Монгол Улсын Хөгжлийн банк дампуурлын ирмэгт тулсныг өчигдөр (2022.01.20) тус банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул мэдэгдсэн. Тэрбээр “Чанаргүй зээлийн улмаас олон улсын банк, санхүүгийн байгууллагуудаас нэмж хөрөнгө татан төвлөрүүлэх боломжгүй. Улмаар цаашид банкны үйл ажиллагааг үргэлжлүүлэх боломж хумигдана” гэсэн юм. Түүний мэдээлснээр, Монголбанкнаас Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын үр дүнд нийт зээлийн бакц 3.2 их наяд төгрөг байгаагаас 55 хувь нь чанаргүй зээл болж мууджээ. Тус банк 26 компаниас 882 тэрбум төгрөгийн авлагатай тул тэднийг шүүхэд өгчээ. Гэсэн ч цаг хугацаа алдаж, зээлээ эргүүлэн авч чадахгүйд хүрч байгааг ч банкныхан нуугаагүй юм.
Монгол Улсын Хөгжлийн банкийг “дампууруулсан” 26 компани дотор Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазараас авхуулаад, улстөрчдийн халаасны компаниуд ч бий. Улмаар Хөгжлийн банкнаас “Улс төрчдийн нөлөө орсон байхыг үгүйсгэхгүй. Зориуд бусаар зээл авч, ажил хийх ёстой аж ахуйн нэгжүүдийн боломжийг хулгайлсан" гэж тодотгож байв. Хөгжлийн банк дампуурлаа зарлахад хүргэсэн 26 компанийн зээлийн мэдээллийг товч хүргэе.
1. “Монгол драй милк” ХХК 42.6 тэрбум төгрөгийн зээлийг 2017 оны тавдугаар сарын 16-ны өдөр авчээ. Нийт зээлийнхээ 2.4 тэрбумыг төлсөн бол хуримтлагдсан зээлийн үндсэн өр болон хүүгийн төлбөр нь 50.4 тэрбум төгрөгт хүрсэн байна. Барьцаа хөрөнгө, бодит гэрчилгээтэй 45.4 тэрбум төгрөгийн хөрөнгө, биет бус буюу ирээдүйд үүсэх мөнгөн хөрөнгөөс 17.1 тэрбумыг төвлөрүүлнэ гэж тус тус барьцаалсан. Улмаар зээлийн хугацаа 40 сараар хэтэрч нийт төлөх зээлийн дүн 62.4 тэрбум болжээ. Тус компани хөдөө орон нутгуудад 60 ширхэг хуурай сүүний үйлдвэр байгуулах төслийн хүрээнд зээл авсан ч ийнхүү “замхарсан" байна. “Монгол драй милк” ХХК 2016 оны наймдугаар сарын 12-ны өдөр үүсгэн байгуулагдаж, Улсын ерөнхий бүртгэлийн газарт албан ёсоор бүртгүүлж, тамга тэмдгээ авсан байна. Дээрх компанийг “Алтай констракшн” ХХК-ийн ерөнхий захирал, Монгол Улсын манлай уяач Х.Бат-Эрдэнэ, Ц.Билэгсайхан, Дэнсмаагийн Энхболд нар 70, 20, 10 хувиар тус тус эзэмшиж байжээ. Ерөнхийдөө Х.Бат-Эрдэнийн хамаарал бүхий компани гэдгээр нь олон нийт мэднэ.
2. “Монгема” ХХК 2017 оны аравдугаар сарын 31-нд 10.4 тэрбум төгрөгийн зээл авсан. Үндсэн зээлийнхээ 0.5 тэрбумыг нь төлсөн бол 12.6 тэрбум төгрөгийн зээлийн өр хуримтлагджээ. Зээл авахдаа, бодит гэрчилгээтэй 6 тэрбумын үл хөдлөх, биет бус буюу ирээдүйд үүсэх мөнгөн хөрөнгөөс 4.5 тэрбумыг тус тус барьцаалж байж. Улмаар зээлийн хугацаа нь 38 сараар хэтэрч, 10.5 тэрбумыг төлөхөөр байна. “Монгема” ХХК муур, нохойн хоол үйлдвэрлэх тоног төхөөрөмж авч, Япон болон бусад улсад экспортлох зорилготой төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж, дээрх зээлийг авчээ. Тус компанийг 2016 оны тавдугаар сарын 19-нд үүсгэн байгуулсан бөгөөд захирлаар нь Д.Лхагвадорж ажилладаг.
