А.Очирболд "НордАрт"-ын 10 мянган еврогийн шагналаа гардлаа

Хуучирсан мэдээ: 2022.01.21-нд нийтлэгдсэн

А.Очирболд "НордАрт"-ын 10 мянган еврогийн шагналаа гардлаа

А.Очирболд "НордАрт"-ын 10 мянган еврогийн шагналаа гардлаа

ХБНГУ-д жил бүр зохион байгуулдаг "НордАрт" олон улсын дүрслэх урлагийн үзэсгэлэнгийн "Гран при" шагналын эзнээр тодорсон, уран бүтээлч А.Очирболдод шагналыг нь Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг гардуулан өгөв.

"НордАрт 2019"-ийн тэргүүн "Гран при" шагналын эзнээр Монгол Улсын УГЗ, уран барималч А.Очирболд “Дэгэрэ” бүтээлээр шалгарсан нь монгол уран бүтээлчийн ур чадварыг олон улсад өндрөөр үнэлүүлсэн явдал болсон юм.

Шагналыг 2020 оны нээлтийн ажиллагааны үеэр албан ёсоор гардуулах байсан ч “Covid-19” цар тахлаас үүссэн аяллын хязгаарлалт, хөл хорионы улмаас зохион байгуулах боломжгүй болон хойшилжээ. Улмаар "НордАрт-2021" үзэсгэлэнгийн сүүлийн долоо хоногт "НордАрт"-аас түүний шагналыг ХБНГУ дахь Монгол Улсын Соёлын Элч, албан ёсны хамтын ажиллагааны түнш О.Оюунтуяа төлөөлөн хүндэтгэлтэйгээр гардан авчээ.

Уран бүтээлч А.Очирболд 2015 оноос хойш "НордАрт" үзэсгэлэнд тасралтгүй оролцож, өөрийн бүтээлийн илэрхийлэх хэлбэрээрээ үргэлж гайхагдсаар ирсэн байна. Түүнд Күнствэрк Карлсүттегийн хост, ноён Ханс-Юлийус, хатагтай Иоханна Алманн нар хүндэтгэл илэрхийлэн, энэхүү тэргүүн шагналын 10 мянган еврог хандивлан санхүүжүүлжээ.

А.Очирболд "НордАрт 2015" Олон Улсын дүрслэх урлагийн үзэсгэлэнд Монгол Улс "Онцлох орон"-оор бие даасан павильон зохион байгуулахад уран баримлуудаараа оролцсоноор Европ дахь гараагаа эхэлжээ. Тэр үеэс хойш тэрбээр НордАртын элч уран бүтээлчээр дэлхийн өнцөг булан бүрт аялан бүтээлээ толилуулж байгаа аж.

Уран бүтээлчийн "Дэгэрэ" уран баримлын инстоляцийг 2019 онд НордАртын уран баримлын цэцэрлэгт хүрээлэнгийн төв талбайд болон НордАрт 2021 онд Карлсхүттегийн үзэсгэлэнгийн танхимд толилуулжээ.

Монгол Улс 2014 онд ХБНГУ-тай дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээнд Монгол Улс ба "НордАрт"–ын тогтвортой хамтын ажиллагаа эхэлжээ. Монгол Улсын павильоны ерөнхий зохион байгуулагчаар 2015 оноос Соёл, урлаг, хэвлэл, мэдээллийн төслийн менежмент, зөвлөгөө НҮТББ, Монгол Улсын Соёлын Элч, Монголын павильоны куратор О.Оюунтуяа, куратор Ж.Бодьбаатар нар, албан ёсны түншээр Монгол Улсын Гадаад Харилцааны Яам, ХБНГУ дахь Монгол Улсын Элчин Сайдын Яам, хамтын ажиллагааны түншээр тухайн үеийн Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Яам хамтран ажилласаар ирсэн байна.

Өнөөдрийн байдлаар "НордАрт" үзэсгэлэнд нийт 88 монгол уран бүтээлчийн 255 гаруй бүтээлийг толилуулжээ. "НордАрт 2022"-д Тусгай төслийн хүрээнд Монголын павильоныг дөрөв дэх удаагаа дахин зохион байгуулах юм байна.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж