Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооноос өнөөдөр (2022.01.20) хэвлэлийн бага хурал зохион байгуулж, Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлынхаа талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Хэвлэлийн хуралд Улсын Их Хурлын гишүүн, тус Байнгын хорооны дарга М.Оюунчимэг, Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг, Д.Сарангэрэл, Ц.Туваан нар оролцов.
Нийгмийн бодлогын байнгын хороо 2021 оны намрын ээлжит чуулганы хугацаанд 12 удаа хуралдаж, Байнгын хорооноос чуулганы нэгдсэн хуралдаанд 14 хуулийн төсөл, Улсын Их Хурлын тогтоолын 1 төсөл батлуулжээ. “Баталсан хууль тогтоомж амьдралд хэрэгжих нь хамгийн чухал учраас хэрэгжилтэд нь хяналт тавих Байнгын хорооны ажлын хэсгүүд байгуулагдан газар дээр нь ажиллаж, хуулийг хангалтгүй хэрэгжүүлж буй албан тушаалтнуудтай хариуцлага тооцох асуудлыг ч ярьсан. Хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавьж ажилласнаар тулгамдсан асуудлыг шуурхай шийдвэрлэсэн чуулган боллоо” хэмээн Улсын Их Хурлын гишүүн, тус Байнгын хорооны дарга М.Оюунчимэг эхэнд нь онцлон тэмдэглэв.
Нийт ажиллагсад, ажил олгогчдын эрхийг хамгаалсан Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга 2022.01.01-ний өдрөөс хэрэгжиж эхэллээ
1999 оноос хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Хөдөлмөрийн тухай хуулиар гэрээ байгуулснаар хөдөлмөрийн харилцаа үүсэж, хуулийн хамгаалалтад ордог байсан бол шинэ оны эхний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар ажиллаад эхэлсэн л бол гэрээ байгуулсан эсэхээс үл хамааран хөдөлмөрийн харилцаа үүссэнд тооцон хуулийн хамгаалалтад орох эрх үүсэж байна. Ажил хийсэн хэрнээ гэрээ байгуулаагүйн улмаас ажилчин хүн хохирдог байсныг энэ хуулиар халснаараа хүний эрхийг хамгаалсан хууль болсон гэдгийг Байнгын хорооны дарга тэмдэглэв. Тус шинэчилсэн найруулгад хуулийн суурь зарчмууд болох үл ялгаварлан гадуурхах, шударга байх, дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамтыг хориглох, нийгмийн түншлэлийг хангах, малчин, гэрийн үйлчлэгч зэрэг хуулийн зохицуулалтгүй байсан хөдөлмөрийн харилцааг зохицуулалттай болгож, цалин хөлсийг тооцон олгох, гэрээсээ ажил эрхлэх, зайнаас ажил эрхлэхийг мөн хуулийн зохицуулалттай болгосон. Уртын ээлжээр ажиллах ажилтны нэг ээлжид ажил үүрэг гүйцэтгэх хугацааг 14 хоног, амрах хугацааг 14 хоног болгосон нь зарим ажил мэргэжлийн хүмүүсийн хувьд гэр бүлдээ зарцуулах хугацааг нэмэгдүүлэх ач холбогдолтой боллоо. Мөн дагалдангаар ажиллах, дагалдангаар суралцах, туршилтаар ажиллуулахыг хуульчиллаа гэв.
Зуучлагч компани зуучлуулагчаас аливаа төлбөр хураамж авахгүй байхаар хуульчиллаа
Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг намрын ээлжит чуулганы хугацаанд батлуулсан. БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа 4400 гаруй иргэд, Япон улсад гэрээгээр ажиллаж буй 161 иргэн, ур чадвар эзэмших дадлагажигчаар ажиллаж байгаа 6000 монгол иргэдийнхээ хөдөлмөр эрхлэх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай зохицуулалт бүхи хуулийг 20 жилийн дараа шинэчилсэн найруулгаар баталсан нь Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулга юм гэдгийг Байнгын хорооны дарга тэмдэглээд тус хуулийг Монгол Улсын нэгдэн орсон Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 181 дүгээр конвенцид нийцүүлэн зуучлагч компани зуучлуулагчаас аливаа зуучлалын хөлс, төлбөр хураамж авахгүй байх, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, хөдөлмөрийн зах зээлийг хамгаалах бодлоготой нийцүүлэн зарим салбарт ажиллах ажилтан зуучлах үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоож болох, дотоодын хөдөлмөрийн зах зээлээ хамгаалах, мэргэжилтэй ажилтан дотооддоо бэлтгэх зорилгоор гадаад ажилтнаар хөдөлмөр эрхлүүлсэн ажил олгогч гадаад ажилтны 30-аас доошгүй хувьтай тэнцэх ажилтныг дагалдан сургах, Монгол Улсын иргэн гадаадад эзэмшсэн мэргэжил, ур чадвараа Монгол Улсад холбогдох байгууллагаар тогтоолгож баталгаажуулж болохоор тусгасан гэв.
Айл өрх бүр Угийн бичиг хөтөлж хэвших ажил бодитоор хэрэгжихээр боллоо
Намрын ээлжит чуулганы хугацаанд Монгол хүний удмын санг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталлаа. Энэхүү тогтоол батлагдсанаар Монгол хүн судлалын салбарыг сэргээн хөгжүүлэх, айл өрх бүр Угийн бичиг хөтлөн хэвших, цаашлаад удам судраа мэдэх, цус ойртолт, удамшлын өвчлөлөөс сэргийлэх ажлын эхлэлийг цаасан дээр бус бодит амьдралд хэрэгжих ажлын эхлэлийг тавьж байна. Тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд цаг хугацаатай хийх ажлын чиглэлийг Засгийн газарт өгсөн. Тухайлбал, хүний геном, удмын мэдээллийг бүрэн тогтоож аливаа өвчин эмгэг, түүнийг үүсгэж буй шалтгааныг олж илрүүлэх, Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах чиглэлээр орчин үеийн дэвшилтэт технологи бүхий Генетикийн лаборатори болон Генийн сан байгуулах, түүнчлэн хүн амын өсөлт, нөхөн үржихүй, гэр бүлийн тогтвортой байдлыг дэмжих, хүүхдийн тооноос хамааруулан гэр бүлд дэмжлэг үзүүлэх асуудлыг судалгаа, шинжилгээнд үндэслэн хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох зэрэг юм гэдгийг Байнгын хорооны дарга тэмдэглэв.
Баталсан хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавьж ажиллав
Хууль тогтоол хэлэлцэн, батлуулахаас гадна Байнгын хороо хуулийн биелэлтийг хянан шалгах чиг үүргийг гол болгон ажилласныг Байнгын хорооны дарга мэдээлэлдээ онцлон тэмдэглэсэн. Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн хүрээнд 2021 оноос нэг худалдан авагчийн тогтолцоонд шилжсэнтэй холбоотойгоор Эрүүл мэндийн салбарын хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгах ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Д.Батлутаар ахлуулан гишүүдэд Улсын Их Хурлын гишүүн П.Анужин, Б.Бейсен, М.Оюунчимэг, Д.Өнөрболор, Ц.Сандаг-Очир, Ц.Туваан, Ж.Чинбүрэн, С.Чинзориг нар гурван сар гаруйн хугацаанд Өвөрхангай, Сүхбаатар, Төв, Орхон аймаг, сумдын эмнэлэг, нийслэлд гуравдугаар шатлалын эмнэлэг зэрэг бүх шатлалын эмнэлгүүдэд ажилласан. Энэ үеэр хуулийн мөн чанарыг ойлгож хэрэгжүүлэх, бүрэн хэрэгжүүлэх ажил удаашралтай байгаа нь харагдсан. Тиймээс хуулийн хэрэгжилтийг хангуулж ажиллахыг Засгийн газарт чиглэл болголоо. Ажлын хэсэг ажиллахад эрүүл мэндийн салбарт салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах, нийгмийн эрүүл мэндэд ноцтой байдал үүсcэн үед дүүргийн хэмжээнд шуурхай хариу арга хэмжээг удирдан зохион байгуулах, зохицуулалтыг хийх боломж бүрдүүлэх, орон нутгийн эмнэлгүүд тоног төхөөрөмжийн дутагдалтай байгааг сайжруулах, эмч, эмнэлгийн ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэх замаар анхан шатанд ажиллаж буй эмч, эрүүл мэндийн ажилтнууд дутагдалтай байдлыг засах, эмнэлгүүдийн ТУЗ-ын асуудлыг шийдвэрлэхгүй удаж байгаагаас эмнэлгүүд бие даан шийдвэр гаргаж гүйцэтгэлээр эмч нарын цалин, урамшууллыг нэмэгдүүлэхэд хүндрэл учирч байгааг даруй өөрчлөх, эмч, эмнэлгийн ажилчдын үндсэн цалинг нэмэгдүүлэх, цалингийн доод хязгаарыг тогтоож босго цалинтай болгох, урамшууллыг цаг тухайд нь тогтмол олгож байх асуудлыг салбарын хэмжээнд хэрэгжүүлэх, эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 03 дугаар тогтоолоор батлагдсан Эрүүл мэндийн даатгалаас зардлын төлбөрийг нь хариуцах эрүүл мэндийн зарим үйлчилгээнүүдийн төлбөр зардлаа нөхөж чадахгүй хэмжээнд байгаа зэрэг асуудлуудыг яаралтай шийдвэрлэх шаардлагатай харагдсан учир энэ чиглэлээр шуурхай ажиллахыг холбогдох албан тушаалтнууд, Засгийн газарт даалгаж, хэрэгжилт нь хангагдаад явж байна. Тухайлбал, хөнгөлөлттэй эмийн жороо бичүүлэх ажлыг иргэдэд хүртээмжтэй, хялбар, эрүүл мэндийн даатгалын сангаас олгох хөнгөлөлттэй эмийн нэр төрлийг нэмэгдүүлж 584 нэр төрлийг даатгалын сангаас хөнгөлөх нөхцөлийг бүрдүүлэх, эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвөөс үзүүлэх эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээний нэг иргэнээр тооцсон төлбөрийн хэмжээг 2022 оноос хоёр дахин нэмэгдүүлж, санхүүжилтийг Улсын төсөвт тусгах зэрэг ажлууд биеллээ олсон гэдгийг Байнгын хорооны дарга яриандаа тэмдэглэв.
Нийгмийн хамгааллын бусад чиглэлээр…
Нийгмийн бодлогын байнгын хороо жил бүр Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг сонсож, хуулийн хэрэгжилтийг хангуулах тал дээр Засгийн газарт чиглэл өгөн ажилладаг. 2020 онд хуулийн хэрэгжилтийг сонсож байхад сэтгэл зүйчдийг бэлтгэх, нийгмийг соён гэгээрүүлэх, хамтарсан багийн үйл ажиллагааг идэвхжүүлэх зэргийг анхааруулж байсан бол 2021 онд Боловсролын яамнаас бодлогоор сэтгэл зүйчдийг бэлтгэх ажил эхлэн амжилттай явж байна. Цаашид ажилгүйдлийг багасгах, халамж хавтгайрснаас шалтгаалж иргэд ажил хийхгүй, ажилгүйдэл нь өөрөө эргээд гэр бүлийн хүчирхийллийг гол өдөөгч хүчин зүйл нь болж байдгийг үндэслэн ажлын байрыг нэмэгдүүлэх, зорилтот иргэд л нийгмийн халамж үйлчилгээнд хамрагдах боломжийг бүрдүүлэх нь зүйтэй юм гэдгийг Байнгын хорооны дарга тэмдэглээд энэ чиглэл рүү эрх зүйн орчныг бүрдүүлэхээр ажиллаж байна гэлээ.
Мөн Ахмад настны тухай, Нийгмийн халамжийн тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, ахмад настны асрамжийн газрын үйл ажиллагаатай танилцах ажлыг хэсгийг Б.Жаргалмаа гишүүнээр ахлуулан байгуулж, энэ хүрээнд Байнгын хорооны гишүүд Ахмадын асрамж, хөгжлийн үндэсний төвд ажилласан. Цаашид ажлын хэсэг чуулганы завсарлагааны хугацаанд Ахмад настны нийгмийн хамгаалал, асаргаа сувилгаа, эмчилгээний чанар хүртээмжийг сайжруулах боломжийг бүрдүүлэх чиглэлээр ажиллана гэлээ.
Түүнчлэн, Байнгын хорооноос Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, холбогдох байгууллагын үйл ажиллагаатай танилцах үүрэг бүхий хяналт шалгалтын ажлын хэсэг байгуулахаар ажиллаж байна. Энэ хүрээнд хүүхэд хамгааллын үйлчилгээг сайжруулах, хүүхэд хамгааллын төсөв хөрөнгийн зарцуулалтад хяналт тавьж, аудит оруулах талаар ажиллана хэмээн тэмдэглэв.
Хэвлэлийн бага хуралд оролцсон гишүүн Д.Сарангэрэл Нийгмийн бодлогын байнгын хороо ээлжит хуралдаанаас гадна ээлжит бус хуралдаануудыг хийж, тулгамдсан асуудал бүрийг шийдвэрлүүлэхийн төлөө Улсын Их Хурлаа манлайлан ажилласныг тэмдэглэсэн бол Ц.Туваан гишүүн Байнгын хорооноос хууль тогтоомжийн хэрэгжилт, биелэлтэд анхаарч байгаа нь маш сайн. Энэ чиглэлээр сайн ажиллаж байгаагаас олон эерэг үр дүн гарч байна гэсэн бол Б.Саранчимэг гишүүн чуулганы завсарлагааны хугацаанд Байнгын хорооны гишүүд ажлын хэсгийн чиглэл тус бүрээр ажиллана. Тухайлбал, Гэр бүл, хүүхдийн хүчирхийллийн эсрэг ажлын хэсэг хүүхдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх тал дээр идэвхтэй ажиллана гэж тэмдэглэн хэлэв. Мэдээллийн төгсгөлд Байнгын хорооны гишүүд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.