Ардчилсан намаас цаг үеийн асуудлаар өнөөдөр/2021.01.20/ мэдээлэл хийлээ.
Ардчилсан намын дарга С.Эрдэнэ:
-Хүүхдийн мөнгийг зогсоовол тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх боломжтой гэж Сангийн сайд хэлсэн байна лээ. Үүн дээр иргэд бухимдалтай байна. Өнөөдрийн байдлаар Э.Бат-Үүл даргын анхан шатны шүүхийн тогтоол ирээгүй байна. Тогтоол яаж гарахаас их зүйл шалтгаална. Гэм буруу нь тогтоогдсон уу, хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь яасан бэ зэрэг нь энэ тогтоолоос харагдана. Бид тогтоол хүлээж байгаа. Хуулийн байгууллага хугацаандаа тогтоол гаргахгүй байна. Хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой Цэцийн шийдвэр гарсан. Бид Э.Бат-Үүл даргын гэм буруугийн талаар ярихгүй байгаа. Шүүх тогтооно.
Сүүлийн хоёр жил ковидизмын дарлал гарч ирлээ. Баялаг бүтээх, бизнес эрхлэх, сурч боловсрох зэргийг Covid-19-ийн хуулиар хорьж, өчнөөн тэрбум төгрөг зарцууллаа. Үүний тун бага хувь нь эмч, эмнэлгийн ажилчдын цалинг нэмэгдүүлэхэд чиглэлээ.
Цар тахлын эсрэг маш их мөнгийг үр ашиггүй зарцууллаа. Бид судалгаа, дүгнэлт хийж байгаа. Хүүхдийн мөнгө бол халамжийн мөнгө биш. Ирээдүйд оруулж буй хөрөнгө оруулалт. Олон оронд энэ хүүхдийн мөнгийг зөв зүйтэй ашигладаг. Манай гайгүй төслүүдийн ч нэг байсан. Гэтэл эрх баригчид болиулах, хүндрүүлэх гэж ажиллаж байна. Тэтгэвэр, тэтгэмжийг хүүхдийн мөнгөтэй холбож байгаад Ардчилсан нам эсрэг байр суурьтай байна.
Хууль эрх зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга О.Баасанхүү:
-Нэгдүгээрт, Ардчилсан намын нэр угшилтай хүмүүс хэрэгт холбогдвол бид өмөөрөхгүй, хуулийн байгууллагад шалгуулъя гэж байгаа. Хоёрдугаарт, хонгилын асуудал байсаар байна. Үзэл санааны хоригдол болоод буй М.Энхсайхан тэргүүтэй хүмүүсийг зарлаж, олон улсын байгууллагад хандсан. Э.Бат-Үүл даргын хэрэгт намын зүгээс тайван хандсан. Нэгдүгээрт, асуудал нь тендер биш юм байна, газрын үнэлгээтэй холбоотой юм байна гэж үзсэн. Шүүх шударга шийдээсэй гэж бид хүлээсэн. Гэтэл шийдэхгүй удлаа. С.Зоригийг алсан юм шиг гүтгэн гуйвуулж, үр хүүхдэдээ тендер авч өгсөн гэх суртал ухуулга хийсэн. Хуулийн байгууллага үнэнийг нотлох баримтын үндсэн дээр шийдэх байх гэж бид хүлээсэн. Гэвч хөөн хэлэлцэх хугацаа нь дууссаны дараа ял шийтгэл өгсөн байна. Эрх баригчид хөөн хэлэцэх хугацааны хуулийг баталж, өөрсдөө хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан гэх шалтгаанаар хэргээ хаалгасан. Иймээс бид холбогдох хүмүүст албан тоот хүргүүлсэн. Хуулийн байгууллага шударга ажиллана гэж итгэж байна.
Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанаа:
-Цар тахлын тархац хурдтай байна. Тусламж үзүүлэх ёстой эмч сувилагч нар маань халдвар авбал хэрхэн ажиллахыг нь тодорхой болгох хэрэгтэй байна. Халдвартай ч ажлаа хийгээд явж байна. Нөхцөл байдлыг ойлгож байна гэхдээ журам, урамшууллыг нь тодорхой болго. Эмчилгээн дээр ойлгомжгүй байдал үүссэн. Хүнд болгонд ганц антибиотек л өгч байна. Энэ буруу, антибиотек таарах хүн гэж байна, таарахгүй хүн ч бий. Вирусийн халдвараас гадна эмнийхээ хордлогод ороод иргэд эмнэлэгт их ирж байна.
Ардчилсан намын нарийн бичгийн дарга А.Цэрэнбат:
-Бүх түлшийг шахмал нэрийдлээр сольсон. Утаа, түлш, зуух бүгдийг нь сольсон. Гэтэл утаа байсаар байна. Харин одоо иргэд рүү дайрч байна. Ардчилсан нам гэр хорооллын дахин төлөвлөлтийн ачаар л утаанаас сална гэж байсан. Дөрөвдүгээр цахилгаан станц, Амгалангийн дулааны цахилгаан станцыг барьж, чадлыг нь нэмэгдүүлсэн. "Буянт Ухаа-1,2", "Хангай" хотхоныг барьсан. Энэ ажлуудыг 2016 онд өнөөгийн Ардын нам зогсоосон. Энэ ажлыг эхлүүлсэн Э.Бат-Үүлийг хорьсон. Сүүлийн гурван засаг дарга утаатай холбоотой яг юу хийсэн юм бэ. С.Батболд гэж хүн шөнийн гудамж барьсан. С.Амарсайхан гэж хүн ажилдаггүй усан оргилуур барьсан. Д.Сумъяабазар гэж хүн шөнийн гудамжийг өглөөний гудамж л болгосон. Ийм л нэг, нэг ажил хийсэн. Утаатай тэмцэх мөнгө хангалттай байгаа.
Өнгөрсөн жил 16 их наяд төгрөгөөр цар тахлыг багасгана гэж жижиг дундын зээл нэрээр тараасан. Зургаан их наядыг төсвийн нэмэлтээр тараасан. Тэр мөнгөний 250 гаруй тэрбум л улаан шугамд ажилласан эмч, эмнэлгийн ажилчдын эрүүл ахуйд зарцуулсан. Л.Оюун-Эрдэнэ өөрөө жагсаал цуглаанаар гарч ирсэн. Одоо жагсаал цуглаан хийвэл барьж хорьж байна. 2019 онд М.Энхболдыг огцруулбал бүх зүйл сайхан болно гэж л байсан. Утаа, Covid-19-ийн улмаас хэчнээн хүн нас барсан бэ. Технологийн алдаа гарсан, үйлдвэр нь шатсан дээр хэн хариуцлага тооцсон бэ. Хэн ч хариуцлага тооцохгүй байна. Ганц эмэгтэй сайдаа явууллаа. Засгийн газар огцрох ёстой. Одоогийн Засгийн газарт эрчимтэй хийж байгаа нэг ч ажил байхгүй. Энэ ажлуудыг хийж байсан бүх хүмүүсийг хорьсон.
Ардчилсан намын нарийн бичгийн дарга Г.Баярсайхан
-Бид хотын утааг харж, мэдэрч байна. Монгол Улсад тохиолдож буй бүх сорилтод Ерөнхий сайд оролцож, зохицуулах ёстой. Л.Оюун-Эрдэнэ өөрөө бүх зүйлийн ард нуугдаж, хариуцлагаас зугтаж байна. Хариуцлагатай ажиллаж байгаа мэт харагдаж, Н.Уртнасанг явууллаа. Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороон дээр нэгдсэн удирдлага алга. Д.Сумъяабазар технологи зөрчсөн гэсэн. Гэтэл үйлдвэрийн хүн нь зөрчөөгүй гэсэн. Утааг давж дийлэхийн тулд иргэдийг татан оруулах хэрэгтэй. Олон хаалганы цаана мөнгө угаалт болж байна. Монголчууд гэр хороололдоо, утаатай шахмал түлшээ түлэг гэсэн хандлагатай байна. Шүүмжилж буй хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд нөлөөлөх гэж оролдож байна. Ерөнхий сайд огцрох шаардлагаа хангасан гэж бид үзэж байгаа.
Гэрэл зургийг Л.Энх-Оргил
Холбоотой мэдээ