Төв Азийн Москва, Бээжингийн хөдөлмөрийн хуваагдлын жишиг логикоор аюулгүй байдлыг Орос, эдийн засгийг Хятад хариуцна гэж үздэг. Энэ утгаар саяхан болсон Казахстаны үймээн самууны улмаас Бээжин, Москва алдагдал хүлээгээгүй гэж болохоор юм.
Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевын эргэн тойрныхон улс төрийн нэгдсэн тогтолцоонд шилжих нь Хятадын бараа, хөрөнгө оруулалтыг татах сонирхлыг бууруулахгүй. Хүчирхийлэгч этгээдүүдийн учруулсан хохирлыг барагдуулахад оролцож, Covid-19-д нэрвэгдсэн эдийн засгийг сэргээхэд дэмжлэг үзүүлбэл Бээжин сайн санаат хөрөнгө оруулагч гэсэн нэр хүндээ өсгөх боломжтой.
Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага (ХАБГБ) саяхан Казахстан руу илгээсэн 2030 хүний бүрэлдэхүүнтэй багаа яаралтай эргүүлэн татсан. Гэхдээ дан ганц Орос тэргүүтэй цэргийн блок байгаагүй бол улс төрийн том тоглоом өрнөх байсан гэж дүгнэж болохгүй юм. ХАБГБ-ын энхийг сахиулагчид стратегийн объектуудын үйл ажиллагааг сэргээхэд анхаарлаа хандуулж, улмаар үймээнийг дарахын тулд орон нутгийн тусгай албадыг татан оролцуулсан. Үүний зэрэгцээ ХАБГБ-ын оролцоо нь Токаев бол ЗХУ-ын дараах орон зай дахь хамгийн ойрын холбоотнуудад хүлээн зөвшөөрөгдсөн Казахстаны үндэсний удирдагч болохыг харуулж, улмаар дотоодын цэрэг, цагдаа, тусгай албаныхны дундах эмх замбараагүй байдал, тодорхойгүй байдлыг арилгасан юм.
Ийнхүү Орос улс "аюулгүй байдлыг хангагч" гэсэн нэр хүндээ бэхжүүлэв. ХАБГБ Москва тэргүүтэй энхийг сахиулагчдыг илгээсэн нь орон даяар хүчирхийллийг таслан зогсооход чухал үүрэг гүйцэтгэсэн. Токаев Назарбаев овгийн нэг хэсгийг тактикийн хувьд ялахад Москва оролцов.
Сүүлийн үеийн үйл явдлуудад зөвхөн ОХУ идэвхтэй оролцож байсан бол Хятад улс хүлээх, ажиглах байдлаар асуудалд хандсан. Асуудлын гол нь Бээжин ирээдүйд ийм цэргийн үүрэг хүлээж авах уу гэдэгт л байгаа юм. Гаднын ажиглагчдын үзэж буйгаар, хүчирхэг төрийн аппарат хурдацтай задарч, хууль сахиулах хүчнийхэн Алматыгийн гудамжнаас хэдхэн минутын дотор алга болсон нь Хятадад, мөн Төв Азийн бусад орнуудад ямар эрсдэлтэй тулгарч болохыг харуулж байна.
Казахстанд болсон эсэргүүцлийн жагсаал нь элитүүдийн зөрчилдөөн, улс төрийн тогтолцооны өргөн хүрээтэй асуудлуудтай холбоотой байв.
Бээжин олон жилийн турш аливаа асуудалд хөндлөнгөөс оролцохгүй байх бодлого баримталж ирсэн. Хятадын өсөлтийг дагаад стратеги өөрчлөгдөж магадгүй. Гэхдээ нөлөөллийн үйл ажиллагааг дипломат, тагнуул, шинжээчийн нөөцөөр шууд дэмжих боломжгүй хэвээр байна.
Сүүлийн үед Литвийн Тайваньтай улам бүр нэмэгдэж буй харилцаанаас эхлээд Казахстанд болж буй үйл явдлууд хүртэл бүс нутгийн бодлогын олон чиг хандлагыг Бээжин зөвхөн дэлхийн хэмжээнд сөргөлдөөний призмээр авч үзэх болсон. Улс төрийн динамик ихээхэн гажуудаж, Бээжин алдаа гаргаснаар өөрийгөө улс төрийн "эмзэг байдал"-д оруулж болзошгүй юм.
