Бээжингийн мөсөн талбайг эзэгнэх Орос балерина

Хуучирсан мэдээ: 2022.01.20-нд нийтлэгдсэн

Бээжингийн мөсөн талбайг эзэгнэх Орос балерина

"NEWS” агентлаг энэ удаагийн “ХҮМҮҮС” буландаа Оросын уран гулгалтын шинэ од Камила Валиеваг онцолж байна. Казаниас гаралтай татар охиныг ирэх сард эхлэх Бээжингийн олимпод түрүүлнэ гэж олон хүн таамаглаж буй. Оддын багш, алдарт Этери Тутберидзегийн шавь тэрбээр одоо дөнгөж 15 настай ч хэдийнэ улсынхаа аварга, Европын аварга, залуучуудын дэлхийн аваргаар тус тус тодорчээ.


ӨВЧНӨӨС СПОРТ РУУ

Оросын олимпийн найдвар Камила 2006 оны хавар Казань хотын татар гэр бүлд мэндэлжээ. Багаасаа өвчинд ороогдож байсан учир ээж нь охиноо спорт, урлагаар хичээллүүлэх болов. Гурван настайгаасаа эхлэн Камила уран сайхны гимнастик, балетаар хичээллэж, удалгүй уран гулгалтын спортод уруу татагдсан аж. Гимнастик, балетаар багагүй хугацаанд тууштай хичээллэсэн тул түүний сунгалт, хөдөлгөөний эвсэл зүгширчихсэн ерөнхийдөө уран гулгалтын тамирчин болох суурь бэлтгэл хангагдчихсан байж.

Ийнхүү дөрвөн настай Камила анх Ксения Ивановагийн шавь болжээ. Шавийнхаа талаар тэрбээр ярихдаа “Түүнийг ирээдүйтэй хүүхэд гэдгийг би мэдэж байсан. Тэр хэдий дөрвөн настай байсан ч дөрвөн настай хүүхэд бус найман настай хүүхэд шиг байсан. Мөн түүний сунгалт, хотойлт үнэхээр гайхалтай байсан. Камила өөрөө ч их зорилготой, хариуцлагатай, хүмүүжилтэй охин. Түүний бүх зүйл бүрдчихсэн” гэжээ.

Харин Камила уран гулгалтын тамирчин болсон талаараа “Бага байхад ээж минь уран гулгалт, гимнастик, балет гурвын аль нэгийг сонго гэж хэлсэн. Би ч гулгах илүү дуртай байсан” гэв.

Ксения Иванова болон Камила Валиева нар

ЭТЕРИ ТУТБЕРИДЗЕГИЙН ГАРТ ОРСОН НЬ

Казаньд уран гулгалтын “А” үсэг заалгасан Камила өөрийн шүтээнүүд болох Аделина Сотникова, Юлия Липницкая нар шиг тив, дэлхийд гялалзахыг хүсч, 2012 онд зургаан настай охин Москва хотын спортын төрөлжсөн сургалттай “Москвич” сургуульд элсэн орж, гэр бүл нь төрөлх хотоо охиныхоо ирээдүй сайн сайхны төлөө орхижээ. Тэрбээр 2018 он хүртэл олон багшийн удирдлага дор бэлтгэл сургуулилалт хийсэн боловч нэг л болсонгүй. 2014 он хүртэл Марина Кудрявцеватай, 2014-2015 оны хооронд Игорь Лютиковтой, 2015-2018 оны хооронд Наталья Дубинская, Станислав Ковалев нартай хамтарсан гэнэ.

Камила ээжийн хамтаар

2017-2018 оны хооронд Камила хөлдөө гэмтэл аван тэмцээн уралдаанд ч олигтой орж, амжилт үзүүлж чадсангүй. Хөлнийхөө гэмтлийн улмаас тэрбээр хүнд хэцүү үсрэлт хийхээс айж, тэр байтугай спортоо болъё гэж бодож байжээ. Авьяаслаг охин нь бүрэн потенциалдаа хүрч чадахгүй, амжилт гаргахгүй байгаад санаа зовсон эцэг эхийнх нь сүүлийн найдвар Этери Тутберидзе болов. Ингээд 2018 оны зун эцэг эх нь охиноо дагуулан Этеригийн “Самбо-70” клубын сонгон шалгаруулалтад орж, тэнцжээ.

“Хрустальный” мөсөн гулгуурын талбайд болсон сорилт дээр Камилагийн богино үзүүлбэр Этерид таалагдаж, хамгийн таалагдсан үзүүлбэр нь гэж тодотгосон аж. Гэхдээ үүнд Сергей Розанов багшийн үүрэг их бөгөөд тэрбээр Камилаг эхэлж харж, Этерид санал болгосон гэнэ.

Бэлтгэл хийж буй Камила Валиева

Камила сорилтын талаар “Этери Георгиевна над шиг цөхрөлд ойртсон, бууж өгөх дөхсөн уран гулгагчдад дуртай гэдгээ нэг удаа хэлж байсан. Би өөртөө сэтгэл хангалуун байсан гэж хэлж чадахгүй ч сорилтод орохыг хүссэн. “Хрустальный”-д болсон сорилт хүнд байсан. Өөрийгөө уран гулгалтын тамирчин болох ёстой юу эсвэл өөр зүйл туршиж үзэх үү гэдгээ ойлгосон. Би энэ спортдоо үнэнч үлдсэн. Этери Георгиевна надад итгэж, баяр хүргэсэнд өөрөөрөө бахархаж байсан” гэжээ.

Этери Тутберидзе болон Камила Валиева нар

ӨРСӨЛДӨӨН ДУНДААС ТОДОРСОН ЯЛАГЧ

Этери Тутберидзегийн шавь болох, клубт нь элсэх нэг хэцүү. Харин клуб дотроосоо, тэр ширүүн өрсөлдөөн дундаас тодрох бүр хэцүү. Хэрэв чи өрсөлдөөн дундаас тодорч чадвал од болох чинь баараггүй гэх.

Этери Тутберидзегийн удирдлага дор Алина Загитова, Дарья Усачёва, Александра Трусова, Анна Щербакова, Евгения Медведева, Алёна Косторная зэрэг шилдгүүд төрөн гарсан.

12 настай жаахан охинд эхэндээ клуб доторх өрсөлдөөн стресс дагуулж, энэ бүхнийг даван туулахад хэцүү байв. Гэхдээ үүнийгээ илүү сайжрах сэдэл болгон бусдаас илүү хөдөлмөрлөж, муу уран гулгагч байхыг хүсээгүй аж. Камила-Этери хоёр хамтдаа оролцсон анхны тэмцээндээ Испанийн алдарт зураач Пабло Пикассогийн “Бөмбөлөг дээрх охин” уран зургаас санаа аван үзүүлбэрээ зохиожээ. Этери Тутберидзе ч энэ үзүүлбэртээ хайр зарлаж, тухайн жилийн хамгийн шилдэг нь гэж тодорхойлов.

Пабло Пикассогийн ач охин Диана Пикассо хүртэл уулга алдаж, Орос охиныг биширч, Парист урив. Харамсалтай нь, цар тахлын улмаас энэхүү уулзалт болоогүй аж.

2018 оны сүүл, 2019 оны эхээр дэлхий нийтэд Камила Валиева гэх нэр анх түгж, өдгөө энэ спортын хамгийн алдартай тамирчдын нэг болжээ. Одоогийн байдлаар тэр Оросын аваргын алт, мөнгөн медаль, Европын аварга, Гран При тэмцээнүүдийн алтан медаль, залуучуудын дэлхийн аварга зэрэг олон гайхалтай амжилтын эзэн болоод зогсохгүй түрүүлэх бүртээ рекорд эвдэж байна.

Дөрвөлсөн тулуп эргэлт, дөрвөлсөн сальхов, гурвалсан аксель, хамгийн хүнд хэцүү гэгддэг “Ultra-C” элементийг тэр ядах юмгүй төгс гүйцэтгэдэг.

Бяцхан Камила Валиева

ИРЭЭДҮЙН ОЛИМПИЙН АВАРГА МӨН СЭТГЭЛ ЗҮЙЧ

Бээжингийн олимп хаяанд иржээ. Уран гулгалтын эмэгтэйчүүдийн төрлийн алтан медалийг Оросууд авах нь гарцаагүй. Харин хэн нь бэ гэдэг асуулт олны анхаарлыг татаж байна. Саяхан Эстонийн Таллин хотод болсон Европын аваргаар Этери Тутберидзегийн шадар гурван цэрэг болох Александра Трусова, Анна Щербакова, Камила Валиева нар үзэгч, шүүгчдийг алмайруулж, алт, мөнгө, хүрэл медаль хүртэв. Мэдээж Камила “Аватар” киноны аянд дөрвөлсөн сальхов гүйцэтгэн алтыг нь авсан.

Олимпод ч түүнийг алтан медаль авна гэж олон хүн харж байгаа. Сүүлд гарсан мэдээллээр Камила Бээжингийн мөсөн талбайд өмнө нь хэний ч харж байгаагүй гайхалтай үзүүлбэрийг бэлдэж байгаа гэх. Энэ үзүүлбэрээ амжилттай гүйцэтгэж чадвал гарцаагүй түүнийг олимпийн аварга болно гэж “Хрустальный”-д зочилсон эрхмүүд хэлж байна.

Камила чөлөөт цагаа найз нөхөдтэйгөө өнгөрөөж, заримдаа арга хэмжээнд их оролцдог гэнэ. Тэр дөнгөж 15 настай хэдий ч, Оросын спорт бараа үйлдвэрлэгч компанийн элч төлөөлөгч болоод амжжээ. Түүнд Лева хэмээх нохой байдаг бөгөөд өөрийн инстаграм хуудаснаа зургаа байнга оруулж, цахим орчинд идэвхитэй байдаг аж.

Тэрбээр уран зураг зурах, балет үзэх дуртай бөгөөд бэлтгэлгүй үедээ Большой театр, Пушкины музейгээр зочилж, урлагтай ойр байдаг гэнэ. Дашрамд сонирхуулахад, Камила сэтгэл зүйч болохыг мөрөөдөж явдгаа ч ярьжээ.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
44
ЗөвЗөв
7
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж