Хөгжилтэй байх нь гэмт хэрэг биш

Хуучирсан мэдээ: 2022.01.19-нд нийтлэгдсэн

Хөгжилтэй байх нь гэмт хэрэг биш

Хөгжилтэй байх нь гэмт хэрэг биш

Ухаантай хүн хошин мэдрэмжтэй байдаг гэдэг. Нийгэмд өрнөж буй асуудлуудын талаар залуус хошигнон ярилцах нь манай нийгэмд түгээмэл үзэгдэл болжээ. Хэдхэн жилийн өмнөөс Монголд хурдацтай хөгжиж буй станд-ап комеди урлагт шинэ өнгө төрхийг бий болгосон. Зөвхөн эмэгтэй комедиан нараас бүрдсэн "Big sistas comedy crew"-ийн үүсгэн байгуулагч Б.Золзаяатай ярилцлаа.


-"Big sistas comedy crew"-ийг яагаад байгуулахаар болсон юм бэ. Эмэгтэй хүмүүс комедиан хийхэд хүлээж авахад хэцүү биш байсан уу?

-Би  хүмүүсийг инээлгэх дуртай, комеди сонирхдог. Бусад улсын комеди бичлэгүүдийг үзэх дуртай бас монгол комедиан залуустай ч найзууд. Хүн ер нь ямар зүйл дээр инээдэг вэ? гэхээр өөрт нь тохиолдсон эсвэл өөрт нь мэдрэгдсэн зүйлсийг нь ярихаар инээдэг. Манай Монголд үйл ажилгаагаа явуулж буй комедиан клубт ихэвчлэн эрэгтэйчүүд байдаг. Ер нь бид эрэгтэй хүмүүст тохиолдсон хөгжилтэй түүхийг сонсож инээдэг. Гэтэл эмэгтэйчүүдэд тохиолдсон инээдтэй  түүхээ бусадтай хуваалцах, тэднийг инээлгэх комедиан орон зай бага юм уу даа гэж бодоод клубээ нээсэн. Өнгөрсөн жилийн аравдугаар сард "Comedy lab"-аас зохион байгуулдаг "Virgin open mic show"-д оролцсон. Надаас гадна хөгжилтэй, мундаг эмэгтэйчүүд бас байсан. Тэр үеэр зөвхөн эмэгтэй комедиан нараас бүрдсэн нэгдэл байгуулах саналаа тэдэнд тавьсан. Тэгээд аравдугаар сарын  17-нд анхны шоугаа хийсэн. Одоо манай "Big sistas comedy crew" найман эмэгтэй комедиантай.

-Гишүүдээ яаж цуглуулав?

-Амьдрал дээрээ манай гишүүд комедиан гэхээргүй даруухан эмэгтэйчүүд. Анагаахын оюутан, хүний эрхийн хуульч  гээд бүгд өөр төрлийн мэргэжилтэй хүмүүс. Манай шоуг ирээд үзэх юм бол найман өөр төрлийн сэдвүүдийн талаар ярина. Зарим нь ээж байхын онцлог, зарим нь найз залуутай байх хосуудын харилцааны талаар, ганц бие бүсгүйчүүдийн талаар гэх мэт. Үзэж байгаа хүн маш олон дуу хоолой, өнгийг мэдэрнэ.

-Анхны тоглолтоо хийхдээ сандарч байв уу?

-Анх өөрсдийн дэмждэг хүрээллээсээ эхлэхийг зорьсон. Хүн ер нь эхний тойргоосоо эхэлнэ шүү дээ. Дэмждэг, дотно найз нөхөд ирж үзнэ. Таван шоу зохиосны дараагаас дэмждэг найзууд бараг ирээд дууссан. Дараагийн тоглолтоос үнэхээр биднийг үзэхийг зорьсон, цахим хуудсаар дамжуулж мэдсэн хүмүүс ирж, үзэж эхэлсэн. Комедианы бас нэг чухал зүйл нь зүгээр инээдтэй зүйл ярихаасаа илүү өөрийн үнэт зүйл, амьдралын зарчмаа бусдад хүргэдэг. Миний хувьд хүний эрх, хүн өөрөөрөө байх, бүгд тэгш эрхтэй гэх агуулгатай зүйлсэд итгэдэг болохоор түүнийгээ бусдад комеди урлагаар илэрхийлэхийг зорьдог. Мэдээж инээдтэй байх хэрэгтэй. Хүний эрхийн тухай ярилаа гэж бодъё. Нөгөө нэг уйтгартай лекц маягаар хүргэхээс илүүтэй хэрхэн тэр сэдвийг бусдад хөгжилтэй маягаар ярих вэ гэдгийг их боддог.

-Монголчууд бага инээвэл догь гэж боддог байх гэж та хошигнож байсан.  Ер нь монгол үзэгчид инээдэндээ харамч хүмүүс үү? Энэ талаар та юу гэж бодож байна?

-Бид сэтгэл хөдлөлөө бага илэрхийлдэг ард түмэн шүү дээ. Баярласан сэтгэл хөдлөлөө их гаргавал “юм үзээгүй” гэх мэт сөрөг хандлагад их өртдөг. Гэтэл сэтгэл хөдлөлөө илэрхийлэх нь сэтгэлзүйн эрүүл мэндэд маш сайн байдаг. Инээх бол гэмт хэрэг биш шүү дээ. Инээмээр байгаа бол инээх л хэрэгтэй. Нууж ичих шаардлагаүй. Мөн орчин их чухал байх. Өөрөөрөө чөлөөтэй байх орчин манайд хэр билээ. Гэхдээ манай үзэгчид харьцангуй чөлөөтэй байж чаддаг.

-Бусад комедиан клубүүдээс ялгарах онцлог нь юу вэ?

-Одоо үед ганцаархнаа зогсоод нийгэмд өрнөж байгаа асуудлуудыг хэрхэн ухаалгаар хошигнож бусдад хүргэж байна буюу комеди урлагт хүмүүс их анхаарч байна. Манайх гэлтгүй станд-ап комеди өндөр хөгжсөн орны уран бүтээлч нар хүртэл нийгэмд өрнөж буй нөлөөтэй асуудлуудыг хөндөж ярьдаг. Арьс өнгөний үзэл, бэлгийн чиг хандлага, хүйсийн чиг баримжаа, тухайн үндэстнийхээ асуудлуудыг ярьж байна. Гэхдээ комедиан болгоны хошигнол тийм байх албагүй. Зүгээр л хөгжилтэй байж болно шүү дээ. Манай "Big sista crew"-н хувьд инээдтэй зүйл ярих гээд хэн нэгэн, ямар нэг нийгмийн бүлгийг шоолж дооглохгүй байхад анхаардаг. Тэр тарган, бэлгийн чиг хандлага нь тийм, ижил хүйстэн хүмүүс тийм байдаг, баруун аймгийнхан тэгж ярьдаг гэдгээс илүүтэй мэдрэмжтэй, хэн нэгний хувийн орон зайд халдахгүй, доромжлохгүй хошигнохыг хичээдэг.

-"Big sistas crew" ойрын хугацаанд ямар зорилттой ажиллаж байна? Шинэ гишүүн нэмж авах уу?

-Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр гуравдугаар сард тохиодог. Энэ өдөр эмэгтэйчүүдийн асуудлыг нийгэм даяараа анхаардаг. Тэр үеэр том шоу хийх бодол байна. Мэдээж шинэ гишүүн авалгүй яахав. Бид нар комедиан клуб биш crew буюу нэгдэл. Аль болох олон дуу хоолой янз бүрийн өнгө хосолсон. Комедиан эмэгтэйчүүд маань өөр клубт харьяатай байж болно. Энэ бол эмэгтэй комеди нарт зориулсан чөлөөт орон зай. Үүд хаалга үргэлж нээлттэй.

Удахгүй "Open mic" шоу зохионо гэж бодож байгаа. Энэ салбарт илүү олон эмэгтэйчүүд орж ирэх хэрэгтэй. Яагаад гэвэл урлагийн сонирхолтой шинэ төрөл, хөгжиж байна. Өөрийгөө чөлөөтэй илэрхийлэхэд их чухал салбар. Олон нийттэй хэрхэн харилцах талаар сургалтад сууснаас комеди "Оpen mic"-т очоод ярьсан нь илүү үр дүнтэй. Зүгээр хоолны ширээний ард суугаа найз нөхөд, гэр бүлээ инээлгэх. Мөнгөө төлөөд комеди үзэх гэж ирсэн үзэгчдийг инээлгэх хоёр шал өөр байдаг.

-Big sistas crew-г дэмждэг үзэгчиддээ хандаж юу гэж хэлмээр байна?

-Хамт байгаарай. Бид шинэ өнгө төрхийг бүтээх гэж хичээж байна. Аливаа зүйлийг төгс хийхээс илүү, тууштай хийх нь илүү үр дүнтэй байдаг шүү дээ. Зарим хүмүүс төгс болчихоод зорилгоо биелүүлнэ гэж боддог. Тийм зүйл байдаггүй. Алдаж онож түүнээсээ суралцаж байдаг. Тиймээс та бүхэн санал шүүмжлэлээ хэлж байгаарай. Хамтдаа хөгжилтэй байцгаая.

Ц.ХОНГОР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж