Хувийн хэвшлийн нөөц бололцоог бүрэн дайчилъя!

Хуучирсан мэдээ: 2022.01.20-нд нийтлэгдсэн

Хувийн хэвшлийн нөөц бололцоог бүрэн дайчилъя!

Хувийн хэвшлийн нөөц бололцоог бүрэн дайчилъя!

Монгол Улсын эдийн засагт өнөөдрийн байдлаар 10 тэрбум ам.долларын эргэлт хангалтгүй, өнөөдрийн энэ байдлаар явбал таван жилийн дараа дөнгөж хоёр тэрбум ам.доллараар нэмэгдэх тооцооллыг эдийн засагчид гаргасан. Улмаар төр-хувийн хэвшлийн түншлэлээр эдийн засгийг богино хугацаанд хамтран сэргээж, 30 тэрбум ам.долларт хүргэх нөөц бололцоо бийг судалгаагаар тогтоосон билээ.

Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ий 80 хувь, хөдөлмөр эрхлэлтийн 75 хувь, албан бус эдийн засгийг нийтэд нь хувийн хэвшил бүрдүүлж байна. Нийт аж ахуйн нэгжүүдийн 99 гаруй хувь жижиг, дунд үйлдвэр (ЖДҮ)-ийн ангилалд багтдаг. Ерөнхийдөө Монгол Улс Ази тивдээ хамгийн чөлөөтэй худалдаа, хөрөнгө оруулалтын орчинтойд тооцогдож буй. Бараа, бүтээгдэхүүний зах зээлд төрийн шууд оролцоо бага. Төрийн өмчийн компани цөөн, гэхдээ стратегийн ач холбогдолтой бүх уурхай төрийн өмчийн оролцоотой байхаар хуульчлагдсан онцлогтой.

Монголд өнөөдрийн байдлаар хувийн хэвшлийг хөгжүүлэх цогц төлөвлөгөө байхгүйгээс ойлгомжгүй нөхцөл байдал газар авч, салбарын яамдын түвшинд хоорондоо зөрчилтэй бодлогууд хэрэгжиж буйг Азийн хөгжлийн банк анхааруулсан. Үүнээс гадна макро эдийн засаг тогтвортой бус, ЖДҮ-д чиглэсэн зээлийн хүртээмж бага, төрийн байгууллагуудын чадамж сул, шүүхийн тогтолцоо төлөвшөөгүй, дэд бүтэц хөгжөөгүй зэрэг нь хувийн хэвшлийн хөгжилд саад учруулж буй.

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн эрх зүйн орчин бүрдээгүй, хэрэгжилт учир дутагдалтай байгаа тул дэд бүтцэд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт төдийлөн хийгдэхгүй байгаа юм.

Дэлхийн банк төр-хувийн хэвшлийн түншлэл нь төрийн өмчит үйлдвэрийн газрууд төдийгүй засгийн газруудад хувийн хэвшилтэй хамтран ажиллах боломжийг олгодог, хэлцлийг бүтэцжүүлэх явцад мэдлэг туршлага солилцдог болон шилжүүлдэг тул үр ашигтай гэж үздэг байна. Энэ нь цаашлаад олсон ур чадвар, төсөлд өрсөлдөх туршлага, бусадтай хамтарсан компани байгуулах зэрэг туршлагад тулгуурлан экспортлогч болох боломжтой үндэсний манлайлагч аж ахуйн нэгж байгууллагуудыг бойжуулан бий болгоно хэмээн үздэг байна.

Эдийн засагчид монголчуудын амьдралыг богино хугацаанд өөд татах арга зам нь томоохон төслүүдээ хугацаа алдахгүйгээр хөдөлгөж урагшлуулах гэж хэлдэг. Мөн төр-хувийн хэвшлийн болон олон нийтийн түншлэлээр хамтарсан үлгэр жишээ төслийг ганц нэгээр нь ч хамаагүй түлхээд явуулбал манай эдийн засагт 30 тэрбум ам.долларыг ойрын жилүүдэд бий болгох, улмаар үсрэнгүй хөгжих боломж бололцоо бийг онцолж буй.

Бизнес эрхлэгчдийн хувьд “Томоохон төслүүдийг гацаадаг нэг шалтгаан нь тухайн төсөлд хэрэглэх мөнгийг татварын хөнгөлөлт эдэлж байгаа байдлыг ашиглаж, хууль бусаар эргэлдүүлж угаадаг, манай улсын түүхий эдийг ашигладаг. Энэ нь ченжийн тогтолцоог тэтгэж өгч байна” гэж үзэж буйгаа илэрхийлсэн билээ.

Mонгол Улсын хөгжлийн төлөв дунд хугацаандаа эерэг байна. Байгалиас заяасан таатай нөхцөлүүдээ зөв зохистой бодлогуудтай хослуулж чадвал ихээхэн гэгээлэг ирээдүй угтах нь ойлгомжтой. Эдгээр боломжийг ашиглахын тулд нөлөө бүхий макро-эдийн засгийн бодлогуудыг хэрэгжүүлэхдээ сүүлийн жилүүдийн төсвийн гүйцэтгэлийн амжилтуудад түшиглэн, санхүүгийн салбарт төвлөрч эдийн засгийн салбаруудад бүтцийн шинэтгэл хийх нь зүйтэйг гаднын шинжээчид хэлж буй юм.

Түүнчлэн Засгийн газрын дунд хугацааны үйл ажиллагааны хөтөлбөрүүд болон жил бүрийн төсвийн төлөвлөлтөд урт хугацааны зорилго зорилт, алсын харааг илүү сайн тусгаж, бодлогын хэрэгжилтийг хангуулахад анхаарах хэрэгтэй юм. Үүний зэрэгцээ ядуурлыг бууруулах, ажлын байр олноор бий болгох зорилтуудаа хэрэгжүүлэхийн тулд хөгжлийн үр өгөөжийн хүртээмжид төвлөрсөн, салбаруудын тодорхой төлөвлөлтийг чухалчлах шаардлагатай.

Moнгол Улсын хүн ам харьцангуй залуу, боловсрол өндөртэй бөгөөд 2030 он хүртэл хөдөлмөрийн насны хүн амын тоо өсөх төлөвтэй байна. Хүмүүний капиталд хөрөнгө оруулж, дэд бүтцийг оновчтойгоор хөгжүүлэн, бизнесийн орчныг сайжруулах замаар авьяас чадвараа бүрэн дайчлах боломжийг бүрдүүлсэн бодлогуудыг хэрэгжүүлж чадвал ихээхэн нааштай үр дүн өгөх билээ. Мөн эдийн засгийн савлалтын үр дагавраас иргэдээ хамгаалан, нийгмийн хамгааллын тогтолцоогоо төлөвшүүлэх шаардлага зүй ёсоор тулгарч буй юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж