Бэлгэдлийн парламент

Хуучирсан мэдээ: 2022.01.19-нд нийтлэгдсэн

Бэлгэдлийн парламент

Бэлгэдлийн парламент

УИХ-ын дарга Г.Занданшатар:

Монгол түмний сонгон авсан үндсэн хуульт ёс, парламентын ардчилсан засаглал зөв сонголт гэдэгт монголчууд бүрнээ итгэлтэй буйгаа дахин нотоллоо. Монголын ард түмний Үндсэн хуулиараа тунхаглаж, эргэлт буцалтгүй сонгосон парламентын засаглал, төрийн эрх мэдлийн хуваарилалт, харилцан хяналт тэнцлийн зарчим цаашид баттай хадгалагдах нь бидний сонгосон замын найдвартай хөтөч мөн гэдэгт эргэлзэхгүй байна.” / УИХ-ын намрын чуулганыг хааж хэлсэн үгнээс 2022-01-18/

Үнэн л дээ. Гэхдээ хэтэрхий бөөрөнхий байна. Тэмдэглэлт өдөр, хүндэтгэлийн чуулган, чуулганы нээлт, хаалт зэрэгт энэ мэт бэлэгдлийн чанартай, амьдралаас хөндий, үнэнээс хол, уриа маягтай, марксист түүх бичлэг шиг магтуу үгийг тал засах маягтай унагаадаг болсных нь хажууд тойруугаар ч гэсэн “болохоо байчихлаа шүү” гэсэн мессэжийг өгөхийг оролдов бололтой. Эрх мэдлийн хуваарилалт энд хүрээд тэнцвэрээ алдсаныг ч  иргэд хэлүүлэлтгүй харж байгаа. Өөрийн санаачилсан хуулийн тоог нэмэх гэсэн тэнэглэлд авсан муйхар гишүүд уншаагүй хуулийн төсөлдөө гарын үсэг зураад, ямар аюултай хуулийн төсөл явж буйг иргэд эсэргүүцээд ирэхээр “бузар гүтгэлэг” гээд нэрээ татсаныг түмэн олон харсан. Ингэхдээ анх байснаас нь өөрчилсөн байна гэхээ мэдэх нэг муу хурган зальтай. Ийм байгааг өмнөх намрын чуулганы хаалтаар УИХ-ын дарга сануулж байсан.

УИХ-ын дарга Г.Занданшатар:

“УИХ-ын хаврын чуулганаар гэхэд нэн чухал 100 гаруй хуулийн төслийг хэлэлцэн батлах ёстой. Хууль тогтоомж нь эрх зүйн чанаргүй, шинжлэх ухааны үндэслэл, тооцоонд суурилаагүй, амьдралтай нийцэхгүй, хууль тогтоомжтой зөрчилдсөн, мөрдөгдөж буй хуулийн зүйл заалтыг дордуулдаг хариуцлагагүй байдал арилахгүй байгааг энэ дашрамд тэмдэглэе. УИХ-ын намрын чуулганы хугацаанд хууль санаачлагчдад зургаан хууль буцсан байна. Иймээс хууль санаачлах эрх бүхий субьектууд төслийн боловсруулалтын  чанарт онцгой анхаарч, цахим парламент ашиглан ард иргэд, эрдэмтэн судлаачидтай хамтран ажиллахад онцгой анхаарах шаардлагатай болсныг онцлон тэмдэглэе” / УИХ-ын намрын чуулганыг хааж хэлсэн үгнээс 2021-01-29/

Архивт тэмдэглэн үлдсэн энэ үг амьдрал дээр хэрэгжээгүй гэдгийг өчигдөр хаасан намрын чуулган батлаад өгнө. Ийм л хүмүүс парламентыг бүрдүүлж байна. Хэлбэр дээрээ парламент ажлаа хийгээд мэт харагдавч хэрэг дээрээ Засгийн газарт бүх эрх мэдлээ шилжүүлчихсэн. Төсвөөс өөр өөрсдийнх нь тойрогт зарцуулах нэрээр хуваарилах 100 тэрбумаар Засгийн газар тэрхүү эрх мэдлийг нь гүйцэтгэх засаглал авсан төдийгүй Цар тахлын хууль гэгчээр бүх эрх мэдэл рүү нь халдчихсан байгаа. УИХ-ын дарга ирэх хаврын чуулганд яаралтай оруулж ирэх ёстой хуулийн төсөл, цаашид боловсруулах ёстой бодлого, тогтоолын талаар хэлсэнийг нь сайтар харвал Засгийн газрын бодлогыг л батлаж, тэдний замыг засахад нь ирэх хаврын чуулган анхаарлаа хандуулах нь. “Эрүүл мэнд, эдийн засгаа аврах 10 их наядын бодлого” гээчийг өнгөрсөн жилийн өдийд танилцуулж, УИХ хэрэгжүүлэх боломжийг нь хангаж байв. Энэхүү бодлого хэрэгжсэнээр халдвар замаа алдаж, 2000 илүү хүн амиа алдаж, эдийн засаг сөхөрчихлөө.

Одоо “Шинэ эргэлтийн бодлого” гээчийг Их хурлын дарга ихэд онцолсон. Ямар төлөөс төлөхийг бүү мэд. УИХ-ын даргын онцолсон гурван зүйл үүнийг батална. “Шинэ сэргэлтийн бодлого нь эдийн засгийн хараат бус, бие даасан байдлыг бэхжүүлэх, коронавируст цар тахлын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлийг цаг алдалгүй шийдвэрлэж, “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлэх ач холбогдолтой юм” гээд байгаа. Өнгөрсөн жил ч бас л иймэрхүү юм хэлээд зогсож байсан. Засгийн хийнэ гэсэн мөрөөдлийн зам мөрийг нь засаад л суудаг ийм хууль тогтоогчидтой бид болчиж. Юу алсын хараа. Өнөөдрийн ачаа, тээврээ шийдчихэж чадахгүй байгаа улсад 30 жил тэсэх чадвар байна уу?

УИХ сонсголоо ч хийж чадахаа байсан. Жагсаалт цуглаан хийх журмын тухай хуулийн талаар иргэдийн нээлттэй сонсгол  гэж ямар хөгийн тавилттай жүжиг тавьсан талаар бишгүй гомдоллосон.

ЖДҮ эрхлэгчдийн сангийн мөнгийг ичгүүр, сонжуургүй дээрэмдээд өмнөх Ерөнхийлөгчийн кнопчид болсон нөхдүүд яаж Монголыг хорлосныг бид мартаагүй. Өнөөдрийн хууль тогтоогчид ч ор төдийхөн байна. Засгийн газрын халаасанд орчихсон тэднээс хяналт тавихыг шаардах дэндүү гэнэн асуудал болно.

Хуулийг байнга шинэчилж, нэмэлт өөрчлөлт оруулаад байгаа хэр нь тэвэнгийн чинээ нүх үлдээж, түүгээр нь тэмээн чинээ гэмт хэрэг гараад буй нь нийгмийн харилцаанд өөрчлөлт орохоос илүүтэй хууль чанаргүй, боловсруулалт муу, заримдаа зориудаар “нүх” үлдээхийн тулд нухдагтай холбохоос өөр арга алга. Хууль боловсруулалт туйлын хангалтгүй байгаа бөгөөд өөрчлөлт нь зайлшгүй байх ёстойг хуульчид анхааруулж байна.

УИХ-ын даргын хэлээд буй хөтөч бус хууль бүх хүнд, түүний дотор эрх мэдэлтнүүдэд хамаатай. Хэн ч хуулиас дээр байж болохгүй гэдгийг л иргэд шаардаад байна. “Шүүх бие даасан байх ёстой” гэчээд улс төрчдөөс хараат бус байхын эсрэг хууль батладаг парламенттай болчихлоо. Гарын үсэг зурахдаа уншаагүй УИХ-ын гишүүдтэй байж “хууль нь зүй ёсны шалгуураар орсон байх ёстой” гэх сонгодог зарчим яриад ч хэрэггүй л болов уу. Өнөөдөр Монголын парламент бэлгэдлийн чанартай байна.

Л.Халиу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж