаан олголтын хэмжээ өндөр дүнтэй байх тусам хяналтын систем сайжирна. Сүүлийн хоёр жил эдийн засаг хямарсан ч татварын орлого нэмэгдэж байгаа нь НӨАТ-ын бүртгэлтэй холбоотой. Хоёрдугаарт, шороо /алт, зэс, нүүрс/ үнэтэй байгаа үед тээврийн асуудлыг шийдэж, авлигыг цэгцлэхгүй бол дахин асуудал үүснэ. Шороогоо зарж чадахгүй бол жинхэнэ утгаараа элгээрээ хэвтэнэ.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу.
"БАР ЖИЛД АМГАЛАН ТАЙВАН, ХУР ТУНАДАС ЭЛБЭГТЭЙ БАЙНА"
“Сайжруулагч” хэмээх усан бар жилийн өнгө, суудлын засал номын талаар Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн лам Э.Баасантогтохтой ярилцлаа.
-Ирж буй “Буян үйлдэгч” хэмээх бар жилийн өнгө ямар байна вэ?
-XVII жарны "Буян үйлдэгч" хэмээх усан бар жил хэдхэн хоногийн дараа эхлэх гэж байна. Монголчууд тухайн жилийн өнгө төрхийг зурхайгаар шинжилдэг. Зурхайн зурлагаас харвал ерөнхий төлөвийн хувьд сайхан жил гарахаар байна. Уламжлалт ёсоор шороон үхрийн зурлагаар ирэх жилийн өнгө төрхийг шинждэг. Энэ жилийн хувьд үхэр хариулагчийн болон шороон үхрийн зурлага гэх хоёр үндсэн зурлагаар зурсан байна. Үхрийн толгой, шийр, ногт, бурантаг нь хөх өнгөтэй. Бие ногоон өнгөтэй. Ходоод цагаан, эвэр, чих сүүл нь шар, омруу туурай нь улаан, үхэр нь амаа ангайж сүүлээ зүүн тийш шарвасан. Үхэр хариулагч нь шар дээлтэй ногоон бүс бүсэлсэн, малгайн баруун чихийг буулгаж зүүнээ сөхсөн, гэзэг үсээ зүүн чихний ар, баруун чихний урдуур унжуулсан, унгасаар томсон, шар иштэй шилбүүр барьсан, хүч чадалтай идэр залуу үхрийнхээ баруун талд хөл нүцгэн тайван алхаж байгаагаар буусан. Зурлагаас харвал амгалан тайван жил болохоос гадна хур тунадас элбэг сайхан жил болохоор байна.
Жилийн байдлыг ажиглавал залууст буюу дунд суудалтанд сайн, нялхаст буюу ард иргэдэд дунд зэрэг, өвгөдөд буюу өндөр дээд суудалтан, настнуудад биеэ хичээхийг анхааруулжээ. Нийтэд нь авч үзвэл улс орон болоод иргэд төдийгүй амьтдад ээлтэй усан бар жил гарч байна. Жилийн үндэс нь улс эх орон амгалан ард иргэдийн ажил тэгширнэ гэжээ.
Гэхдээ хүн, мал амгалан боловч хий өвчин дэлгэрэх нигууртай. Идэр залуу хүний ажил үйлс сайн, үр ач дэлгэрэх, жилийн ба улирлын эхээр гандуу, салхи шуурга ихтэй, жил тохиох нь. Улирлын сүүлээр хур тунадас нэн элбэг гэж зурхайн зурлагад буусан байна. Эрүүл мэндийн тухайд хий өвчин дэлгэрнэ. Хадлан тэжээлийн ургац сайн байна.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу.
Холбоотой мэдээ