Засгийн газар, Улсын онцгой комисс цар тахалтай сүүлийн хоёр жил тэмцсэн ч өнөөдрийг хүртэл туршлага хуримтлуулж чадсангүй. Учир нь, тэд нөгөө л самаргадсан, сандарсан, зохион байгуулалт муутай, нэгдсэн стратегигүй, хоорондоо уялдаа холбоогүй хэвээрээ.
Сар шинийн баяр дөхсөн үед баярын өдрүүдээр хотоос гарахаар төлөвлөсөн олон хүн байгаа Хэдийгээр Засгийн газар, Улсын онцгой комисс өчигдөр гэр гэртээ тэмдэглэхийг уриалсан ч хөл хорио тогтоохгүй гэсэн. Гэхдээ хөдөлгөөнийг хязгаарлахгүй, сар шинэтэй золговол хоногтоо 60 мянган хүн халдвар тусна гэж ХӨСҮТ "айлгах" болсон. Эмч нар нь омикрон бол хөнгөн ханиад биш гэх. Эрдэмтдийн зөвлөл нь хүндрэл гарахгүй байна гэсэн мэдээлэл өгөх. Энэ мэт зөрүүтэй байр сууриуд, мэдээллүүд иргэдийг төөрөгдүүлсээр.
УОК-ын Нэгдсэн шуурхай штаб энэ сарын 18-нд цахимаар хуралдаж, халдварын тохиолдол хоёр дахин ихэсвэл хөдөлгөөнийг 70 хувь хязгаарлах зөвлөмж гаргасан талаар мэдээлсэн. Тодруулбал, “Хязгаарлалтын арга хэмжээ авах, олон нийтэд нээлттэй зарлах” гэсэн гурав дахь зөвлөмжид “Нутаг дэвсгэрийн хэмжээнд долоо хоногийн дундаж үзүүлэлтээр өвчлөл нэг дахин ихэсвэл худалдаа, үйлчилгээний газруудын цагийн хуваарьт хязгаарлалт тогтоох, хоёр дахин ихэсвэл хөдөлгөөнийг 70 хувь бууруулж хязгаарлан, халдварын тархалтад хяналт тавих” гэжээ.
Уг зөвлөмжид мөн вакцины тунгаас хамаарч хөл хорих тухай байв. Өөрөөр хэлбэл, гуравдугаар тунд хамрагдсан иргэд хязгаарлалтын дэглэмийг мөрдөх шаардлагагүй. Энэ мэт УОК-оос гаргасан зөвлөмжийг нь иргэд ойлгож амжаагүй байтал Шадар сайд нь өөрөө үгүйсгэж, хөл хорио тогтоохгүй гэсэн байр суурийг илэрхийлсэн. Тэрбээр “УОК-ын Эрдэмтдийн зөвлөлөөс халдварын тохиолдол нэмэгдвэл хөл хорио тогтоох тухай санал гаргасныг Засгийн газрын шийдвэр мэтээр ташаа мэдээлэл олон нийтэд тархжээ. Засгийн газар, УОК өнгөрсөн зунаас иргэдийн хөл хөдөлгөөнийг хорихгүйгээр бүх салбарын үйл ажиллагааг хэвийн явуулахад анхааран ажиллаж байна. Омикрон хувилбарын тархалт өндөр байгаа хэдий ч эдийн засгийн үйл ажиллагааг эрчимжүүлэх тал дээр УОК анхааран ажиллаж, хорих хаахыг урьтал болгохгүй. Цаашид өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо 20-30 мянгад хүрэх ч эрсдэл байгаа гэх урьдчилсан тооцоо гарч байна. Тэгсэн ч шууд хөл хорих, хязгаарлалт тогтоох шаардлагагүй гэж үзэж байгаа” гэсэн юм.
Эргэлзээтэй зөвлөмжийн талаар УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүүгээс тодруулахад “Улсын онцгой комисст вакцины тунгаас хамаарч хөл хорих тухай яриагүй. Мөн өчигдөр /2022.01.18/Улсын онцгой комисс хуралдаагүй. Вакцины тунгаас хамаарч хөл хорих тухай ташаа мэдээлэл цацагдаж буруу ойлголт төрүүллээ. Ийм саналыг эрдэмтдийн зөвлөлийнхөн гаргасан" гэв.
Түүнчлэн Шадар сайд С.Амарсайхан хөл хорио тогтоохгүйг мэдэгдсэн. Цагаан сараар ч бас хөл хорихгүй гэсэн. Тэрбээр УОК-ын Нэгдсэн шуурхай штабаас вакцины тунгаас хамаарч хөл хорих тухай асуудлыг үгүйсгэв. Гэхдээ тус штабын зүгээс халдварын тархалтын нөхцөл байдал, хэрэгжүүлж буй арга хэмжээ, бодит үр дүн алга. Цар тахал дэгдсэн үеэс УОК, НОК, ХӨСҮТ-ийн өөр, өөр мэдээлэл өгч, иргэдийг төөрөгдүүлсээр ирсэн. Иргэд цар тахлаас илүү төрийн байгууллагынхны тодорхойгүй, ойлгомжгүй бодлогоос болж бухимдах нь бий.
Магадгүй цагаан сарын баярын өдрүүдийг далимдуулан гэнэт хөл хорих вий гэх болгоомжлол ч иргэдийн дунд байна. Засгийн газраас цагаан сараар хөл хорио тогтоохгүй гэдгээ мэдэгдэж, иргэдийг цахимаар золгохыг уриалж буй.
Гэхдээ Монголчуудын хувьд омикроноос ч илүү УОК-ын тодорхойгүй шийдвэр тэднийг "айлгаж" байна.
Холбоотой мэдээ