Юу ч өмссөн яах вэ буюу эрх дураараа контемпорари хэв маяг

Хуучирсан мэдээ: 2022.01.19-нд нийтлэгдсэн

Юу ч өмссөн яах вэ буюу эрх дураараа контемпорари хэв маяг

Зарим хувцаслалт ер бусын татах хүчтэй байдаг. Жишээлбэл, “Collina Strada” брэндийн 2022 оны хаврын загварыг та сонирхоод үзээрэй. Эгээ л огт өөр гариг дээр оччихсон мэт санагдах вий. Хил хязгаарыг давсан, хувь хүний онцлогийг илүү тодорхойлохуйц хувцаслалтын өнгө төрх 2022 онд ноёлох нь. Контемпорари хэв маягийг зөвхөн загварын тайзнаас бус гудамж, метро, цаашилбал хуучинсаг хүрээллийнхнээс ч олж харах боломжтой болжээ. Тайз болон үзэгчдийн суудал хооронд нэгэн үе нэлээн ялгаа гардаг байсан ч, орчин цагт энэ нь үгүй болсоор л байгаа нь гайхалтай.
Энд тэндээс түүж авсан мэт хувцаслалтанд загварын ертөнц тийм ч ээлтэй байгаагүй. Харин “Collina Strada”-ийн шинэ коллекц танилцуулагдсаны дараа “Хүмүүс өөрт таалагдсан зүйлээ дураараа өмсдөг байсан хуучны сайхан цаг эргэх ирэх нь” гэж “Vogue” сэтгүүлийн зурагчин онцолжээ. Аль загварлаг, догь бүхнийг өмсөх гэлгүйгээр өөрийн дотоод хүнээ илэрхийлэх цаг ирлээ. Мөрөөдлийн эсвэл уран зөгнөлт гэмээр, хүүхдэрхүү ч гэмээр шинэ чиг хандлага загварын ертөнцийг ноёрхож байна.  
Нийгэм дэх байр суурь, хүйс, биеийн галбир, аливаа арга хэмжээ зэрэгт зохицуулж хувцаслах нь загварын ертөнцийн тогтсон ойлголт гэж хэлэхэд болно. Жишээлбэл, эрчүүд банзал өмсөхгүй, биеийн өө сэвээ нуухын тулд босоо судалтай хувцас сонгоно гэх мэт тогтсон ойлголтууд байдаг. Дижитал эрин үед төрсөн залуус энэ ойлголтыг эвдээд зогсохгүй загварын ертөнцөөс түрэн гаргаж эхэллээ.
Контемпорари хэв маяг хаанаас үүсэлтэй вэ? Цар тахлын үеэр дэлхий нийт цахим сүлжээнд ихэнх цагаа өнгөрүүлсэн. Тэр дундаа Тикток дээр гар урлал, загвар сонирхогчдын бүтээлүүд ихээхэн шуугиулжээ. Загвар өмсөгч, нөлөөлөгч Девон Ли Карлсон энгийн загвартай костюмаа тэг дундуур нь тайрч буй бичлэгээ цахим сүлжээнд байршуулсан. Гэтэл одоо энэ төрлийн костюм мода болоод буй нь яах аргагүй үнэн.
Дүгнээд хэлбэл контемпорари хувцаслалтанд ямар ч дүрэм үгүй. Хүссэнээрээ этгээд байж, дураараа дургиж болно. Хэт томдсон, багадсан юу ч өмссөн ичиж санаа зовох шаардлагагүй болжээ.
Толинд хар даа, этгээд ч юм шиг атлаа, та өөрөө өөртөө таалагдаад байна уу? Энэ чинь л та шүү дээ. Юу ч өмссөн яах вэ.

Эх сурвалж: VOGUE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж