Зам, тээврийн хөгжлийн яамнаас Замын-Үүд болон бусад боомтын ачаа тээвэртэй холбоотой асуудлаар холбогдох албаны хүмүүс мэдээлэл хийлээ. Энэ үеэр хилийн цаана гацсан 900 орчим чингэлэг ачааг ойрын 10 хоногийн хугацаанд татна гэж холбогдох албаны хүмүүс мэдээлэв.
Мөн тэд албан тушаал, эрх мэдэл харгалзахгүйгээр иргэдийн ачаа барааг тэгш байдлаар татаж нэвтрүүлж буйг хэлээд, ачаа бараа татан авахад гарч буй хүндрэлтэй асуудал нь чингэлэг тээврээр өдөрт 60 чингэлэг нэвтрүүлж буйд байгааг онцоллоо.
Шадар сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.МӨНХБААТАР:
-Ажлын хэсэг өдөр бүр хуралдаж, үүрэг, чиглэл өгч байна. Замын-Үүдэд байгаа олон мянган жолооч хэрхэн ажиллах талаар асуудаг. Жолооч нар дундын тээвэрлэлтэд хүндэтгэлтэй хандахаа илэрхийлсэн. Жолооч нар ачаа барааг Замын-Үүдээс хот руу тээвэрлэх ажилд оролцох боломжтой. Евро Ази руу тээвэрлэлт хийх боломжийг эрэлхийлж ажиллахыг Шадар сайд холбогдох газруудад даалгасан. Замын-Үүд боомт нээгдсэнээс хойш 10 хоног өнгөрч байна. Өнөөдрийн байдлаар улсын хилээр 418 тээврийн хэрэгслээр 549 чингэлгээр 9000 орчим тонн ачаа нэвтрүүлжээ. Эрээн-Замын-Үүд боомтын үйл ажиллагаа хэвийн горимдоо шилжиж байна.
Өнөөдрийн байдлаар Эрээн хотын гаалийн хяналтын талбайд орсон ачаатай чингэлгүүдийг татах ажил үргэлжилж байна. Хятадын талаас гаалийн бүрдүүлэлтэд орсон дарааллаар ачаа барааг татан авч байгаа аж. Монголын талаас Улаанбаатар төмөр зам ажиллах зохион байгуулалт хийжээ. Замын-Үүд боомтын үйл ажиллагаа сэргэснээс хойш 9000 орчим тонн ачаагаар 500 гаруй нэр төрлийн бараа татан авчээ. Үүнд хүнс, хувцас, гэр ахуй, барилга зэрэг бүх төрлийн бараа багтсан байна. Гэхдээ хүнс болон эмийн хэрэгслийг нэн тэргүүнд татан авч байгаа аж. Мөн 51 чингэлэг хил гаалийн хяналтын бүсэд хүлээгдэж буй юм байна.
УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалт хариуцсан орлогч, хэлтсийн дарга Д.БАТМӨНХ:
-Эрээн-Замын-Үүдийн боомт нээгдсэнээс хойш урд хөршөөс татан авсан 549 бараанаас төмөр замаар 43 чингэлгийг Улаанбаатарт татан авсан. Өргөн царигаар Эрээн өртөөнөөс чингэлэг болон бусад ачааг татан авах чиглэлд Хөх хотын төмөр замтай харилцан хэлэлцэж, судалж байна. Мөн нарийн царигаар БНХАУ болон гуравдагч орон руу экспортлох чиглэлд Бээжин болон Хөх хотын төмөр замтай хамтран ажиллаж, судалж байна. Одоогоор шийдвэр гараагүй байна. Эрээнд тогтоосон хөл хориотой холбогдуулан чингэлэгт ачааг татан авч, хоногт есөн галт тэрэг гарч байна. Хилийн боомтуудаар хүнс, эмийн бүтээгдэхүүнийг нэн түрүүнд татна. Мөн хилийн цаана овоорсон ачааг татан авч дууссан ч бусад тээвэрлэлтийн татан авалт үргэлжилнэ.
Холбоотой мэдээ