Засгийн газрын ээлжит хуралдаанаар өнөөдөр /2022.01.19/ төрийн захиргааны албан тушаалын хэд хэдэн томилгоо хийжээ. Тодруулбал, МХЕГ-ын дарга Т.Гантулгын оронд ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж буй Б.Баасандоржийг томилсон байна. Харин Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар Хууль зүйн бодлогын газрын даргаар ажиллаж байгаа П.Сайнзоригийг, ШӨХТГ-ын даргаар Т.Гантулгыг сэлгэн томилжээ.
Эдийн засгийн хөгжлийн яамны дэд сайдаар Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан С.Наранцогтыг, Сангийн яамны газрын даргаар ажиллаж байсан Г.Түвдэндоржийг Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайдаар ажиллана.
МХЕГ-ын дарга Б.Баасандорж нь 2018 оноос Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар ажиллаж байсан. МУИС-ийн Хууль зүйн сургууль, АНУ-ын Калифорнийн олон улсын их сургууль төгссөн, эрх зүйч мэргэжилтэй, бизнесийн удирдлагын магистр. 2001 оноос УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын туслах, Хуулийн хэлтсийн шинжээч, Хууль зүйн байнгын хороонд референт, зөвлөх, ахлах зөвлөх, Хууль зүй, дотоод хэргийн яаманд газрын дарга, 2015 оноос УИХ-ын Хууль зүйн Байнгын хорооны ахлах зөвлөхөөр ажиллаж байсан. Төрийн албанд 20 дахь жилдээ ажиллаж байгаа аж.
ШӨХТГ-ын дарга Т.Гантулга 2020 онд МХЕГ-ын даргаар томилогдсон. Тэрбээр 1985-1990 онд ОХУ-ын Москва хотын Хүмүүнлэгийн их сургуулийг Түүх нийгмийн багш мэргэжлээр төгссөн. Мөн 1997-2000 онд Монгол Улсын их сургуулийн докторантур, улс төр судлаач, 2002- 2004 онд Үндэсний Тагнуулын академийн эрх зүйч, улс төрийн шинжлэх ухааны доктор, профессор цолтой. Ажлын туршлагаас нь дурьдвал, 1983-1985 онд Говь-Алтай аймгийн МХЗЭ-ийн хороонд зохион байгуулагч, 1990-1994 онд Говь-Алтай аймгийн МАН-ын хороонд улс төрийн ажилтан, 1994-2000 онд “Алтайн Кашмир” ХХК-ийн ерөнхий захирал, 2000 – 2007 онд МАН-ын даргын зөвлөх, 2007-2009 онд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга, 2009-2012 онд ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, 2013-2016 онд МАН-ын нарийн бичгийн дарга, 2016-2020 онд Эрчим хүчний дэд сайдаар тус тус ажиллаж байжээ.
Холбоотой мэдээ