Ардчилсан хувьсгалын эхэн үе буюу 1990-ээд онд Монгол Улсад нийтийн хоол-соёл урлаг, боловсрол-шинжлэх ухаан гэсэн хоёрхон салбарт гадаадын шууд хөрөнгө оруулалт орж ирж байв. Гадаадын хөрөнгө оруулалтын хууль 1993 онд батлагдсантай холбоотойгоор эдийн засгийн бүхий л салбарт, ялангуяа 1994 оноос геологи, уул уурхай, олборлолтын салбарт эрчимтэй хөрөнгө оруулалтууд орж эхэлсэн. Тодруулбал, 1995-1999 онд манай улсад нийт 53 сая ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт орсноос дөрөвний нэг нь уул уурхайн салбарт, 15 хувь нь хөнгөн үйлдвэрлэлд, 10 гаруй хувь нь мал аж ахуйн гаралтай түүхий эдийн боловсруулалт, 8.8 хувь нь инженерийн барилга байгууламж, барилгын материалын үйлдвэрлэлд, 7 хувь нь худалдаа, нийтийн хоолны салбарт тус тус оржээ.
Гадаадын шууд хөрөнгө оруулалт 2000-2004 онд нийт 165 сая ам.долларт хүрсэн нь 1995-1999 онтой харьцуулахад гурав дахин өссөн үзүүлэлт юм. Үүнээс салбаруудын эзлэх хувийн жинг харвал тал хувь нь уул уурхайн салбарт, 17 хувь нь худалдаа, нийтийн хоол салбарт, 7 хувь нь хөнгөн үйлдвэрлэлд, гурван хувь нь банк санхүүгийн үйл ажиллагааны салбарт оржээ.
Түүнээс хойших таван жилд нийт гадаадын шууд хөрөнгө оруулалт 538 сая ам.долларт хүрч, 2000-2004 оныхтай харьцуулахад мөн гурав дахин өссөн байна. Энэ өсөлтийн ихэнх хувийг уул уурхайн салбар бүрдүүлж, нийт гадаадын шууд хөрөнгө оруулалтын 68 хувийг, худалдаа нийтийн хоолны салбар 22 хувийг бүрдүүлжээ. Мал аж ахуйн гаралтай түүхий эдийн боловсруулалтад орсон гадаадын шууд хөрөнгө оруулалт буурч, 0.8 хувийг эзлэх болсон байна. Мөн 2000-2004 онтой харьцуулахад банк санхүүгийн гүйлгээ хийх, аялал жуулчлал, хүнс хөдөө аж ахуйн салбараас бусад салбаруудын гадаадын шууд хөрөнгө оруулалт хэмжээ буурчээ.
Монгол Улсын макро эдийн засгийн бодлогын хувьд 2017-2020 онд шийдэмгий өөрчлөлтүүд гарсан. Монгол Улс 2017 оны тавдугаар сараас Олон улсын валютын сан (ОУВС)-тай хамтран гурван жилийн хугацаатай "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр" хэрэгжүүлсэн. Экспортын эрэлт өсч, гадаадын шууд хөрөнгө оруулалт сэргэснээр эдийн засгийн өсөлт 2017 онд 5.3 хувь, 2018 онд 7.2 хувь, 2019 онд 5.2 хувьд хүрсэн билээ.
Энэхүү таатай үе нь Засгийн газарт төсвийн алдагдлыг бууруулах, улмаар нэгдсэн төсвийг 2018 онд ДНБ-ий 2.6 хувь, 2019 онд 1.4 хувьтай тэнцэх хэмжээний ашигтай байлгах боломж болсон. Мөн төв банкны гадаад өглөгийг оруулж тооцсоноор Засгийн газрын өрийг 2019 оны эцэст ДНБ-ий 79.1 хувьтай тэнцэх хэмжээнд буюу 2016 оны гүйцэтгэлээс 30 нэгж хувиар бууруулах боломж бүрдсэн. Төсвийн орлого өсөлттэй байсан үед Засгийн газар төсвийн зардлыг бууруулах, зохистой хэмжээнд хязгаарлах бодлогын тодорхой өөрчлөлт анх удаа хийгдсэн билээ.
Хэдийгээр төсвийн тэнцэл сайжирч, зарим ахиц дэвшил гарсан ч улсын өрийн хэмжээ өндөр хэвээр, 2021-2024 он хүртэл Монгол Улс нийт 4.8 тэрбум ам.долларын Засгийн газрын болон түүний баталгаатай гадаад өр эргүүлэн төлөх хуваарийг сануулсаар байна.
Өнөөдрийн байдлаар ихэнх гадаадын шууд хөрөнгө оруулалт олборлох салбар руу чиглэсэн хэвээр, ялангуяа Оюутолгойн алт, зэсийн гүний уурхай 2023 онд үйлдвэрлэлээ эхлэх төлөвлөгөөтэй байгаатай холбоотойгоор Монголд эрдэс баялгийн экспорт давамгайлах чиг хандлага ойрын үед өөрчлөгдөх төлөвгүй байна.
Монгол Улс экспорт ба гадаадын шууд хөрөнгө оруулалтыг төрөлжүүлэх зайлшгүй шаардлагатайг гадаадын экспертүүд онцолж буй юм. Үүний дүнд ажлын байр бий болж, ирээдүйн экспортлогч салбаруудын суурь тавигдах боломжтой. Цаашлаад уул уурхайгаас хэт хамааралтай энэ үед эдийн засгаа төрөлжүүлж, экспортын бааз сууриа өргөжүүлэн, эдийн засгийн өсөлтийг илүү хүртээмжтэй, савлалт багатай болгох шаардлагатайг эдийн засагчид хэлж байна.
Монгол Улсад 2010-2020 оны хооронд 5058 гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж 26 орчим тэрбум ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалтыг 112 орноос хийжээ. Мөн хугацаанд хийгдсэн гадаадын хөрөнгө оруулалтыг улсаар ангилж үзэхэд Канад улс 7.72 тэрбум ам.доллараар эхний байрт орсон байна. Хятад, Нидерланд, Люксембург, Сингапур зэрэг улсууд топ таван хөрөнгө оруулагчаар тодорчээ.
Монгол Улсын 2020 оны хөрөнгө оруулалтын орчны мэдэгдэлд ашигт малтмалаа экспортлох, ихэнх бараа, бүтээгдэхүүнээ импортлох маягаар явдаг Монгол Улсын эдийн засгийн загвар зах зээлд бараа, бүтээгдэхүүнийг зарж борлуулахад төр, засгийн зүгээс тогтоох саад тотгор багатайг дурдсан нь бий.
Монгол Улс дахь АНУ-ын Элчин сайдын яамны Эдийн засаг, худалдааны хэлтсийн мэдээлэлд, хөрөнгө оруулагчдын хувьд Монгол Улсад хөрөнгө оруулалттай холбоотой цөөн хориг хязгаарлалтыг эс тооцвол ихэнхдээ зах зээлд чөлөөтэй нэвтрэх эрх эдэлдэг. Биеийн тамир, спорт дасгалжуулалтын төв, түргэн хоолны газар, жижиг дэлгүүр гэх мэт франчайзын бизнесүүд хүлээлтээс давж байгаа тул амжилттай яваа олон улсын бизнес загваруудыг Монголын үйлчилгээний салбарт нэвтрүүлэх боломжтойг тэмдэглэжээ.
Монголын ноолуур, хөдөө аж ахуйн салбар ч итгэл найдвар төрүүлэхүйц. Гэхдээ уул уурхай зэрэг улс төрийн хувьд эмзэг эдийн засгийн салбаруудад хөрөнгө оруулах нь илүү их эрсдэл дагуулж байгааг гадны хөрөнгө оруулагчид онцолж байна.
Covid-19 цар тахал гарсантай холбоотойгоор гадаадын иргэдийг Монгол Улсад нэвтрүүлэхгүй байх хориг, зорчигч тээврийн нислэг үйлдэхийг хориглосон шийдвэрүүд нь гадаадын шууд хөрөнгө оруулалтад сөргөөр нөлөөлж буй.
Монгол Улс Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалттай холбоотой ил тод байдлын тухай АНУ-Монгол Улсын хэлэлцээрт заасан олон нийтэд мэдээлэх, тэдний саналыг авч тусгахаар хүлээсэн үүрэг амлалтаа хэрэгжүүлэхгүй байгааг хөрөнгө оруулагчид шүүмжилж байна. Тиймээс Монголын Засгийн газар улс орондоо гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих чиглэлд хүчин чармайлт гаргахгүй байна гэж үзэн, эргэлзсэн хэвээр байгаагаа илэрхийлж буй юм.
Гадаадын хөрөнгө оруулагчдын хувьд "Монгол Улсын Засгийн газраас хөрөнгө оруулалттай холбогдуулан "гэнэтийн" шийдвэрүүд гаргадаг. Монгол Улсын шүүх шүүгч, прокурор, авлигатай тэмцэх албан тушаалтнууд хараат бус байх ёстой. Учир нь бизнесийн маргааныг шүүхээр шийдвэрлүүлэхэд удаан хугацаагаар хойшлуулдаг, гаргасан шийдвэрүүдийн хэрэгжилт мөн адил удаан хугацаагаар хойшлогддог"-ийг тэмдэглэж байна. Захиргаа, шүүхийн үйл явц 18-24 сараас багагүй хугацаанд үргэлжилдгийг ч гадаадын хөрөнгө оруулагчид болон хуулийн мэргэжилтнүүд мэдээлж буй юм.
Татварын алба зэрэг өмнө нь улс төрөөс хамааралтай шийдвэрүүд гаргаж байсан төрийн захиргааны хяналтын байгууллагууд дээр ч асуудлыг удаан хугацаагаар хүлээлгэж, хойшлуулдаг гэв.
Монгол Улсын хувьд гадаадын шууд хөрөнгө оруулалтад хууль, зохицуулалтын хувьд нээлттэй ч бусад орнуудтай харьцуулахад гаднаас орж ирж буй хөрөнгө оруулалтын урсгал хангалтгүй. Гадаадын шууд хөрөнгө оруулалтын хувьд тулгарч буй нэг гол бэрхшээл нь улс төрийн ба бодлогын тогтворгүй байдал, гадаад этгээдийн хувь эзэмшил, үл хөдлөх хөрөнгө эзэмших эрх, ажиллах зөвшөөрөл зэрэгтэй холбоотой эрх зүйн зохицуулалтууд юм. Тиймээс тэдгээрийг эргэн харахыг сануулж байна.
Уул уурхайн салбар хөрөнгийн төвлөрөл өндөртэй. Гэвч хөрөнгө оруулагчид Монголд хөдөлмөрийн бүтээмж муу гэсэн дүгнэлт өгч байна. Тухайлбал, бүтээмж хамгийн өндөртэй гэгддэг уул уурхайн салбар хүртэл бусад улс орныхтой харьцуулахад энэ үзүүлэлтээр хоцордог аж. Үүний зэрэгцээ уул уурхайн томоохон төслүүдийн бүтээн байгуулалтын ажлуудын хувьд газар, усны хязгаарлагдмал нөөц, уламжлалт мал аж ахуйтай холбоотой зөрчил түгээмэл гардгийг хэлж байна.
Монголд төр, хувийн хэвшлийн түншлэлийн эрх зүйн орчин сул, төрийн байгууллага, зохион байгуулалт, дүрэм журам, бодлого ойр ойрхон өөрчлөгддөг. Төр, хувийн хэвшлийн хамтарсан төсөл маш цөөн хэрэгжиж буй. Иймд нийтээр хүлээн зөвшөөрсөн төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэм хэмжээнд суурилсан хамтын ажиллагаа өрнөх нөхцөл бүрдүүлэх талаар ажиллах хэрэгтэйг хуульчид онцолж байна.
Манай улсад татвар, гаалийн дүрэм журмыг хялбаршуулах, хил дамнасан худалдааг хөнгөвчлөх олон боломж нээлттэй. Түүнд төр манлайлан оролцвол гадаадын хөрөнгө оруулагч, зах зээлтэй холбоо тогтоогоод буй бизнесүүдэд бодитой дэмжлэг болох билээ.