Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг хэзээнээс эхэлж олгох талаар өнөөдөр /2022.01.20/ Татварын ерөнхий газраас тодрууллаа.
НӨАТ-ын тухай хуулийн дагуу улирал бүр иргэдэд хоёр хувийн буцаан олголт өгдөг. Тэгвэл 2021 оны дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг энэ долоо хоногоос олгож эхэлнэ гэдгийг албаныхан мэдээллээ.
Энэ удаагийн буцаан олголтоор НӨАТ-ын буцаан олголтоор 1.2 сая иргэнд 63 тэрбум төгрөгийг буцаан олгоно. Буцаан олголтын мөнгийг нэгдүгээр сард багтаан иргэдийн дансанд шилжүүлнэ.
Тухайн улирлын баримтаа дараа сарынх нь 8-ны өдрийн дотор /I улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 8, II улирлын буцаан олголтыг долдугаар сарын 8, III улирлын буцаан олголтыг аравдугаар сарын 8-н, IV улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 8-нд / ebarimt системд бүртгүүлэн буцаан олголтоо авдаг.
Түүнээс гадна, Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олгох журамд “Албан татвар төлөгчийн буцаан олголт авах урамшууллын дүнгээс татвар төлөгчийн хүсэлтээр бусад төрлийн албан татвар, төлбөр, хураамжид суутган тооцож болно” гэсэн нэмэлт, өөрчлөлт орсон байдаг.
Өөрчлөлтийн дагуу өнгөрсөн оны гуравдугаар улирлаас эхлэн НӨАТ-ын буцаан олголтоор хөрөнгийн татваруудаа шимтгэлгүй төлөх боломж бүрдсэн. Үүний дагуу 56 мянган иргэн хөрөнгөд ногдох (галт зэвсэг, автомашин, үл хөдлөх, газар) татвар болох 6.1 тэрбум төгрөгийн хөрөнгийн татвараа төлөх боломжтой байна.
НӨАТ-ын буцаан олголтоороо шимтгэлгүй, хялбар аргаар хөрөнгийн татвараа еbarimt дээрээ нэмэх боломжтой аж.
Холбоотой мэдээ