ХАБГБ-ын үйл ажиллагааны дараа буюу хэдхэн хоногийн дараа Ши Жиньпин Токаевт зориулж дуут шуудан илгээсэн. Учир нь Бээжин нөхцөл байдал хэр хурцадмал байгааг Токаеваас мэдэхийг хүссэн. Гэвч нөхцөл байдал хурцадсан байдлаас гадна БНХАУ-ын Элчин сайд Жан Сяо Казахстаны Гадаад хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгч Мухтар Тилеубердитэй уулзсан нь Бээжингийн төсөөлж байснаас ч доогуур төвшинд хүрсэн байж магадгүй юм.
Ши Жиньпин ХАБГБ-ын үйл ажиллагааны талаар үг дуугарсангүй. Гэсэн хэдий ч өнгөт хувьсгалыг шүүмжилж, "Хятад-Казахстаны найрамдлыг сүйтгэж, хоёр орны хамтын ажиллагаанд саад учруулах" гэсэн аливаа хүчний эсрэг хатуу үгс хэлсэн байна. Сүүлийнх нь нэлээд хачирхалтай, учир нь Хятадын эсрэг сэдэл Казахстаны олон нийтийн санаа бодолд байсан нь эргэлзээгүй ч нэгдүгээр сарын жагсаалын үеэр бараг нөлөөлж чадсангүй.
Орон нутгийн шинжээчдийн үзэж байгаагаар, сүүлийн хоёр жилийн хугацаанд Төв Ази дахь Хятадын дипломатууд төрийн бус байгууллагуудын үүрэг, улс төрийн үйл явцад Америк, Туркийн хөшүүрэгтэй холбоотой асуултуудыг ихэвчлэн тавьжээ. Улс төрийн ерөнхий хандлагаас гадна Хятад улс дотоод эрх мэдлийн өөрчлөлтийн талаар ойлголт муу байгаа нь харагдаж байна. Үүнийг анхан шатны мэдээлэлд нэвтрэх боломж хязгаарлагдмал байгаагаар тайлбарлаж болно.
Цар тахал эхэлснээс хойш Хятадын дипломатууд гадна орчинтой харилцахгүй байхаар шийдэж, дипломат байрандаа өөрсдийгөө түгжиж байна. Цаашилбал, Казахстаны тэргүүлэх синологич Константин Сыроежкиныг Хятад руу нууц мэдээлэл дамжуулсан хэргээр баривчлан, шүүх хурал нь шинжээчидтэй харилцах боломжид нөлөөлсөн.
Казахстанд саяхан болсон үймээн самуунд Хятад "идэвхгүй" байдлаар хандаж, оросуудаас ч бага мэдээлэлтэй байсан гэж шинжээчид үзжээ. Оросоос ялгаатай нь Хятад Казахстанд мэдээллийн тодорхой хоосон орон зай байсаар байгаа юм. Энэ нь Бээжингийн эрх мэдлийн үйл явцыг урьдчилан таамаглах боломжгүй болгож байна.
Үүний зэрэгцээ Токаевын одоо хийх шинэчлэлийн явц тодорхойгүй, Назарбаевын хүрээнийхэнтэй хийх хэлэлцээр хэрхэн үргэлжлэх нь тодорхойгүй байгаагаас үүдэн Казахстан улс төрийн хувьд тогтворгүй байдалтай хэвээр байна. Орос улс Төв Азид давуу тал болох нууц мэдээлэлтэй байж магадгүй. Гэсэн хэдий ч Москва энэ мэдээллийг Хятадтай хуваалцахгүй байх, ялангуяа өндөр төвшний харилцаа холбоогоор дамжуулан олж өгөхгүй байх хандлагатай байна. Ийнхүү мэдээлэлгүй байдлаас болж Хятад улс нэр төрөө дахин үнэлүүлж, хүч нөлөөгөө дахин нэмэгдүүлэх шаардлагатай тулгарч буй юм.
Эх сурвалж: THE DIPLOMAT, IGOR DENISLOV
Холбоотой мэдээ