3. “Эрэл” ХХК нь угсармал орон сууц барихаар 2013, 2014 онд хоёр удаа зээл авч, 26 тэрбум төгрөг төлжээ. Гэвч зээлийн нийт үлдэгдэл 163 тэрбум төгрөг байна. Тус компанийн банканд үлдээсэн барьцаа хөрөнгийг 83 тэрбум төгрөгөөр үнэлжээ. Зээлийн хугацаа хэтрэлт 91 сар болсон тул Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны аравдугаар сард хандсан байна. Шүүх хурал таван удаа хойшилж, Хөгжлийн банк 161.9 тэрбум төгрөгийг тус компаниас гаргуулахаар шаарджээ. "Эрэл" компани нь 2013 оны аравдугаар сарын 8-нд үүсгэн байгуулагдсан байна.
4. “Кью Эс Си” ХХК нь 203 тэрбум төгрөгийн зээл авсан. “Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах” төслийн хүрээнд Хандгайт өртөөнөөс Төмөртэйн уурхай хүртэл 33.4 км урт төмөр зам, ачиж, буулгах терминал барих ажлыг санхүүжүүлэх зорилгоор 2014 онд Хөгжлийн банктай зээлийн гэрээ байгуулсан. Нийт 192 тэрбум төгрөгийг Хөгжлийн банканд олгуулахаар Улсын дээд шүүх энэ сарын 14-нд шийдвэрлэсэн юм. Тус компанийн захирлаар Э.Шижир ажилладаг.
5. “Чингис хаан” 13 тэрбум төгрөгийн зээл 2014 онд авсан. Арьс шир боловсруулах төслийн дамжуулан олгосон зээлийн үлдэгдэл 1.1 тэрбум төгрөг. 2021 онд Давж заалдах шатны шүүх Чингис хаан банкны гомдлыг хэлэлцээд, анхан шатны шүүх рүү буцаасан ч тус банкнаас хяналтын шатанд гомдол гаргаж, Дээд шүүх анхан шатны шүүх рүү буцаажээ.
6. “Инжир” ХХК нь 5.6 тэрбумын зээлийг экспортын наамал дүнз, евро стандартын угсармал модон барилгын төсөл хэрэгжүүлэхээр 2018 оны нэгдүгээр сарын 9-нд авсан байдаг. Нийт 7.6 тэрбумын зээл хуримтлагдаж ирээдүйд үүсэх мөнгөн хөрөнгийн 1.1 тэрбумыг барьцаалжээ. Мөн үл хөдлөх 4.6 тэрбумын хөрөнгө барьцаалсан байна. Тус компанийн захирлаар Б.Батбаатар ажилладаг.
7. “Бэрэн” групп 33.2 тэрбум төгрөгийн зээл авсан. 720 болон 120 айлын "Ё" блок орон сууцны хороолол барихаар авсан зээлээс 3.2 тэрбум төгрөг төлсөн. Зээлийн нийт үлдэгдэл 43 тэрбум төгрөг болжээ. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх энэ сарын 14-нд болж, шүүхийн шийдвэрийг хүлээж байна. Тус компанийн захирлаар Б.Мөнхдалай ажилладаг.
8. “Чингис хаан банк” ХХК 25 тэрбум төгрөгийг мөнгөн хадгаламж хэлбэрээр 2019 оны арванхоёрдугаар сарын 9-нд авсан. Зээлийн нийт үлдэгдэл 37.5 тэрбум төгрөгт хүрчээ. Зээлийн эргэн төлөлт 22 сараар хойшилсон тул 2020 онд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан байна.
9. “Төрийн орон сууцны корпораци” ТӨХК , “Нью Яармаг хаусинг прожект ХХК нар 142.2 тэрбумын зээлийг “Шинэ яармаг” орон сууцны төсөл хэрэгжүүлэхээр 2015 онд авсан. 59 тэрбум төгрөгийг эргүүлэн төлж, одоо 117 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй. Зээл төлөлт 56 сараар хойшилсон тул 2019 онд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
10. “Төрийн орон сууцны корпораци 19 тэрбум төгрөгийн зээлийг 2016 онд “Хөдөлгөөнт цогцолбор” төсөл хэрэгжүүлэхээр авчээ. Зээлийн нийт үлдэгдэл 25 тэрбум төгрөгт хүрч, зээл төлөлт 64 сараар хойшилсон байна. 2019 онд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан, гурван шатны шүүх хурал болсон. Хариуцагч ТОСК-ийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гарч, шүүхийн маргаан дуусчээ.
11. “Монгол эм импекс концерн”, “Бишрэлт” групп 7.27 тэрбум төгрөгийн зээл 2018 онд авсан. Уг зээлээр эм болон шингэний үйлдвэр байгуулах төсөл хэрэгжүүлэх байж. Зээл төлөлт 31 сараар хойшилсон тул 2019 онд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж, давж заалдах шатны шүүхийн шийдвэр гарч, 6.9 тэрбум төгрөгийг тус компаниас гаргуулахаар шийджээ. Дээд шүүхийн хуралдааны тов гараагүй байна.
12.“Монгол мах экспо”, “Бишрэлт пропертиз”, “Веллмарт” нар хамтран мах боловсруулах цогцолбор төв байгуулах төсөл хэрэгжүүлэхээр 31.9 тэрбум төгрөгийн зээлийг 2017 онд авсан. Үндсэн зээлийн 8.4 тэрбум төгрөгийг эрүүлэн төлж, үлдэгдэл 38.6 тэрбум төгрөгийн зээлтэй байна. Зээл төлөлт 31 сараар хойшилсон. 2019 онд СХД-ийн Иргэний хэргийн анхан, давж заалдах шатны шүүх хурлууд болсон. Дээд шүүхийн хурлыг товлоогүй байна.
13.“Сонгоулд” ХХК, “Өрмөн уул групп” ХХК нь “Алт-2” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр 2017 онд 17.3 тэрбум төгрөгийн зээл авсан. Үндсэн зээлээс 21 саяыг нь эргүүлэн төлсөн. Нийт үлдэгдэл 18 тэрбум төгрөгт хүрчээ. Зээлээ сүүлийн 43 сар төлөөгүй. Анхан болон давж заалдах шатны шүүх хурал болж, хамгийн сүүлд гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулжээ. Дээд шүүхээс энэ хэргийг хэлэлцэх, эсэх шийдвэрийг хүлээж байна.
14.“Зэст Өндөр” ХХК нь 10.8 тэрбум төгрөгийн зээлийг 2018 онд авсан. Ширэн-Овоо төмрийн хүдрийн ордыг ил уурхайн аргаар ашиглах төслийн зээлийн нийт үлдэгдэл 11.8 тэрбум төгрөг болжээ. Сүүлийн 28 сард зээлээ эргүүлэн төлөөгүй. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаасан. Тус компанийг анх 2010 оны тавдугаар сарын 28-нд үүсгэн байгуулжээ.
15.“Эрд хул” ХХК нь 0.7 тэрбум төгрөгийн зээл 2017 онд авсан. “Алт-2” төслийн зээлийн 0.3 тэрбум төгрөгийг төлж, 0.6 тэрбумын зээлийн үлдэгдэлтэй байна. Сүүлийн 43 сар зээлээ төлөөгүй. 2019 онд анхан шатны шүүхийн шийдвэр гарч, дуудлага худалдаа зохион байгуулах болсон.
16.“Ган хүдэр орд” ХХК нь 5.9 тэрбум төгрөгийн зээлийг 2017 онд авсан. Хорголжин төмрийн хүдрийн үйлдвэр барих төслийн зээлийн 1.2 тэрбумыг нь төлж, үлдэгдэл 5.6 тэрбум. Зээл төлөлт 21 сараар хойшилсон. Шүүхийн шийдвэрийг Дарханы ШШГГ 445-р хорих ангид гүйцэтгэсэн.
17.“Енсада истерн” ХХК нь 26.9 тэрбум төгрөгийн зээлийг 2019 онд авсан. Экспортод чиглэсэн гурил, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэх төслийн зээлээс нэг ч төгрөг эргүүлэн төлөөгүй. Зээлийн нийт үлдэгдэл 34 тэрбум болж төлөлт 22 сараар хойшилжээ. Тус компанитай холбогдох хэргийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хэргийг хянаж байна.
18.“Болор шүр” ХХК нь 2.3 тэрбумын төгрөгийн зээлийг 2017 онд авсан. “Алт-2” үндэсний хөтөлбөрийн хүрээнд авсан зээлээс нэг ч төгрөг эргүүлэн төлөөгүй. Зээлийн нийт үлдэгдэл 2.4 тэрбум төгрөг болсон. Энэ маргаантай холбоотойгоор долоон удаагийн шүүх хурал 2018 оноос хойш болжээ. Тус компанийн хөрөнгийг дуудлага худалдаанд оруулах шийдвэр гарсан байна.
19.“Дэд бүтэц инженеринг” ХХК нь 2.1 тэрбум төгрөгийн зээлийг 2018 онд авсан. “Дэд бүтэц-Ухаалаг шийдэл” төслийн зээлийн нийт үлдэгдэл 2.8 тэрбум болжээ. Үндсэн зээлээс 0.1 саяыг нь төлсөн. Зээл төлөлт 34 сар хойшилсон. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд эхний хурал болжээ.
20.“Мондулаан трейд” ХХК нь 13.7 тэрбум төгрөгийн зээлийг 2018 онд авсан. Баянголын ам дахь Улааншивэртийн амны алтны шороон ордыг ашиглах төслийн зээлээс 3.3 тэрбумыг нь эргүүлэн төлж, нийт үлдэгдэл 18 тэрбум болжээ. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд эхний хурал болж, шүүхийн шийдвэрийг хүлээж байна.
21.“Бармон” ХХК нв 13.8 тэрбум төгрөгийн зээлийг 2019 онд авсан. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд Чингэлтэй дүүргийн аравдугаар хорооны нутаг дэвсгэр, Дэнжийн мянга орчимд 468 айлын 4 блок, “Шинэчлэл хороолол” орон сууцны төсөл хэрэгжүүлэхээр авсан зээлийн нийт үлдэгдэл 17 тэрбум болж, 54 сарын турш зээлээ төлөөгүй. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх шүүгч томилоогүй байна.
22.“Пирамид орд” ХХК нь 15 тэрбум төгрөгийн зээлийг 2018 онд авсан. “Буман залуус” 296 айлын орон сууцны төсөл хэрэгжүүлэх зээлийн нийт үлдэгдэл 23 тэрбум төгрөг болсон. Нийт зээлийн 0.5 тэрбумыг эргүүлэн төлжээ. Тус компанийг 2013 онд үүсгэн байгуулжээ.
23.“МБҮ трейд” ХХК нь 11.5 тэрбум төгрөгийн зээлийг 2018 онд авсан. “Мал нядалж мах бэлтгэх үйлдвэр”, “Малын худалдааны төвлөрсөн зах” төслийн хэрэгжүүлэхээр авсан зээлээс нэг ч төгрөг эргүүлэн төлөөгүй. Зээлийн нийт үлдэгдэл 16.7 тэрбум төгрөг болж, төлөлт 55 сараар хойшилжээ. Тус компанийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх рүү хэргийг шилжүүлсэн. Анх 2017 онд үүсгэн байгуулсан “МБҮ трейд” ХХК-ны захиралаар С.Бямбасүрэн ажилладаг.
24.“Сэлэнгийн герефорд” ХХК нь 4.1 тэрбум төгрөгийн зээлийг 2018 онд авч байсан. “Мах бэлтгэлийн кластерийн хүчин чадлыг нэмэгдүүлэх төсөл”-ийн зээлээс 0,3 тэрбум нь эргүүлэн төлжээ. Зээлийн нийт үлдэгдэл 5.4 тэрбум төгрөг болж, 72 сар зээлээ төлөөгүй. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хэргийг шилжүүлж, шүүгч томилоогүй байна. 2009 оноос хойш үйл ажиллагаа явуулж буй тус компанийн Гүйцэтгэх захирал нь ажилладаг.
Холбоотой мэдээ