УИХ-ын намрын чуулганы сүүлийн өдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн оруулж ирсэн саналын дагуу БНСУ суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Э.Сарантогосыг, Кувейт улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар П.Сэргэлэнг, Швейцарийн холбооны улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Д.Гэрэлмаа нарыг томилохыг хэлэлцэж, дэмжсэн юм. Гадаад бодлогыг гацаанаас гаргаж, мэргэжлийн дипломатуудыг, мерит зарчмын дагуу Элчин сайдаар явуулж буйд салбарынхан ам сайтай байна.
Гээд, гуя дагуулж хүзүү оруулж ирэхээ МАН-ынхан яаж мартах билээ, уяач П.Сэргэлэнг Кувейт улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилсон нь олон нийтийн сүлжээнд багагүй шүүмжлэл дагуулна лээ.
Гэхдээ өнгөрсөн дөрвөн жил завхралдаа хүрсэн гадаад бодлогыг засах гэж оролдож буй нь гадаад харилцааны бодлогоос харагдах болсон.
Х.Баттулгыг Ерөнхийлөгчөөр ажилласан жилүүдэд Монголын гадаад бодлого алдагдаж, дипломат алба бараг дампуурлаа зарлах нь холгүй болсон. Дургүй хүнээ эргүүлэн татаж, таалагдаагүй нэгнийг таг “гацааж”, дипломат албыг эзэнгүйдэхэд хүргэсэн нь худлаа биш. Ямар сайндаа л өнгөрсөн оны намар УИХ-аар нэг дор 24 Элчин сайдын томилгоог хэлэлцэж байх вэ дээ.
Үндсэндээ, Монголын дипломат алба ялсан намынхны очиж амардаг, амин хувиа амжуулдаг “үдлэх газар” нь, мөн бие, биеэ шагнаж урамшуулдаг “бэлгийн морь” шахуу болоод удаж байгаа. Жишээ нь, жаахан халамцахаараа Австралийн Элчин зөвлөхөө цөллөгтэй жишиж, гомдлоо олон нийтийн сүлжээнд тайлдаг Ж.Батзандан байна. АН-ынхан хуугаараа гудамжинд “лааз” өшиглөж байхад Ж.Батзандан Элчин зөвлөх болсноо голонгуй. АН-ын бүлэггүй болгож өгсөн шагналаа хүртээд Лу.Болд Бельгид Элчин сайдаар сууж байгаа. Энэ мэт, дипломат албаар “шагнуулсан” Элчин сайдууд цөөнгүй.
Хэдийгээр улстөрчдийг дипломат албанд томилдог жишиг дэлхий нийтэд бий ч Монголын хувьд “хавтгайрсан халамж” мэт болчихсон нь худлаа биш. Тиймээс үүнийг цэгцэлж, мэргэшсэн, мэргэжлийн дипломат ажилтнуудыг түлхүү томилох бодлого барьж байгаа нь саяны томилгооноос харагдаж байна. Мэдээж, Ерөнхийлөгчийн болоод салбарын сайдуудын оролцоогүйгээр дипломат албаны завхралыг засах боломжгүй юм.
Нөгөөтэйгүүр, дипломат албаны томилгоондоо эмэгтэйчүүдийн манлайлал, оролцоог нэмэгдүүлэх, хангах тал дээр багагүй анхаарч байгаа нь илт анзаарагдах болсон. Лав зургаан улсын Элчин сайдаар эмэгтэй хүмүүс томилогдсон. Энэ талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “Элчин сайдуудыг гавьяа зүтгэлээр нь томилох, мэргэжлийн ур чадварыг нь дээшлүүлэхэд илүү анхаарч байна. Шинээр томилогдсон элчин сайдууд бүгд өндөр боловсролтой, туршлагатай мэргэжлийн дипломатчид. Өөр нэг анхаарах зүйл бол орчин үеийн дипломат харилцааны түүхэнд эмэгтэйчүүдийг элчин сайдаар томилох нь ховор байдаг. Гэсэн ч, энэ удаад 31 элчин сайдаас зургаан нь эмэгтэй элчин сайд байна. Эмэгтэйчүүдийн манлайллын асуудал гадаад харилцаанд ийнхүү биеллээ олж байгаад баяртай байна” гэж байр сууриа нүүр номдоо илэрхийлсэн байна билээ. Хэлсэн, бичсэнээ ажил хэрэг болгож чадвал дипломат албыг намын шахааныхнаас цэвэрлэж чадах байх. Яг ажилдаа гаршсан, мэргэшсэн хүмүүс нь очдог, томилогддог болох биз.
Нэг томилогдсон бол “таг чиг” болчихдог Элчин сайд нарыг хариуцлагажуулах нь зөв л дөө. БНСУ-аас эгүүлэн татагдаж буй Элчин сайд асан Н.Эрдэнэтуяа нь хүчирхийлэлд өртсөн охины тухай мэдээллийг мэдээгүй байх жишээтэй. Иргэдийнхээ эрхийг хамгаалж ажиллаж чаддаггүй Элчин сайд нар цөөнгүй бий. Тиймээс тэдэнтэй гэрээ хийж, ажлыг нь дүгнэх шаардлагатай юу гэвэл шаардлагатай.
Ядаж л араас нь шаардлага тавьдаг, ажлыг нь шалгадаг болохгүй бол зарим дипломатууд Монголын нэрийг яаж шившигтэй хутгадаг билээ. Их хэмжээний хар тамхи ачиж яваад баригдана. Контрабандын хэрэгт холбогдоно. Үнэндээ дипломат албыг шахаа, шантаажныхнаас цэвэрлэх цаг болсон, болсон.
Б.БАТ
Холбоотой мэдээ