Хөндөх сэдэв: Түлшээ хямдруулах биш чанарыг нь сайжруул!

Хуучирсан мэдээ: 2022.01.19-нд нийтлэгдсэн

Хөндөх сэдэв: Түлшээ хямдруулах биш чанарыг нь сайжруул!

Хөндөх сэдэв: Түлшээ хямдруулах биш  чанарыг нь сайжруул!

Улаанбаатарын утаа “эргэн ирсэн”-ий бурууг бүх улсаараа хайж, хэргийн эзнийг тодруулах ажиллагаа нийгмийн сүлжээнд идэвхтэй өрнөж байна.  Утаатай дорвитойхон тэмцэж чадсангүй тул Засгийн газрын зарим гишүүн хариуцлага хүлээж, нийслэлийн Засаг дарга дээрээс өгсөн үүрэг чиглэлийн дагуу онцын шаардлагагүй хоёр даргаа явуулснаар уснаас хуурай мултарлаа.  Утаатай тэмцэж яваад У.Хүрэлсүхийн зөвлөх болсон эмэгтэй Улаанбаатарын агаарын бохидол 47 хувиар буурсан гэж хэвлэлд “тавилттай” ярилцлага өгөв.  Улаанбаатарын агаарын бохирдол 47 хувиар буурсан байтлаа дэлхийд нэгдүгээрт бичигдэх үү?

Утаа гаргаж байгаа болгон агаар бохирдуулах нь бодит үнэн. Нүүрс түлсэн ч, сайжруулсан түлш түлсэн ч утаа буурна.  Гэр хорооллыг дахин төлөвлөөгүй цагт Улаанбаатарын утаа байсаар байна гэсэн үг.  Харин их, бага бохирдлынх нь тухай ярих ёстой юм.

МАН засгийн эрхэнд гарсныхаа дараа гурван тулгуурт хөгжлийн бодлогын 9 дэх зорилтын хүрээнд “Утаагүй Улаанбаатар-2020” төслийг үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолын дагуу 2019 оны тавдугаар сараас эхлэн Улаанбаатар хотод ахуйн хэрэглээний түүхий нүүрс оруулахгүй байхаар шийдвэрлэсэн. Тус тогтоолын хүрээнд сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх “Тавантолгой түлш ХХК-ийг байгуулсан байдаг.

Ингээд нүүрсийг хориглож, сайжруулсан түлшийг хэрэглээнд нэвтрүүлснээр утаа өнгөрсөн хоёр өвөл буурсан. Гэтэл энэ өвөл  Улаанбаатарын утаа “гэнэт” гараад ирсэний шалтгана юу вэ.  Гол асуулт энэ.

Цар тахлын үеэр Засгийн газраас иргэдийнхээ амьжиргааг дэмжих үүднээс цахилгаан, дулаан, ус, түлшнийх нь үнийг хариуцах болсон. Цахилгаан, дулаан, усны үнийг нь “Эрдэнэт” үйлдвэр дааж, гэр хорооллынхны түлэх түлшийг “Тавантолгой түлш” хямдралтай үнээр олгож эхлэв.

Өнгөрсөн оны өвлөөс гээд тооцвол хоёр өвөл гэр хорооллынхон сайжруулсан түлшийг хямдралтай үнээр худалдан авч байгаа юм. Тодруулбал, гэр хорооллын айл өрхүүдийн хэрэглээний шахмал түлшийг хүйтний эрч сулартал 50 хувийн хөнгөлөлтэй үнээр борлуулахаар шийдвэрлэсэн билээ.Засгийн газрын тогтоолын дагуу түлшний үнийг 50 хувийн хямдралтай буюу нэг шуудайг нь 1875 төгрөгөөр борлуулж байна. Эндээс л сайжруулсан түлшний чанарын асуудал хөндөгдөж буй. Түлшний үнийг хямдруулахаар орлого буурна. Өмнө нь 3750 төгрөгийн үнэтэй байсан түлшийг 1750 төгрөгөөр зарахаар өм цөм алдагдал үүснэ. Төрийн компани тулдаа л яваад байгаа болохоос хувийн компани бол хэдийнээ дампуурлаа зарлаад, үүдээ барьчихсан байгаа л даа.  Сүүлийн гурван сарын дотор л бараа бүтээгдэхүүний үнэ өслөө. Шатахууны үнэ гэхэд Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш бараг 1000 төгрөгөөр нэмэгдсэн. Тэгэхээр түлшээ тээвэрлэх өртөг өссөн гэсэн үг.

Уг нь сайжруулсан түлшийг улам сайжруулаад явах нь компанийн үүрэг. Гэтэл бүтээгдэхүүнийхаа чанарыг судлах, сайжруулах мөнгө ч, боломж ч компанид алга. Эрээний хил хааснаар шуудай нь хүртэл тасарсан гэхээр барьцадуулагч бодис нь шаардлага хангаж байгаа эсэх нь бас эргэлзээтэй. МХЕГ-аас “Тавантолгой түлш” бүтээгдэхүүнийхээ технологийг сайжруулах шаардлагатай байгааг сануулдаг ч хөрөнгө мөнгө нь байхгүй. Техник, технологио шинэчилж болдоггүй.

Орны пүршин дээр түлшээ шигшээд зогсож байгаа зураг олон нийтийн сүлжээнд “элэг, доог” болж байна. Түлшээ хүрзээр ууталж, нүүрсээ гараар шигших нь холгүй байгаагийн цаад шалтгаан нь “money”. Мөнгөгүй, их хэмжээний алдагдалтай үйлдвэр осолдохгүй л гэр хорооллынхны галыг алдагдуулахгүй гэж ажиллаж байх шиг. “Тавантолгой түлш”-ийн М.Ганбаатар муугаа хэлнэ билээ, “Бид цар тахлын үед чанарт гэхээсээ нийлүүлэлтээ анхаарч ажилласан” гэж.

Төсвөөс алдагдлыг нь нөхөж өгдөггүй. Удахгүй “Эрдэнэт” үйлдвэрт ч ийм бэрхшээл тулгарч мэднэ. Иймээс л цахилгаан, дулаан, ус, түлшний хөнгөлөлтөө зогсоож, эсрэгээрээ НДШ-ийг хөнгөлөх зэргээр хавтгайрсан халамжаас ангирч, аж ахуйн нэгж, иргэдээ дэмжих цаг болж.

Үнэндээ сайд, дарга нарыг халаад “Тавантолгой түлш”-ийн удирдлагуудыг явуулаад юу ч өөрчлөгдөхгүй. Асуудал нь хөрөнгө, мөнгө. Гэр хорооллыг бүгдийг нь барилгажуулж, дэд бүтцээр хангах боломж өнөө, маргаашдаа байхгүй. Тэгэхээр сайжруулсан түлшнийхээ чанарыг сайжруулахаас өөр гарц алга байна.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж