Сууриа тавьснаас хойш 10 дахь жилийн нүүр үзэж буй Түлэнхийн төвийн барилгыг өнгөрсөн онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байсан. Гэвч хил гааль хаагдаж, шаардлагатай зарим тоног төхөөрөмж гацсанаас барилгын ажлыг түр хойшлуулсан байна. Харин одоо барилгын ажил үргэлжилж байгаа бөгөөд ирэх сард ашиглалтад орно гэдгийг албаны хүмүүс онцлов.
Улсын хэмжээнд жилд дунджаар 18-20 мянган хүн ахуйн болон гэнэтийн байдлаар түлэгддэг. Эдгээрээс эмнэлгийн тусламж огт авч чадаагүй хүн олон байдаг аж.
Түлэнхийн төв ашиглалтад ороогүйгээс Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн нэг тасагт өвчтөнүүд хэвтэн эмчлүүлж байна. Тус тасаг үндсэн 60-80 орон дээр өвчтөн авах зориулалттай ч 30 хүртэлх орыг тус тасагт байлгадаг аж. Учир нь, тасгийн зай талбай бага тул өвчтөнүүдийг авахдаа корридорт болон үндсэн тасагтаа ийнхүү байлгахаас өөр аргагүй гэнэ. Зориулалтын барилга нь ашиглалтад орохгүй удаж байгаагаас төлөвлөгөөт хагалгаа болон хуваарьт мэс заслууд ч цөөн хийгдэж байна.
Хил дээр саатсан тоног төхөөрөмж нь ирсэн ч хэзээ ашиглалтад орох тодорхой хугацаа хэлэх боломжгүй гэсэн юм. Ямартай ч ирэх сараас Түлэнхийн төвийн үйл ажиллагаа эхлэх төлөвлөгөөтэй байгаа гэлээ.
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ТҮЛЭНХИЙН ТӨВИЙН САНХҮҮЖИЛТ БОЛООД БУСАД АСУУДЛЫГ 30 ХОНОГТ ШИЙДВЭРЛЭХ ШААРДЛАГА ХҮРГҮҮЛСЭН
Түлэнхийн төвийн С блокийн газарт хууль бусаар барьсан 12 давхар орон сууцны барилгыг зогсоох, эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн онцгой бүсийг хамгаалахыг шаардаж иргэн О.Энхмаа энэ сарын 14-нд мэдээлэл хийсэн.
Тухайн үед тэрбээр "Наймдугаар сарын 2-нд Түлэнхий төвийн барилга 70 хувьтай явж байна. Гадна тохижилтын ажил дуусахад Шадар сайд С.Амарсайхан, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар очиж танилцсан. Нийт 7300 метр квадрат талбайд үйл ажиллагаа явуулж байгаа эмнэлэгт эмгэнэлтэй харагдаж байна.
Хуулийн байгууллагууд газар завшсан энэ хэргийг шалгаж байгаа ч нийслэлийн прокурор хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж хаах гэж оролдсон. Эрх мэдэлтнүүд Түлэнхийн төвийн цогцос хадгалах барилгыг хувьдаа завшсан. Үүнээс болж өнөөдөр тус эмнэлгийн үйл ажиллагаа явагдаж чадахгүй байна. Нийт 9500 метр квадрат талбайг хувьдаа завшиж, 12 давхар орон сууны барилга барихыг зөвшөөрсөн хүмүүс төрийн дээд одон медаль авч байгаад ч шүүмжлэлтэй хандаж байна.
Мэргэжлийн хяналтын газар тухайн барилгад хяналт шалгалт хийж, газрыг чөлөөлөхийг шаардсан. Гэсэн ч өгсөн үүрэг чиглэлийг өнөөдрийг хүртэл шийдвэрлээгүй. Энэ асуудлыг яаралтай шийдвэрлэхгүй бол ард түмний эмчлүүлэх эрх ноцтой зөрчигдөж байна.
Тиймээс 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Түлэнхийн төвийн санхүүжилт болоод бусад асуудлыг 30 хоногт шийдвэрлэж өгөх шаардлага тавьсан. Одоогоор түлэнхийн төвийн барилгын ажилд ямар ч ахиц алга. Төр засаг шийдвэр гаргаж нэн шаардлагатай эмнэлгийн барилгыг ашиглалтад оруулахыг хүсч байна" гэв.
Түлэнхийн төвийн барилга энэ оны есдүгээр сард ашиглалтад орох байсан ч “Нутгийн зам” ХХК-тай холбоотойгоор гүйцэтгэл нь хойшилжээ. Тодруулбал, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2013 оноос яригдаж эхэлсэн гэх уг барилга нь үндсэн гурван блоктой бөгөөд А, С блокийн гүйцэтгэгчээр “Цаст констракшн”, В блокийн гүйцэтгэгчээр “Нутгийн зам” компани ажилласан.
Эрүүл мэндийн яамнаас тус компанид санхүүжилтийг нь бүрэн олгосон ч компанийн хариуцлагагүй байдлаас болж барилга удаашралтай байна гэсэн юм. 10 гаруй жил царцсан тус барилгын ачааллыг гэмтлийн эмнэлгийнхэн нуруундаа үүрч яваа. Зүй нь тус барилга төлөвлөгөө ёсоор явсан бол энэ оны есдүгээр сард тус эмнэлгийн суурин дээр 200 ортой, түлэгдэлт, хөлдөлтийг төгс эмчилдэг, олон улсын стандартад нийцсэн эмнэлэг ашиглалтад орох байв. Ямартай ч ирэх сард тус төвийн үйл ажиллагаа хэвийн явагдах эсэхийг хүлээх л үлдлээ.