"Бар жилд амгалан тайван, хур тунадас элбэгтэй байна"

Хуучирсан мэдээ: 2022.01.20-нд нийтлэгдсэн

"Бар жилд амгалан тайван, хур тунадас элбэгтэй байна"

"Бар жилд амгалан тайван, хур тунадас элбэгтэй байна"

“Сайжруулагч” хэмээх усан бар жилийн өнгө, суудлын засал номын талаар Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн лам Э.Баасантогтохтой ярилцлаа.


-Ирж буй Буян үйлдэгчхэмээх бар жилийн өнгө ямар байна вэ?

-XVII жарны "Буян үйлдэгч" хэмээх усан бар жил хэдхэн хоногийн дараа эхлэх гэж байна. Монголчууд тухайн жилийн өнгө төрхийг зурхайгаар шинжилдэг. Зурхайн зурлагаас харвал ерөнхий төлөвийн хувьд сайхан жил гарахаар байна. Уламжлалт ёсоор шороон үхрийн зурлагаар ирэх жилийн өнгө төрхийг шинждэг. Энэ жилийн хувьд үхэр хариулагчийн болон шороон үхрийн зурлага гэх хоёр үндсэн зурлагаар зурсан байна. Үхрийн толгой, шийр, ногт, бурантаг нь хөх өнгөтэй. Бие ногоон өнгөтэй. Ходоод цагаан, эвэр, чих сүүл нь шар, омруу туурай нь улаан, үхэр нь амаа ангайж сүүлээ зүүн тийш шарвасан. Үхэр хариулагч нь шар дээлтэй ногоон бүс бүсэлсэн, малгайн баруун чихийг буулгаж зүүнээ сөхсөн, гэзэг үсээ зүүн чихний ар, баруун чихний урдуур унжуулсан, унгасаар томсон, шар иштэй шилбүүр барьсан, хүч чадалтай идэр залуу үхрийнхээ баруун талд хөл нүцгэн тайван алхаж байгаагаар буусан. Зурлагаас харвал амгалан тайван жил болохоос гадна хур тунадас элбэг сайхан жил болохоор байна.

Жилийн байдлыг ажиглавал залууст буюу дунд суудалтанд сайн, нялхаст буюу ард иргэдэд дунд зэрэг, өвгөдөд буюу өндөр дээд суудалтан, настнуудад биеэ хичээхийг анхааруулжээ. Нийтэд нь авч үзвэл улс орон болоод иргэд төдийгүй амьтдад ээлтэй усан бар жил гарч байна. Жилийн үндэс нь улс эх орон амгалан ард иргэдийн ажил тэгширнэ гэжээ.

Гэхдээ хүн, мал амгалан боловч хий өвчин дэлгэрэх нигууртай. Идэр залуу хүний ажил үйлс сайн, үр ач дэлгэрэх, жилийн ба улирлын эхээр гандуу, салхи шуурга ихтэй, жил тохиох нь. Улирлын сүүлээр хур тунадас нэн элбэг гэж зурхайн зурлагад  буусан  байна. Эрүүл мэндийн тухайд хий өвчин дэлгэрнэ. Хадлан тэжээлийн ургац сайн байна.

-Жил нь орж буй хүмүүс болоод мэнгэ голлосон хүмүүст анхаарах зүйл бий юу. Засал номоо уншуулахгүй бол яах вэ?

-Уламжлалт ёсонд жилийн засал хийх, мөр гаргах гэдгийг тодорхой тусгаж өгсөн байдаг. Мөр гаргахын тухайд, гал, шороо, төмөр огторгуй, ус, уул, хий, мод гэсэн найман суудал бий. Тухайн хүн суусан суудлынхаа цог хийморийн зүгт гарч цээрээ арилгаад, буян хишгийн зүг олох сайн зүгээсээ орж ирдэг. Буян хишгийн зүгтээ гарсан нь тухайн жилд одтой хийморьтой явж байна гэж бодоод суудлаасаа хамаарч гарах ёстой цээрээ арилгадаг. Тухайлбал, гал суудалд суусан хүн цог хийморийн зүгт гарахдаа гал гаргаж усанд унтраах, шороонд суусан хүн газар шороо хөндөх, усанд суусан хүн ус цацах гэх мэт цээр арилгадаг уламжлалтай.

Жилийн засал номын хувьд бар жилтэй хүмүүсийн жил орж байгаа. Бар жилтэй буюу 1926, 1950, 1962, 1974, 1986, 1998, 2010 онд төрөгсдийн хийморь дорой талдаа байна. Тиймээс эдгээр жилд төрсөн хүмүүс засал номоо хийлгэх нь зүйтэй. Одоо цагт заавал Гандантэгчэнлин хийдэд биечлэн ирж засал номоо уншуулах шаардлагагүй болсон. Хийдийн цахим хуудаст хандаж, өөрийн төрсөн он, жил, хүйсээ тэмдэглэж ороод энэ жил ямар суудал дээр суусан, юуг цээрлэх ёстой төдийгүй ямар ном уншуулах нь хүртэл гарч ирж байгаа. Тэгэхлээр иргэд аль болох жилийн засал номоо өөрсдөө биечлэн ирэх боломжгүй тохиолдолд цахимаар хуралд даган баясч болно. Засал номоо шинийн 15-ны дотор хийлгэхийг хүмүүс илүүд үздэг. Тэр дундаа жил нь орж байгаа хүмүүс жил орсны засал буюу ажил үйлс нас бататгах засал номоо сайн хийлгэх ёстой.

Хүмүүс 33-ны мөчлөг дээр их ач холбогдол өгдөг. Тиймээс 33 насны засал номоо сайн уншуулах нь зүйтэй.

Харин харш жилийн хувьд бич жилтэй хүмүүст их харш жил гарч байна. Могой жилтэй хүмүүс бага харш жилийн засал хийлгэх хэрэгтэй. Харш жилийн засал нь тухайн хүнийг осол авааргүй байх, хэл ам атаа жөтөөгүй байх болон ажил үйлс бүтэмжтэй засал юм.

Мөн мэнгэ голлох буюу мэнгэний засал гэж бий. Энэ жилийн хувьд таван шар мэнгэтэй хүмүүсийн хувьд засал хийлгэх хэрэгтэй. Мэнгэний засал нь эрүүл мэндийн тухай, нас уртасгах өвчингүй байлгах учигтай.

-Тэгвэл суудал өнцөгдөнө гэж ярьдаг шүү дээ. Энэ хүмүүс тусгайлан засал хийлгэх хэрэгтэй юу?

-Мэдээж засал номоо хийлгэх нь зөв. Бар жилд үхэр, туулай, могой, хонь тахиа гахай жилтэй хүмүүс ажил үйлс сайжрах,  аваар осолгүй байх тухайд суудлын засал хийлгэх хэрэгтэй. Хулгана, луу бич бар морь нохой жилтэй хүмүүсийн хувьд хийморь лундаа дорой байж болзошгүй. Тиймээс жилийн эхэнд хийморийн дарцаг, дарь эхийн дарцаг сайн хийсгэх хэрэгтэй. Хийморь доройгоос ажил үйлс, эрүүл мэндэд саад гарч магадгүй.

-Олон төрлийн цаг тооны бичиг гардаг. Тэдгээр нь хоорондоо ялгаатайгаас иргэдийг төөрөгдөлд оруулах тохиолдол бий. Энэ тал дээр таны хувьд ямар байр суурьтай байна вэ?

-Нэг үеэ бодвол энэ асуудал харьцангуй жигдэрсэн гэж харж байгаа. Зарим зурхайч алдах, буруу тооцоолох зэргээс шалтгаалж өмнө нь зөрүү гардаг байсан. Одоо бол энэ асуудал гарахаа больсон. Монгол зурхайн цагалбар, төөрөг буюу цаг тооны бичгийг од эрхэс болоод нарийн судалгаанд үндэслэж гаргадаг. Тэгэхлээр зөрүүтэй байх гэсэн ойлголт байхгүй. Хэрэв алдаатай цаг тооны бичиг гарвал нэн даруй устгалд оруулах зэрэг арга хэмжээ авдаг.

Заслын номын хувьд ч өөр, өөр байна гэдэг зүйл яригдахгүй гэж бодож байна. Жишээлбэл, огторгуй суудалд суусан хүн Намхайнинбо, Алтангэрэл уншуулах, шороо суудалд суусан хүмүүс Жадомба, Сундуй уншуулах зэрэг цаг тооны бичгүүд дээр өөр байх боломжгүй.

-Жилийн засал болон онцгой засал номыг давтамжтай хийлгэх нь зөв үү?

-Жил орж байгаа, урвасан жилийн үүд, их, бага харш жил гарсан хүмүүс засал номоо жилд аль болох олон уншуулбал сайн. Яагаад гэвэл хүнд нөлөөлж байгаа нөлөөллийг багасгах гэж байгаа учраас олон уншуулах тусам сайн гэж үздэг. Ерөнхийдөө засал номыг шинийн 15-нд багтаж хийлгэх сүсэгтэн олны сүжиг зөв.

Гэрэл зургийг Л.Энх-Оргил

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
115
ТэнэглэлТэнэглэл
9
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж