"Жем" группийн нэрэмжит Монгол Улсын харцага цолтонд хүндэтгэл үзүүлэх улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан өнгөрсөн Ням гаригт /2022.01.16/ болох байв. Гэвч бөхчүүд улсын даян аварга Н.Батсуурь, улсын арслан Р.Пүрэвдагва нарыг барилдахыг эсэргүүцэн тул Монголын үндэсний бөхийн холбоо барилдааныг цуцлах шийдвэр гаргасан. Тэд 2020 оны Улсын их баяр наадмын дараа сэргээшийн шинжилгээнд бүдэрч, барилдах эрхээ 11 сараар хасуулсан. Гэхдээ хориглосон хугацаа нь дуусч, тэдний барилдах эрх энэ барилдаанаар сэргэсэн аж. Гэвч бөхчүүд сэргээшийн хариуцлагын шийдвэр өөр өөр байгаад дургүйцлээ илэрхийлэн ийнхүү бойкот зарласан юм. Тиймээс даян аварга Н.Батсуурь болон улсын харцага О.Хангай нарын байр суурийг энэ долоо хоногийн VS буландаа онцолж байна.
Н.Батсуурь
Улсын даян аварга
-Допингийн хувьд 11 сараар эрх хассан ч ёс зүйтэй байж ард түмнээ хүндэтгэн 18 сар ухамсараараа барилдсангүй. Допингийн лабораториос "Verylow" буюу маш бага гарсан тамирчнаасаа асуугаарай гэсэн хариу ирсэн. Тэд надаас тодруулалгүй мэдээлсэн. Шинжилгээ авах процесс, зааврыг дагаагүйд нэг ч удаа гомдлон хариуцлагаас зугтаагүй.
О.Хангай
Улсын харцага
-Би өнөөдөр даян аварга Н.Батсуурь, улсын арслан Р.Пүрэвдагва хоёрыг эсэргүүцээгүй. Баяр наадмын комиссоос гаргасан шударга бус шийдвэрийг эсэргүүцсэн юм шүү. Допинг хэрэглэсэн бөхчүүдийн адилхан шийтгэе, хууль бүгдэнд нь тэгш үйлчлэх ёстой.
Холбоотой мэдээ