ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нэгэнтээ “Бага мэдэх тусам их унтаж чадна” гэж хэлсэн байдаг. Тэгвэл монголчууд "Тэнэгийн дотор уужуу" ч гэж ярьдаг. Энэ үг нь Оросын түүхэн цаг үеүдэд биеллээ олсоор иржээ. Ялангуяа 1917-1991 оны хооронд буюу ЗХУ-ын үеийг онцолмоор байна. Гэтэл орчин цагт Путины хэлсэн үг ортой гэдэг нь дахин батлагдав. ЗХУ-ын дарангуйлал, ялангуяа 1930-аад оны Сталины хэлмэгдүүлэлтийн хохирогчдын дурсгалыг хүндэтгэдэг “Мемориал” нэртэй хүний эрхийн байгууллагын үйл ажиллагааг ОХУ-ын Дээд шүүх хориглосон.
Уг шийдвэрийг гаргахаас өмнөхөн Хонгконг дахь Хятадын их сургуулийн хотхоноос “Ичгүүрийн багана” нэртэй баримлыг зайлуулах тушаал гаргажээ. Нийт 6.4 метр өндөр, хоёр тонн хиймэл зэсээр бүтээсэн энэ гайхамшигтай урлагийн бүтээл нь 1989 онд Тянь-Ань-Мэний талбайд болсон бослогын хохирогчдын дурсгалд зориулсан.
Тухайн үед Хятадын коммунист намын захиалгаар олон мянган жагсагч Ардын чөлөөлөх армийн гарт амиа алдаж байв. ЗХУ-ын Сталинизмын хохирогчид ч олон саяар тоологдож байсан бөгөөд “Мемориал” хүний эрхийн байгууллага нь 11 сая орчим хүний хувь заяа хэрхсэн болохыг судалж байсан байгууллага юм.
Дээрх хоёр шийдвэр нь наад захын хүний эрхийг дээдэлдэг хэн бүхний анхаарлыг татна. Эдгээр нь Орос, Хятад хоёр улсын хамгийн зүрх шимшрэм түүхэн цаг үеийг ул мөргүй баллах зорилготой байж мэдэх юм. Яагаад гэвэл хоёр улсын удирдагчдын өнөөгийн дүр зураг нь түүхэн баримтаас хол зөрж байсан билээ.
Жорж Оруэллын 1984 зохиолд энэ талаар тод томруун дүрсэлсэн байдаг. “Өнгөрснийг удирдаж чадвал ирээдүйг ч удирдана. Одоо цагийг удирдаж буй бол өнгөрснийг ч удирдана” гэж үг бий. "1984" роман нь 1949 онд хэвлэгдсэн бөгөөд дистопи төрөл буюу төсөөлж боломгүй, хэвийн бус ирээдүйг зөгнөсөн роман юм. Уг романд ирээдүйн тоталитар нийгмийг төсөөлсөн бөгөөд гол дүр болох Уинстон Смит нь өнгөрсөн үеийн түүх, мэдээ мэдээллийг тогтмол цэвэрлэж, засч янзлах үүрэгтэй байдаг. Өнгөрсөнд болсон бүтэхгүй мэдээ мэдээллийг устгаад, оронд нь илүү сонирхолтой, зохиомол хуулбарыг оруулдаг. Уншигчид уг романыг уншаад ЗХУ-ыг дүрсэлсэн байна гэж таамаглаж байжээ. Мөн зохиолд “Big Brother” буюу том ах гэж гардаг. Энэ нь Дэлхийн хоёрдугаар дайны үед Их Британийн Консерватив танхимын сайд байсан Брендан Браккеныг дүрсэлсэн байж болзошгүй ажээ. Брендан Браккен нь Дэлхийн хоёрдугаар дайны үед Уинстон Черчиллийг дэмждэг байснаараа алдартай.
Хятадын зохиолч Ян Жишэний бичсэн “Булшны чулуу: 1958-1962 оны Хятадын агуу өлсгөлөн” нэртэй бүтээл байдаг. Энэ бүтээлд Мао Зэдуны эдийн засгийн янз бүрийн үе шатуудыг алгасах гэсэн оролдлогын үр дүнг нарийвчлан баримтжуулж бичсэн. Хятадын их үсрэлтийн үед дор хаяж 40 сая хүний амь эрсэлсэн байдаг. Ян Жишэн номоо бичихдээ судлаачид, архивчдаас мэдээлэл цуглуулсан бөгөөд тэд ямар зорилгоор ашиглах гэж буйг нь мэдсэн ч юм хэлээгүй байна. Дарангуйллыг нүдэн балай чихэн дүлий өнгөрөөх нь асар их хор уршиг дагуулдаг билээ.
“Мемориал” хүний эрхийг байгууллагыг ОХУ-ын Дээд шүүхээс гадаадын туршуул гэж гүтгэн үйл ажиллагааг нь хориглосон. Оросын шүүх засаглалын өнөөгийн гаж буруу тогтолцоонд өөрсдийгөө гадаадын туршуул гэж хүлээн зөвшөөрөөгүй нь “Мемориал”-ын уналтын шалтгаан болов. Бодит байдал дээр Кремль нь будлиантай сонгуулиас эхлээд Чеченийн дайн хүртэл асуудлууд дээр бие даасан дүн шинжилгээ хийхээс зайлсхийж байсан. Өнгөц харахад Путины дэглэм огт аюулгүй мэт. Гэвч, Гүрж, Украинд болсон өнгөт хувьсгалууд нь Москвагийн дэглэмийг халж, зогсонги байдалд орж авлигад идэгдсэн элитүүдийг барууны чиг баримжаатай засгийн газруудаар сольсон юм.
Европын холбоо болон “NATO”-ийн гишүүнээр элсэхийг хүсч буй, тусгаар тогтносон Украиныг илт дээрэлхэж буй Путины үйлдэл дэлхий дахины анхаарлыг татсаар байна. Эндээс харахад Оросын эзэнт гүрнийг байгуулах цорын ганц арга зам бол цагдаа цэргийн хүчийг байршуулах явдал юм.
Хятадад ч дээрхтэй төстэй асуудал бий. Гэхдээ тэд барууныхны дэмжлэггүйгээр “Нэг улс, хоёр систем” тогтолцоогоо хэрэгжүүлж байна. Уг тогтолцоо нь намын дарангуйллаар солигдож, Хонгконгийн эрх чөлөөг хааж боосныг дэлхий харсан билээ. Анх 1997 онд Хонгконгийн талаар Их Британитай байгуулсан гэрээнд үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг нь үзэглэн баталгаажуулсан боловч одоо хоосон цаас төдий болжээ.
Түүхэн үнэнийг ямар ч хамаагүй үнээр хамгаалж, гуйвуулж, үгүйсгэхээс сэргийлэх учиртай юм. “Бага мэдэх тусам их унтаж чадна” гэсэн үгний эсрэгээр “Хэдийгээр тааламжгүй байсан ч ертөнцийг илүү тодорхой ойлгосноор бид илүү сайн унтаж чадна”.
Эх сурвалж: ASPISTRATEGIST
Холбоотой мэдээ