SPEAK OUT: Эрх баригчдын үгэнд хууртаж, "шатаж" дууслаа

Хуучирсан мэдээ: 2022.01.21-нд нийтлэгдсэн

SPEAK OUT: Эрх баригчдын үгэнд хууртаж, "шатаж" дууслаа

SPEAK OUT: Эрх баригчдын үгэнд хууртаж, "шатаж" дууслаа

Замын-Үүд-Эрээний гацаа арилж, ачаа тээврийг нэгдүгээр сарын 11-нээс нэвтрүүлж эхэлсэн. Ингэснээр өдөрт 65-68 чингэлэг ачаа татан авч байгаа талаар, мөн  хилийн цаана овоорсон ачааг татан авч дуусч байгааг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар өнгөрсөн Лхагва гаригт мэдээлсэн билээ. Тодруулбал, “Эрээн боомтын гаалийн баталгаат талбайд хуримтлагдсан 985 чингэлгээс энэ сарын 11-нээс найм хоногийн хугацаанд 433-ыг нь татсан. Эхний өдрүүдэд 23 чингэлэг татсан бол сүүлийн өдрүүдэд 6065 болж нэмэгдсэн. Ингэснээр ес хоногт бүх чингэлгийг татан авч дуусна” гэсэн юм.

Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээлснээр, өчигдөр 48 автомашинаар нийт 57 чингэлэг ачаа татан авсан байна. Гэвч бодит байдал дээр өнгөрсөн оны аравдугаар сараас хойш бараагаа татан авч чадаагүй хүлээж буй иргэн олон байгаа юм. Тэдний хувьд алдагдалд орсон төдийгүй 3-4 дахин өссөн тээврийн зардалд халаасаа шавхаж буйгаа хэлж байна. Энэ талаар  худалдаа эрхлэгчдийн төлөөлөл дараах байр суурийг илэрхийллээ.

ЭРХ БАРИГЧДЫН ҮГЭНД ИТГЭЭД ХОХИРСОН

Хувиараа бизнес эрхлэгч Ц.БУЯНСҮРЭН: 

-Засгийн газар ачаа барааг татаж дуусгасан гэх мэдээлэл өгч байгаа ч би одоо хүртэл ачаагаа аваагүй. Өнгөрсөн аравдугаар сараас хойш ачаагаа хүлээж байна. Би худалдааны төвүүдэд лангуу түрээслэж, эмэгтэй бэлэн хувцас борлуулдаг юм. Уг нь аравдугаар сар, арванхоёрдугаар сар, нэгдүгээр сарын захиалга байгаа ч эхнийх нь барааг ч хараагүй. Цагаан сарын өмнө бараагаа авчих болов уу гэх үүднээс нэгдүгээр сард захиалга өгсөн ч одоо хэзээ ирэхийг нь мэдэхгүй байна. Мөн арванхоёрдугаар сард түрээсийн мөнгө, банкны зээлийн төлбөрөө хадгалсан байсан ч Ерөнхий сайд арванхоёрдугаар сарын 5-наас хил нээгдэх тухай мэдээлэл өгсөн. Үүнд нь итгээд бараа захиалсан ч одоо болтол аваагүй байна. Над шиг олон хүн эрх баригчдын үгэнд итгэж хохирсон болов уу. Чингэлэг тээврээр ачаа барааны эргэлтийг сайжруулна гэж ярихад нь хүлээлттэй байсан ч  үр дүнг нь мэдэхгүй байна. Сүүлийн гурван сар өөрт байсан нөөц бололцоогоо шавхлаа. Одоо лангууны түрээс, банкны төлбөр нэхэгдэж, эргэлтийн хөрөнгөгүй болсон. Түрээсийн хөнгөлөлт байхгүй, түрээс нь нэхэгдэж, зарим хүмүүс хөөгдөхдөө тулсан. Банкны зээлээ төлөхгүй бол ангилал буурч, найдваргүй зээлдэгч болно. Ачаа бараа долоо хоногт  багтаж ирнэ гэсэн ч хугацаа нь өнгөрчихөөд бараагаа аваагүй хүмүүс ч байна. Одоо хүлээхээс өөр аргагүй. Каргоноос ямар ч сураггүй байна.

Лангуу түрээслэгч Р.БАТБОЛД

-Хил хаалттай, бараагаа өнгөрсөн оны аравдугаар сараас хойш авч чадаагүй байсан. Удаан хүлээсний эцэст сая л бараагаа авлаа. Үүнд төрийн оролцоо ч байгаа гэж бодож байна. Манай гэр бүл жирэмсний хувцас борлуулаад, 10 гаруй жил өнгөрч байна. Нийт 300 кг ачааны 50 кг-ыг нь л авлаа. Одоогоор тээврийн зардлын мөнгөө төлөөгүй, нийт дүнгээр хэчнээн төгрөг болохыг нь мэдэхгүй байна. Хилийн хоригоос болж тээврийн зардал хоёр дахин өссөн. Бараагаа л авч байвал тээврийн зардлын үнийг нүдээ аниад төлөх болов уу.

ЖИЖИГ, ДУНД БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН АЧАА ОДОО Ч АЛГА

Иргэн Д.СҮНЖИДМАА: 

Засгийн газраас өгч байгаа мэдээллээр, ачаа бараа нэвтрүүлж дуусч байна гэх юм. Үнэндээ ачааныхаа барааг ч хараагүй удаж байна. Өнгөрсөн оны аравдугаар сарын 3-наас хойш өнөөдрийг хүртэл бараагаа аваагүй байна. Шинэ жилээр зарах, өвлийн бэлэн хувцас захисан ч сезон нь дууслаа. Одоо цагаан сар болох гэж байна. Бараагаа зүүдэлж байна шүү дээ. Бусадтай харьцуулахад их хэмжээний бараа биш ч хүнээс зургаан сая төгрөг зээлж ачаа захисан. Гэвч ашиг олох нь бүү хэл алдагдалд орчихлоо. Томхон аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийн ачааг нэг сар ч хүрэхгүй хилээр нэвтрүүлдэг гэж хардаж байна. Яагаад гэвэл, надтай адилхан маш олон хүн олон сар бараагаа аваагүй, зарим нь нэг жил хүлээж байна шүү дээ. Хувиараа бизнес эрхэлж, орлоготой болох гээд анх удаа хүнээс мөнгө зээлж, бараа захисан ч ашиг олох нь бүү хэл алдагдалд орлоо.

БАГАХАН АЧААНЫ ТЭЭВРИЙН ЗАРДАЛД  3.5 САЯ ТӨГРӨГ ТӨЛЖ БАЙНА

Хувиараа бизнес эрхлэгч Б.ТӨМӨРХУЯГ: 

Хил хаалттай үед ачаа тээврийг багаар ч болтугай нэвтрүүлж байгаа нь сайшаалтай. Даан ч тээврийн зардлын үнэ 3-4 дахин өслөө. Чингэлэг тээврийг нэвтрүүлнэ гэхэд хүлээлт байсан ч үр нөлөөгүй санагдаж байна. Өнгөрсөн оны аравдугаар сараас хойш хүлээсэн бараагаа саяхан л авлаа. Багахан ачааны тээврийн зардалд 3.5 сая төгрөг төлж байна, чингэлэг тээврийн үр нөлөө ч алга. Эрх баригчид ачаа барааг нэвтрүүлж эхэлнэ гэхэд хүн бүр баярлаж байсан. Гэвч тээврийн зардал дөрөв дахин үнэтэй болсноор бүгд л халаасаа тэмтэрч алдагдалд орж байна. Бид үндсэн барааны үнэ, тээврийн зардалд орсон  үнээ шингээгээд бараагаа зарахад иргэд л хохирч, инфляци өсч байна. Дунджаар нэг сая төгрөгийн цалинтай байлаа гэхэд 500 мянган төгрөгийн үнэ цэнтэй болж байгаа юм. Бараа, бүтээгдэхүүний үнэ цаашид буурахгүй, өсөх хандлагатай байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
5
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж