АНУ-ын сагсан бөмбөгийн NBA-ийн 2021-2022 оны улирал талдаа орж, багууд 40-46 тоглолт хийжээ. Зарим багийн хувьд хэдийнэ учраа олж, аваргын төлөөх өрсөлдөөнд яригдаж эхлээд байгаа бол зарим нь өдийг хүртэл учраа ололгүй явна. Тэдний нэг бол Лос-Анжелес Лэйкерс. Улирлын эхнээс л өгсөж, уруудаж буй тус багийн тухайд сүүлийн үед ахлах дасгалжуулагч Фрэнк Вогелийг халах талаар яригдаж байна. Тэгвэл NBA-д 15 улирлыг өнгөрүүлсэн Ж.Ж.Редик Лэйкерсийг хатуухан шүүмжлээд амжив.
Тэрбээр ярихдаа “Улирлын 44 дэх тоглолтууд боллоо. Лэйкерс бидэнд хэн болохоо харууллаа. Тэд лигт довтолгоогоороо 24 дүгээрт, хамгаалалтаараа 18 дугаарт бичигдэж байна. Лэйкерс бол муу баг. Үеэ өнгөрөөсөн тоглогчдоор бүрэлдэхүүнээ зузаатгасан. Би хэн нэгнийг нь онцолмооргүй байна. Гэхдээ л тоглогчид нь үеэ өнгөрөөсөн. Энэ бол бодит байдал. Өнөө өглөө Фрэнк Вогелийн ажил дээсэн дөрөөн дээр очсон гэдгийг сонслоо. Денверт хожигддог тоглолтын орой тэр ажлаасаа халагдах шахсан. Энэ хожигдол түүнээс болсон гэж би бодохгүй байна. Бүрэлдэхүүн нь тааруу бүрдчихсэн. Өөрчлөлт хиймээр байгаа бол юуг нь та нар өөрчилмөөр байна. Би нэг л зүйл хэлье. Лэйкерст өөрчлөлт хийх олон сонголт байхгүй. Хэн Рассель Уэстбрукийн гэрээг авах юм бэ?” гэжээ.
Ж.Ж.Редикийн ярьсан бүхнийг үгүйсгэх аргагүй. Үнэхээр л бүрэлдэхүүнд нь үеэ өнгөрөөсөн тамирчид мөн орон гаран тоглолттой, бэртэл гэмтэл салдаггүй залуучууд бий. Хэрэв Лэйкерс солилцоо хийхийг хүсвэл Тэйлен Хортон-Такер л тэдний ганц хөзөр болоод байна.
Холбоотой мэдээ