Залуус Монголоос явахыг мөрөөдөж байна

Хуучирсан мэдээ: 2022.01.21-нд нийтлэгдсэн

Залуус Монголоос явахыг мөрөөдөж байна

Залуус Монголоос явахыг мөрөөдөж байна

Намайг Ц.Хонгор гэдэг. Би сэтгүүлч мэргэжлээр суралцдаг. Чөлөөт цагаараа ихэвчлэн хөгжим сонсож, ном уншиж өнгөрөөдөг. Мэдээж би Z үеийн төлөөлөл. Гар утас цахим орчин, техникийн гайхам шийдлүүдийн дунд өсч торнисон шинэ үеийнхний нэг. Миний үеийнхэн тулгамдаж буй асуудлууд, түүний гаргалгааг өөр өнцгөөс харж, өөр шийдэл олохыг хүсдэг.

Гэсэн ч надаас, биднээс хамаарахгүй олон асуудал бий. Улаанбаатарын гудамжаар алхахдаа би өөрөөсөө, нийгмээсээ ичдэг. Хоёр алхаад л хог, шүлс, нус. Монголчууд бид хотын соёлд хэзээ суралцах бол гэж боддог. Миний найзууд Монголоос явахыг хүсдэг. Миний найзууд чөлөөт цагаа өөр өөрийнхөө хүсэл, сонирхлоор өнгөрөөдөг.

Тиймээс надад нэг бодол төрсөн. Миний үеийнхэн яг юу уншиж, юу мөрөөддөг юм бол гэж. Тиймээс их, дээд дөрвөн сургуулийн 100 оюутанд дөрвөн асуулт тавьсан юм.

  1. Ямар хөгжим сонсдог вэ?
  2. Ямар спорт сонирхдог, хичээллэдэг вэ?
  3. Ямар ном уншдаг вэ?
  4. Сургуулиа төгсөөд хаана амьдрах вэ?

Юуны өмнө судалгаанд идэвхтэй оролцсон найзууддаа баярлалаа. Тэдний олонх хип хоп хөгжим сонсдог аж. Харин дийлэнх нь сагсан бөмбөгт дуртай. Бидний үеийнхнийг гар утсанд донтсон, ном уншдаггүй гэж зэмлэх, буруутгах хандлага байдаг. Гэтэл найзууд маань сагсан бөмбөг тоглох дуртай аж. Даанч Монголд сагсан бөмбөгийн талбай цөөхөн.

Уншдаг номын талаарх тэдний хариултаас харвал хүний хөгжлийн тухай номонд дуртай аж. Учир нь залуус бид өөрсдийгөө хөгжүүлэхийг, өөрчлөхийг хүсдэг. Хамгийн харамсалтай нь, бидний үеийнхэн сургуулиа төгсөөд гадагшаа явж амьдрахыг мөрөөддөг. Утаатай, улс төрийн хэрүүлтэй, стресстэй энэ улсаас явмаар байгаагаа ярьдаг.

Судалгаанд хамрагдсан ихэнх оюутнууд төгсөөд гадаад очиж амьдрахыг хүсдэгээ илэрхийлсэн. Зарим оюутнууд үргэлжлүүлэн магистр, докторын зэргээр сурах зорилготой тул мэргэжлээр нь илүү чанартай боловсрол олгодог гадаадын их сургуульд суралцахыг хүсдэг гэнэ. Монголд их сургуулиудын сургалтын чанар муу гэж боддоггүй. Гэхдээ сургалтын орчин их тухгүй байдаг нь худлаа биш. Адаглаад "цонх"-той цагаараа хичээлээ давтах орчин ч хангалттай биш гэж хэд хэдэн оюутнууд хэлсэн юм.

АШУҮИС-ИЙН 3-Р ДАМЖААНЫ ОЮУТАН А.ОЮУНДЭЛГЭР

-Хувь хүний хөгжлийн ном ихэвчлэн уншдаг. Яагаад гэвэл дэлхийн томоохон алдартнуудын амжилтад хүрсэн түүх, амьдрал их сонирхол татдаг. Тэндээс хувь хүн ямар чадваруудаа хөгжүүлэх ёстой вэ гэдэг талаар мэдэж авдаг. Манай нийслэлчүүд их стресстэй. Гэртээ жаахан хүүхдийнхээ дэргэд бага хэрэлдэж байгаасай. Ер нь гэртээ гэлтгүй хаана ч явсан нэгэнтэйгээ соёлтой харьцдаг байгаасай. Мөн ирээдүй болсон дүү нарын маань суралцах орчин манай үеийнхнээс илүү таатай байгаасай гэж мөрөөддөг. Би Герман улсад сурахыг хүсдэг. Өөр орчинд бие дааж сурмаар санагддаг. Манай найзууд илүү тухтай орчинд суралцахыг мөрөөддөг. Амьдрах орчин, сурах нөхцөл мөн миний эмчийн мэргэжлээр суралцахад илүү тохиромжтой улс. Тэр ч үүднээс одооноос герман хэл сурч байна. Мөн сургууль дээрээ герман хэлний клуб байгуулж, тэргүүний үүрэг гүйцэтгэж байна. Энэ жилдээ багтаад герман хэлний А2 төвшинтэй болох зорилготой байна.

МУБИС-ИЙН СЭТГҮҮЛ ЗҮЙН 3-Р ДАМЖААНЫ ОЮУТАН Б.ХОНГОРЗУЛ

-Өвлийн амралтаа юу хийж өнгөрөөж байна вэ?

-Өвлийн амралтаараа төрсөн нутагтаа аялж, ажиллаж байна. Хэдий Хөвсгөл аймагт төрж өссөн ч өвөл Хөвсгөл нуур ямар байдгийг харж байгаагүй. Энэ жил харлаа. Удаан уулзаагүй найз нөхөдтэйгөө уулзахад таатай байна.

-Улаанбаатар хотын нэг зүйлийг өөрчил гэвэл?

-Үйлчилгээний байгууллага эрт онгойж, орой хаадаг болоосой.

-Ихэвчлэн ямар ном уншдаг вэ, яагаад?

-Өсвөр насны хүүхэд байхад номонд дуртай болохын тулд энгийн, хөнгөн ном их уншдаг байсан. Мөн хувь хүний хөгжлийн ном уншдаг. Харин одоо бол мэргэжлийн ном, монгол, гадаадын уран зохиолын номуудыг шимтэн унших дуртай.

-Яагаад гадаадад амьдрахыг хүсдэг вэ?

-Арван жилд байхын л гадаадад сурахыг хүсч мөрөөдөж ирсэн. Бакалаврын зэргээ хамгаалаад, 3-5 жил мэргэжлээрээ ажилласныхаа дараа Америк юм уу, Өмнөд Солонгос, эсвэл аль нэг улсад сурч ажиллана гэж боддог. Орчин үеийн залуу хүн бага хугацаанд ч болов орчноо сольж үзэх хэрэгтэй. Эх орноосоо холдоод, гаднаас нь харвал асуудал болон сайн талыг нь илүү анзаарч, буцаад ирж ажиллахдаа юуг яаж өөрчлөх, бусад орны юуг улсдаа хэрэгжүүлэх талаар мэдэх юм шиг бодогддог.

Ц.ХОНГОР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
43
ЗөвЗөв
12
ТэнэглэлТэнэглэл
4
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж