Загвар өмсөгч Ж.Энэрэл дэлхийн загварын ертөнцөд гялалзаж яваа. Тэрбээр загварын карьераасаа гадна өөрийн хувийн бизнесээ эхлүүлжээ. Ж.Энэрэл өмнө нь ярилцлага өгөхдөө Монголдоо Аргентин улсад үйлдвэрлэсэн цай оруулж ирэх төлөвлөгөөтэй байгаагаа хэлж байсан юм. Тэрбээр Өмнөд Америкаас гаралтай, олон улсад алдартай "Матеа" цайг Монголдоо оруулж ирж буй аж.
Ж.Энэрэл загварын салбарын домогт зурагчин Стивен Мейзельтэй хамтран ажиллаж, Александр Маккюны загварыг амилуулсан тухайгаа өөрийн фэйсбүүк найзуудтайгаа хуваалцжээ. Загвар өмсөгч бүсгүй дөрөвдүгээр сард эх орондоо ирэх төлөвлөгөөтэй байгаа аж.
Ж.Энэрэл өмнө нь дэлхийд алдартай "Mercedes-Benz" брэндийн 2021 оны шинэ загварын нүүр царай болж байв. Мөн Монголын загвар өмсөгчдөөс хамгийн анх Нью-Йорк, Парис, Миланы загварын шоунуудад оролцож, амжилт гаргасан загвар өмсөгч болсон. Загвар өмсөгч, авьяаслаг бүсгүй одоо 27 настай. Анх 2012 онд Монголд болсон ‘Face of Mongolia’ тэмцээнд тэргүүн байр эзэл, ‘Asia’s new star model contest’ тэмцээний II байр, ‘Miss Model of the World Mongolia’ тэмцээний I байр, ‘Miss World Mongolia’ тэмцээнд II байранд тус тус шалгарч байжээ.
Ж.Энэрэл өмнө нь ярилцлага өгөх үеэрээ "Загварын карьераа илүү өсгөж, супер модель болох зорилготой. Цаашдаа Холливудад хөл тавьж, жүжигчнээр ажиллах мөрөөдөлтэй" гэдгээ хуваалцаж байсан юм.
Холбоотой мэдээ