Иргэд цагаан сарын бэлтгэл базаахгүй өнжихөөр шийджээ

Хуучирсан мэдээ: 2022.01.21-нд нийтлэгдсэн

Иргэд цагаан сарын бэлтгэл базаахгүй өнжихөөр шийджээ

Иргэд цагаан сарын бэлтгэл базаахгүй өнжихөөр шийджээ

Ногоон хурганы арьс, нохойн битүү туурайнаас бусдыг зардаг Нарантуул зах өдийд сар шинийн бэлтгэлээ хийх гэсэн хүмүүсийн хөлд дарагддаг байлаа. Худалдаачдын биесээсээ өрсөн орилох, хүмүүсийн нэгнээсээ түрүүлж бараа авахаар дайрдаг үе ард үлджээ. Хоёр жилийн өмнөөс худалдаа эрхлэгчид энэ байдалд дассан гэнэ. Тэдний ярианаас сонсвол бэлэн мөнгөөр тооцоо хийдэг нь битгий хэл барааны үнэ асуух ч хүн цөөрсөн байна.

Наймаачид "Хүмүүсийн худалдан авах чадвар үнэхээр муудсан" гэж ам уралдан хэлцгээнэ.

Тэдний яриа бодитоор харагдаж байлаа. Олон улсын худалдааны төв хэмээн нийслэл, орон нутгийнхны зорьж ирдэг захад баярын гэлтгүй бусад барааны сонголт ч байсангүй. Хүнгүй учраас бэлгийн боодолтой бараагаа задлаагүй байгаа аж.

Урьд жилийнх учраас авах хүн ч байхгүй биз гэнэ. Нээрээ л өнгөрсөн жилийн өдийд хөл хорионы дэглэмд захын хөөрхий худалдаачид хохирсон гэхэд хилсдэхгүй. Хэдийгээр энэ удаад хөл хориогүй ч хүмүүс санхүүгийн боломж тун тааруу байгаа нь илт. Тоотой хэдэн хүмүүс баярын гэхээс илүүтэй ахуйн хэрэглээ, өөрт хэрэгтэй зүйлсээ авахаар л зах руу ирэх болж.

Цагаан сарыг өргөн хүрээнд тэмдэглэхгүй байх шийдвэр гараагүй ч захаас ажиглавал хүмүүсийн амьдралд баяр дутаагүйг илтгэх мэт.

Төв хаалганы хажууд зогсох худалдаачид дайлан аваарай, бөөний үнээр хүүхдийн хантаазаа аваарай гэхчлэн хэлэхийг хажуугаар нь зөрөх хүмүүс тоосон шинжгүй өнгөрнө. Хойш яваад төмөр саравч дор байрлах монгол дээлний эгнээгээр оров.

Өнгө өнгийн торго, даавуугаар урласан уламжлалт, гоёлын гээд төрөл бүрийн загвартай эмэгтэй, эрэгтэй дээл эгнүүлэн өржээ. Үнийн хувьд хүүхдийнх 45-90 мянган төгрөг. Эмэгтэй дээл 65-200 мянга, эрэгтэй нь 85-250 мянган төгрөгийн сонголттой байлаа. Гэхдээ дараалан байрлах гурван эгнээн дунд 10 хүрэхгүй хүн л дээл өмсч үзэж, авах эсэхээ шийдэж чадахгүй байгаа харагдав.

НЭГ ДЭЭЛ АВАХ ҮНЭЭР ГЭР БҮЛЭЭРЭЭ ХОС ЦАМЦ АВАХ НЬ ИХЭССЭН

Цагаан сар дөхөх үеэр өдөрт 5-10 дээл хангалттай зардаг байсан. Энэ жил өдөрт ганц дээл зарвал их юм болсон. Хүмүүс ихэвчлэн монгол хантааз, цамц зэргийг гэр бүлээрээ ижилсэн авч байна. Түүнээс гоёлын, уламжлалт дээл авдаг хүн байхаа больсон гэв. Гэр бүлээрээ 4-5 хүн монгол загварын цамц авахад нэг дээлийн үнэтэй ижил. Учир нь торго, бөс барааны үнэ тэнгэрт хадсан болохоор хямд дээл гэж ховор байгааг хэлэв.

Дээл хувцасны эгнээнд сонин хачин зүйл нэг ч байсангүй. Худалдаачид бөөнөөрөө хөзөр тоглох бөгөөд барааг нь сонирхон асуух хүн байвал гялс очиж хариулчхаад буцаад тоглоом руугаа яарна.

Ирэх долоо хоногт яах юм байгаа юм. Уг нь тоотой хэдэн баяраар лангууны орлого нэмэгддэг. Болохгүй бол хавар болох хонхны баярыг л хүлээнэ дээ гэцгээнэ. Хувцасны бэлтгэл базаасан хүн тун ховор аж. Малгай, бүс авах ч хүн цөөн байлаа. Үнийн хувьд мөнгөн аралтай бүс 55-75 мянган төгрөг, дээлний бүс 50-80 мянган төгрөгөөр зарж байна. Булган малгайны тухайд үснээс шалтгаалж үнэ нь 150-280 мянган төгрөгийн хооронд байлаа.

НАЙМАН ТАХИЛТАЙ ЦАР ТАВАГ ХОСООРОО 120-150 МЯНГАН ТӨГРӨГ БОЛЖ НЭМЭГДСЭН

Нарантуул зах дээр цар, идээний тавгийн эрэлт их байлаа. Хар модон цар хатаж, цуурах нь хурдан учир дангаараа 35-50 мянган төгрөг, хуш модон цар таваг нь цууралт өгдөггүй,  дээрээс нь найман тахилтай учир дангаараа 60-80 мянган төгрөгийн үнэтэй худалдаалдаг байна. Хүмүүс ихэвчлэн идээ болоод ууц, мах тавина гэдэг утгаараа царыг хосоор нь авах аж. Бэлгийн барааны хувьд хайрцаг савтай чамин гэхээс илүүтэй монгол оймс, бээлийг хүмүүс түлхүү сонгож байгаа харагдав.

Өнгөрсөн жил өргөн хэрэглээ, ахуйн барааны үнэ өсөөгүй байсан. Харин энэ жил шинэ, хуучингүй дотоодод хийдэг байсан ч үнэ 2-3 дахин нэмэгдсэн. Өнгөрсөн жил найман тахилтай царыг хосоор нь 85-110 мянган төгрөгөөр худалдаалж байсан бол энэ жил аргагүй эрхэнд үнээ нэмсэн. Гэхдээ хувцас, бэлгийн барааг бодвол идээ шүүсний дээж тавина гэдэг утгаараа цар авах иргэд их бий гэж худалдаа эрхлэгч хэлэв. Тэрбээр сүүлийн 10 гаруй жил Нарантуул захад ажиллаж байгаа бөгөөд өмнө нь хүнгүй цагаан сар угтсан тохиолдол нэг ч байхгүйг онцолсон юм.

Иргэдийн хэлж байгаагаар гэрийнхнийхээ хүрээнд цагаан сараар ёсолж өнгөрнө. Гэхдээ орж ирсэн хүүхэд, настнуудын гарыг цайлгахгүй бол болохгүй шүү. Муу ч үгүй Монголын ёс. Тиймээс тэтгэврийн зээлээ аваад, жаахан зүйл бэлдээд л явж байна гэв.

Монголчуудын уламжлалт баяр ёслол Цагаан сар болоход хоёр долоо хоног хүрэхгүй хугацаа үлдэв. Хөдөө, хотынх ялгаагүй айлчилж ирсэн зочдынхоо гарыг цайлгах бэлэг сэлтээс эхлээд өнгөтэй өөдтэй байхыг бэлгэдэн шинэ дээл хувцас, алаглуулан засах ааруул, идээгээ бэлддэг. Ийнхүү хүмүүс баярын бэлтгэлээ базаахаар өргөн сонголттой, хямд үнэтэй гэдэг утгаар Нарантуул захыг зорих нь элбэг. Харин энэ жил худалдаачдаас өөр цөөхөн хүн зах дээр үзэгдэв. Түүгээр ч зогсохгүй хоосон лангуунууд хэд хэд харагдлаа.

Хил гааль дээрээс ирэх бараа гэж байхаа больсон. Тиймээс бөөний үнэ, өргөн сонголт гэж яриад ч дэмий. Одоо цагт хүмүүс барааны үнэ асуугаад л яваад өгдөг болсон. Уг нь Нарантуул хамгийн хямд үнэтэй нь гэдэг ч баяр дөхсөн өдрүүдэд нам гүм хэвээр байх нь сонин харагдана.

Гэрэл зургийг: Г.ЭНХ-ОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
7
ХарамсалтайХарамсалтай
5
ХөөрхөнХөөрхөн
5
БурууБуруу
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж