"Тавантолгой түлш" ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэрийн дэргэд сүүлийн үеийн технологитой, бүрэн автомажсан шинэ үйлдвэр барихаар болжээ. Урьдчилсан мэдээллээр тус компанийн баруун бүсийн үйлдвэр шиг хүчин чадалтай шинэ үйлдвэр барьж байгуулахад 10 сая ам.доллар буюу 30 тэрбум төгрөг зарцуулах тооцоолол гарсан байна. Энэ талаар салбарын сайдаас тодрууллаа.
БОАЖ-ын сайд Б.БАТ-ЭРДЭНЭ:
-Өнөөдөр хоёр ажлын хэсэг байгууллаа. "Тавантолгой түлш" компанийн хувьд зөвхөн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулж байна. Цаашид энэ компани цогц утгаараа ажиллах ёстой. Ямар нэг бүтээгдэхүүн үйлдвэрлэхдээ гурван шат дамжлага дамждаг. Нэгдүгээрт, судалгаа шинжилгээ хийх ёстой. Хоёрдугаарт, туршилт хийх, гуравдугаарт, үйлдвэрлэх ёстой. Тийм учраас Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороонд "Тавантолгой түлш" компанийн дэргэд лаборатори яаралтай байгуулж, судалгаа шинжилгээ хийж, турших үүрэг чиглэл өглөө. Өнөөдөр шахмал түлшний түүхий эд нь мидлин. Энэ түүхий эдээр цаашид үйлдвэрлэх нь зөв эсэхийг судална. Дараа нь сайжруулсан шахмал түлшний стандарт гаргана. Тодорхой хэмжээнд түүхий нүүрсний хэмжээг бага зэрэг бууруулж, сайжруулсан шахмал түлшний стандарт гаргасан. Иргэд хоёр асуудлыг ярьж буй. Шахмал түлш түлэхдээ зуур таарна, таарахгүй. Хоёрдугаарт, яндангаа хөөлнө, хөөлөхгүй гэдэг асуудал. Монгол Улсад утааны стандарт гэж огт байхгүй байна.
Бүсчилсэн хэлбэрээр утааны стандарт тогтооно. Хүн ам ихээр төвлөрсөн Улаанбаатар хотын айл, аж ахуйн нэгжүүд галлагаа хийхдээ нэг стандарттай байх ёстой. Жишээлбэл, томоохон уурын зуухууд өнөөдөр 73 мянган түүхий нүүрс түлж байна. Гэр хороололд бүртгэлтэй айл өрх, албан байгууллагын 182 мянган нам даралтын зуухыг 2022 оны есдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн сайжруулсан шахмал түлшээр галлахгүй. Харин тэрний оронд нам даралтын зуухыг цахилгаан, хий гэх мэт өөр шийдлээр шийддэг болно. Мөн агаарын бохирдолд автомашины утаа их нөлөөлж байна. Монгол Улсад 1.2 сая орчим хөдөлгөөнт тээврийн хэрэгсэл бүртгэлтэйгээс Улаанбаатарт 652 нь байдаг.
Бас БОАЖ-ын дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулсан. Энэ ажлын хэсэг "Тавантолгой түлш" компанийн зүүн бүсийн үйлдвэрийн дэргэд сүүлийн үеийн технологитой, бүрэн автомажсан шинэ үйлдвэр барина. Урьдчилсан мэдээллээр, баруун бүсийн үйлдвэрийн хүчин чадалтай шинэ үйлдвэр байгуулбал 10 орчим сая ам.доллар буюу 30 тэрбум төгрөг зарцуулах тооцоолол гарсан. Баруун бүсийн үйлдвэрийг зүүн тийш нүүлгэх зардал бас бараг 30 тэрбум төгрөг болж буй. Тэгэхээр баруун бүсийн үйлдвэрийг ашиглахгүй шинэ үйлдвэр ашиглалтад орсон өдрөөс үйл ажиллагааг нь зогсоож, нөөц хадгалах агуулахаар ашиглана.
Салбарын сайд өнөөдөр /2022.01.21/ "Тавантолгой түлш" компанийн ТУЗ-ийн гишүүд, удирдлагууд болон "Эрдэнэс Тавантолгой" компанийн захирал, хариуцсан дэд захирал, Эрчим хүчний яамны мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачидтай БОАЖЯ-ны хурлын танхимд уулзаж, эрдэмтдийн зөвлөл байгуулах юм байна.
Холбоотой мэдээ