Сурагчдын 45 хоногийн амралт дуусч, хичээл эхлэхэд /2022.02.07/ сар хүрэхгүй хугацаа үлджээ. ХӨСҮТ-өөс сурагчдын амралтыг дахин 14 хоногоор сунгах болон цахимаар хичээллүүлэх саналыг Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргажээ.
Уг асуудлаар Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэгээс тодруулахад “Бидний зүгээс сурагчдын амралтыг сунгахгүйгээр хичээлийг 14 хоног цахимд шилжүүлэх саналыг гаргаж байгаа юм. Уг асуудалд Шадар сайд С.Амарсайханаар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн ажиллаж байгаа. Омикроны халдварлах чадвар нь өмнөх мутацлагдсан хувилбаруудаас илүү өндөр байгаа. Тэгэхээр хүн хооронд бөөгнөрөл үүсэхийн хэрээр халдвар тархах эрсдэлтэй. Иймд урьдчилан сэргийлэхийн тулд танхимын сургалтыг 14 хоног хязгаарлаж цахимд шилжүүлэх саналыг дэвшүүлсэн. Ялангуяа 12-оос доош насны хүүхдүүд вакцинд хамрагдаагүй учраас өвчлөл илүү хурдан тархах эрсдэлтэй. Цар тахлын үед бид хүүхдүүдээ хамгаалах ёстой” гэлээ.
Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өмнө нь “ Covid-19-ийн омикрон хувилбарын давалгаа дэгдвэл дахин 5:9 зарчмаар хичээллэхийг үгүйсгэхгүй” гэж мэдэгдсэн билээ. Тэгвэл сурагчид хэрхэн хичээллэх тухай Боловсрол шинжлэх ухааны яам одоогоор тодорхой мэдээлэл өгөөгүй байна. Хичээлийг үргэлжлүүлэн сунгах эсэхийг УОК, Засгийн газар шийдвэрлэнэ.
Холбоотой мэдээ