Ажилгүйдэл, архидалт, гэр бүлийн хүчирхийлэл, салалт, урвалт бүхэнд эрчүүдийг буруутган, нийгмээрээ гадуурхдаг.Үүний тод илрэл нь гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдын 90 гаруй хувь нь эмэгтэйчүүд гэсэн судалгаа. Эндээс л эрэгтэй хүмүүс эхнэрээ зоддог мэт нийтлэг дүр зураг харагдаж буй. Харин эрэгтэйчүүд хохирсон гэсэн нэг ч тоон баримт, судалгаа алга. Яагаад гэвэл монголчууд эрэгтэй хүнд уйлах ч боломж олгодоггүй учраас тэр биз. Угтаа хүчирхийлэлд жендер хамаагүй ч “эрэгтэй хүн уйлж болохгүй”, “амьдралаа авч явах ёстой”, “ноён нуруутай”, “гүндүүгүй байх” гэх зэрэг уламжлалт хэвшмэл ойлголт тэднийг эмтэлж бас “эвдэж” байна. Ажилгүй болбол арчаагүй, найз нөхөдтэйгээ уулзвал “тэнэмэл архичин” цол зүүж, асуудлаа яривал “эхнэртээ базуулсан ” гэж адлагддаг тул нэрээ бодож чимээгүй тэвчих нь их. Гэвч хамгийн ойр дотнын эхнэр бас хадмын талаас “Эр хүн байж…” гэх үгээр идэж, ээж, аав нар хөвгүүдээ “Чи уйлах ёсгүй, чи ямар ч сэтгэлийн хөдөлгөөн гаргах хэрэггүй” гэх дарамтлах нь сэтгэл санааны болон эдийн засгийн хүчирхийллийн хэлбэр гэдгийг олон хүн анзаардаггүй болов уу. Боловсрол дээр хүртэл хөвгүүдэ эүл ойшоож, охиддоо илүү анхаарал хандуулах нь бий.
Сүүлийн жилүүдэд эрэгтэйчүүд хүчирхийлэлд өртөх нь ихэссэн. Хөвгүүдээ охидыг зодож болохгүй гэж сургадаг шигээ охидыг нь хөвгүүдийг дээрэлхэж болохгүй гэж зааж сургах ёстой.
Хэрэвзээ хөвгүүд охидын цохисон, маажсан бол хүмүүжилгүй, хүчирхийлэгчээр нь дуудахаас наагуур болдог. Эсрэгээрээ хөвгүүдийг охид маажсан бол чимээгүй өнгөрөх нь элбэг. Яагаад гэвэл эрэгтэй хүүхэд "өвдөх" ёсгүй гэж ойлгодог болохоор. Энэ нь яван явсаар нийгмийн том асуудал болж хувирдаг.
ОХИД ХӨВГҮҮДИЙН ХУВИЙН ОРОН ЗАЙД ХАЛДДАГ
ГҮНЖ төвийн үүсгэн байгуулагч, Зөвлөх Ч.УНДРАХ:
-Монголд хохирогч нарын талаас харсан судалгааг хийх нь нийтлэг. Тиймээс биш хүчирхийлэл үйлдэж буй талаас судлах нь бага байдаг. Хүчирхийлэл өөрөө хүчирхийллийг төрүүлдэг учраас гэр бүлээс авсан үлгэр дууриалал ирээдүйд гэр бүл зохиоход нөлөөлдөг. Хэрэв ээж нь аавыг нь хянаж, загнах зэрэг ааш гаргадаг, цалинг нь хурааж авдаг бол охин хүүхэд ирээдүйд гэр бүл зохиосныхоо дараа өөрийнхөө хүслээр байлгах, цалинг нь хураах зэрэг ээжийнхээ гаргаж байсан үйлдлүүдийг гаргадаг.
Гэр бүлийн хүчирхийлэл нь хэн байхаас үл хамаарч монголчуудын амьдралд хэвшмэл болчихоод байна. Бид 2016 оноос эхлэн “хүчирхэг хөвгүүд” гэсэн сургалтыг зохион байгуулж эхэлсэн. Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн хөтөлбөрүүдийг харахад миний бодлоор хайрын боловсролыг заадаггүй гэж харсан.
Бие биедээ хайртай бол хэрхэн зөв илэрхийлэх, хувийн орон зай гэж юу юм, хамтрагчийнхаа хувийн орон зайг яаж хүндэтгэх юм гэдгийг ерөөсөө хэлж, зааж өгдөггүй. Хэдий “хүчирхэг хөвгүүд” аяны хүрээнд үерхэл, нөхөрлөлд хайртай хүнийхээ хувийн орон зайг хүндэтгэх тухай хичээл заахад хөвгүүд маш ойлгодог. Нөгөө талд охид хөвгүүдийн орон зайг хүлээн зөвшөөрдөггүй.
Үерхэхдээ л фэйсбүүкийнх нь нууц үгийг нэхэх, байнга залгаж, хаана хэнтэй уулзсан тухай асууж хамтрагчаа алган дээр тавьсан юм шиг бүх зүйлийг нь харж хяналтад авахыг хичээдэг. Өөрийн өмч мэт үзэж байгаа нь нийтлэг. Хөвгүүдтэй ярилцахад найз охид нь үерхэж эхлэхээрээ ээж шиг нь ханддаг нь таалагддаггүй болохыг хэлдэг.
Энэ нь дээр хэлснээр байнга хянах гэж хичээдэг гэсэн үг. Гэр бүлийн эрүүл бус харилцааг л хүүхэд дуурайж үерхэл нөхөрлөл, гэр бүл зохиоход гаргадаг. Иймд эцэг эхчүүд хүүхдэдээ зөв үлгэр дууриал өгч, хувийн орон зай ямар чухал болохыг хэлдэг байх хэрэгтэй. Бидний хувьд зөвхөн хөвгүүд гэлтгүй охидод ч бас хүний эрхийн тухай ойлголт өгөхийг зорьж сургалт заадаг гэлээ.
Эрэгтэйчүүд нийгмийн тулгасан хэвшмэл ойлголтуудаас болж тэр бүрийд хүний эрхийн байгууллага, цагдаад ханддаггүйгээрээ ялгаатай болохыг Хүний эрхийн үндэсний комиссоос хэлэв. Тус комиссын Реперент Г.Золзаяа “Жендер гэхээр л эмэгтэйчүүдийн эрхийг хамгаална гэж ойлгож болохгүй. Эрэгтэй, эмэгтэй хүн адил тэгш эрхтэй. Гэвч эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн байгалиас заяасан биологийн ялгаатай шинжийг нийгмээс тулгаж, андуурдаг байдлаас болж нийгмийн тодорхой салбаруудад эрх нь зөрчигддөг асуудал бий. Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдын 90 гаруй хувь нь эмэгтэйчүүд хүүхдүүд. Цөөн тохиолдолд л эрчүүд цагдаад ханддаг. Нийтлэг дүр зургийг харахад эрэгтэй хүмүүс л эхнэрээ зоддог мэт харагддаг. Гэтэл хөшигний цаана гэр бүлийн хүчирхийлэл дотор эдийн засаг, сэтгэл санаа, бие махбодийн хүчирхийлэлд өртсөн ч хүний эрхийн байгууллага болон цагдаагийн байгууллагад мэдээлэх нь тун ховор. Манай төвд ч бас эрх нь зөрчигдсөн асуудлаар албан ёсоор өргөдөл гомдол хүргүүлж, хандсан эрэгтэйчүүд маш цөөхөн” гэлээ.
ХҮЧИРХИЙЛЛИЙН ЭСРЭГ ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ҮҮДНЭЭС ЭРЭГТЭЙЧҮҮД 7-8 УДАА БУЦДАГ
Хүчирхийллийн эсрэг үндэсний төвд жилд дунджаар 2000 гаруй хүн ханддаг. Тэдний ердөө таван хувь нь эрэгтэйчүүд. Хэдий цөөхөн ч гэлээ тэд маш их бодож, зориглосны эцэст ханддаг болохыг тус төвийнхөн хэлж байгаа юм. Энд хандсан эрэгтэйчүүдийн зүгээс бусдад хэлэхгүй байх, өөрсдийнх нь мэдээллийг нууцлахыг хүсч санаа зовдог аж. Эмэгтэй хүнтэй харьцуулахад эрэгтэй хүн Хүчирхийллийн эсрэг үндэсний төвд хандахаасаа өмнө маш их бодож, олон удаа үүднээс нь буцсаны эцэст шийдвэрээ гаргадаг болохыг тус төвийн Хуулийн зөвлөх Д.Санчир хэлсэн. Тэрбээр,
-Манай төвд хандаж буй хохирогчдын дийлэнх нь хүүхэд, эмэгтэйчүүд. Мэдээж, эрэгтэй хүн хүчирхийлэлд өртдөг ч тэр бүр хандахгүй. Ихэвчлэн “Эрэгтэй хүн байж чи яахаараа эхнэртээ дээрэлхүүлдэг юм” гэсэн уламжлалт ойлголт, “Би яаж Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, цагдаагийн байгууллагад хандах юм” зэрэг нэр төрөө хичээснээс чимээгүй байдаг.
Маш бага таван хувь нь л биечлэн ирж тусламж авдаг. Ингэхдээ үүднээс долоо, найман удаа буцсаны эцэст зориглож орж ирдэг. Багаасаа “эрэгтэй хүн уйлж болохгүй”, “эрэгтэй хүн шалчигануур байх ёсгүй” зэрэг хэвшмэл ойлголтоор хүмүүжсэн байдаг учраас хүнтэй ярьж асуудлыг шийдвэрлэж сураагүй.
Тиймээс гэр бүлд асуудалд гарахад гэрээсээ гарч явах, согтууруулах ундаа хэрэглэх, найз нөхөдтэйгээ ярилцаж ойлголцохыг хичээдэг. Ингэж чадахгүй бол согтуурсан үедээ асуудлыг хүчээр шийддэг тохиолдлууд ч их гардаг. Эмэгтэйчүүдийн хувьд бие махбодийн хүчирхийллээс илүү хэл ам, сэтгэлзүй, эдийн засгийн хүчирхийлэл үйлддэг. Хэл амаар доромжлох, цалинг нь хураах, тэжээлгэх ёстой гэсэн хандлага бий” гэлээ.
ХӨШИГНИЙ АРД ЖИНХЭНЭ ХҮЧИРХИЙЛЭГЧ ХЭН БЭ?
Эрэгтэйчүүдийн хувьд Хүчирхийллийн эсрэг үндэсний төвд биечлэн очихоос илүү утсаар сэтгэлзүйн зөвлөгөө авдаг байна. Дийлэнх нь “эхнэртэйгээ ойлголцохгүй тохиолдолд хаана хандах вэ”, “Эхнэр хүчирхийлээд байна, нотлох баримт яаж бүрдүүлэх вэ” гэх зэргээр зөвлөгөө авдаг аж. Гэхдээ эрэгтэй хүн бүр зөвлөгөө авдаг уу гэвэл үгүй. Ихэнх нь хаана, хэнд хандахаа мэдэхгүй, аргаа олдоггүй болохыг холбогдох албаны хүмүүс хэлсэн. Наад зах нь хорооны ажилтан, цагдаад хандах нь маш ховор. Тиймээс цагдаагийн байгууллагад гэр бүлийн хүчирхийллийн улмаас сэтгэл санаа, эдийн засаг, бие мах бодийн хохирол амссан гэж эрэгтэйчүүд дуудлага, мэдээллийг маш цөөхөн өгдөг байна.
Мөн л цагдаагийн байгууллагад бүртгэлтэй хохирогчдын 90 гаруй хувь нь эмэгтэйчүүд байгаа юм. Гэтэл эрэгтэйчүүд нэрэлхсэндээ сэтгэл санаагаар унасан ч чимээгүй бүхнийг даван туулах нь нийтлэг. Зарим нь тэвчээр алдарч гар хүрлээ гэхэд гэр бүлийн хүчирхийллийн буруутан ч болох нь бий.
Гэтэл маргааныг эмэгтэй хүн эхлүүлж эрэгтэй хүнийг тэвчишгүй байдалд оруулдаг учраас нэг нь хүчирхийлэгч, нөгөө нь хохирогчийн “дүрд тоглодог” гэхэд хилсдэхгүй.
Эрэгтэйчүүдийн хувьд сэтгэл гутралд орсон үедээ өөрөө ч мэдэлгүй дараах үйлдлийг гаргадаг байна. Үүнд,
- Ажил дээрээ эсвэл спортод хэт их цаг зарцуулах зэргээр тархиа завгүй байлгаж зугтаах зан байдал гаргадаг;
- Толгой өвдөх, гэдэс хямрах, бусад бие махбодийн өвдөлт шалтгаангүйгээр мэдрэх;
- Архи согтууруулах ундаа болон бусад төрлийн мансууруулах бодист автах;
- Зохисгүй авирлах, гэнэт уурлах болон хүчирхийлэл үйлдэх;
- Хурдтай жолоо барих зэрэг бусад төрлийн эрсдэлтэй зан үйл хийдэг;
Эрэгтэйчүүд бие махбодийн шарх авахаас илүү сэтгэл санааны дарамт хүчирхийлэлд өртөх нь нийтлэг болохыг Гэмтэл согог судлалын үндэсний төвийнхөн ч бас хэлж байгаа юм. Мөн л жилд насанд хүрсэн 5-7 эрэгтэй бие махбодийн хүчирхийлэлд өртсөн гэж ханддаг байна. Харин сэтгэл санааны хүчирхийлэлд өртсөн эрэгтэйчүүд ихэвчлэн ажилгүйдлээс болж эдийн засаг, сэтгэл санааны хүчирхийлэлд өртөх нь нийтлэг байгаа юм. Энэ мэтчилэн нийгмээрээ эрэгтэйчүүд хүчирхийлэгч гэсэн нийтлэг ойлголтын цаана тэдний эрх ноцтой зөрчигдсөөр байгааг анхаарахгүй орхиж болохгүй нь.