Германы давхар даатгалын “Munich Re” компаниас мэдээлснээр, 2021 онд дэлхий даяар байгалийн гамшгийн улмаас учирсан хохирлын хэмжээ 280 тэрбум ам.доллар (ойролцоогоор 247 тэрбум евро)-т хүрсэн байна. Түүний дийлэнх буюу 145 тэрбум ам.доллар нь өнгөрсөн онд үер, хар салхи зэрэг гамшгууд амссан АНУ-д ногджээ. Өнгөрсөн 2021 оны наймдугаар сарын сүүлээр АНУ-ын зүүн хэсгийг дайран өнгөрч, Нью-Йоркийн нутаг дэвсгэрт үерийн гамшиг учруулсан “Айда” хар салхийг “Munich Re”-онцлон тэмдэглэв.
Баруун Европт үерийн улмаас 54 тэрбум ам.долларын хохирол учирчээ. Үүний зэрэгцээ тус компани өнгөрсөн долдугаар сард Германд болсон үерийн улмаас учирсан хохирлыг 40 тэрбум доллар (ойролцоогоор 33 тэрбум евро) гэж тооцжээ. Энэ нь Германы түүхэнд учирсан хохирлын хамгийн дээд үзүүлэлт юм. Үерт тоо томшгүй олон байшин барилга урсч, дэд бүтэц, ялангуяа төмөр зам, авто зам, гүүрийн байгууламжууд эвдэрч сүйдэн, ноцтой хохирол учирч, 220 гаруй хүн амиа алдсан байна.
“Munich Re”-гийн уур амьсгалын ахлах шинжээч Эрнст Раух хэлэхдээ "Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас учирсан байгалийн гамшгийн хохирол өсөн нэмэгдсээр байна. Цаг агаарын эрс тэс үзэгдлүүд ойр ойрхон тохиож, илүү их эрсдэл дагуулж болзошгүй" гэж хэлжээ.
Тус компани олон арван жилийн турш манай гариг дээр болсон байгалийн гамшгийн хохирлуудыг баримтжуулж ирсэн билээ. Швейцарын давхар даатгалын “Swiss Re” концерн 2021 оны арванхоёрдугаар сарын дундуур дэлхий даяар байгалийн гамшгаас үүдсэн хохирлын хэмжээ 250 тэрбум ам.доллар (221 тэрбум евро)-т хүрсэн гэж тооцоолсон бол Британийн “Christian Aid” хүмүүнлэгийн байгууллага байгалийн гамшгийн улмаас 170 тэрбум ам.доллар (ойролцоогоор 150 тэрбум евро)-ын хохирол учирсан гэж тооцжээ.
Эх сурвалж: DW
Холбоотой мэдээ