Тэндэхийн байшингийн дээвэр, гэрийн гадуурх цагаан бүрээс бүгд хав хар өнгөтэй. Бүр хашааны булан тохойд ургасан хуучин шарилж, уяатай нохой нь хүртэл тортогт дарагджээ. Өрхөн дээр нь тогтсон цас хүртэл хар саарал.
"Өглөө болгон гэр дээрх тортогоо цэвэрлэдэг. Гэхдээ маргааш нь дахиад л хав хар тортог болно. Шахмал түлшний үйлдвэр баригдахаас өмнө гадаа цасан дээр хивсээ гөвдөг байлаа. Харин одоо хивсээ гөвөх байтугай тод өнгийн хувцас өмсөхөөс цааргалах болсон" гэж иргэн Б.Мөнхбат ярилаа. Тэднийх Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд амьдраад найман жил болж байгаа бөгөөд хашаа нь шахмал түлшний үйлдвэрээс нэг километр хүрэхгүй зайд байрлана. Дөрвөн жилийн өмнө “Тавантолгой түлш” компанийн баруун бүсийн үйлдвэр ашиглалтад орсноор эндэхийн айлууд тортогт дарагдан амьдрах болжээ. Утааг бууруулахын тулд түүхий нүүрсийг хэрэглээнээс хасч, шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлсэн. Уг шийдвэрийг үгүйсгэхгүй ч нөгөө талдаа Үндсэн хуулиар иргэдэд олгогдсон эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд хөсөр хаягджээ.
Шинэхэн орсон цас удалгүй хар тортогт дарагддаг гэнэ. Тэнд гэгээн өнгө гэх юмгүй нэлэнхүйдээ хар саарал өнгөнд уусчээ.
"Өмнө нь түүхий нүүрс түлдэг байхад гадаа цасан дээр хивсээ гөвж, зун нь угаасан хувцсаа дэлгэдэг байсан. Одоо бол тэр мөрөөдөл болсон. Сонгины амны салхи нь баруун урдаасаа салхилахаар хар тортог нь наашаа ирдэг. Салхи хойноосоо бол бас учиртай. Тоосжилт нь арай гайгүй. Машинаа хучихгүй орхихоор өглөө нь пад хар. Энэ хавийн машиныг хотын төвөөр явахаар Тахилтын машин байна гээд тортогоор нь бараг таньдаг болсон. Үйлдвэрийн тоосжилт нь бидний эрүүл мэндэд их, бага хэмжээгээр нөлөөлж байна. Тиймээс шахмал түлшний үйлдвэрийг нэн даруй нүүлгээд өгөөч гэж төр засгаас хүсье. Бид хороондоо нэгдэж санал хүсэлтээ хүргэсэн ч арга хэмжээ авдаггүй" гэж иргэн Б.Мөнхбат хэллээ.
ЭНД ҮРГЭЛЖ ҮНСЭН СААРАЛ БАЙДАГ
Харин Э.Энхтуяа энд амьдраад хоёр жил болжээ. Тэрбээр "Хашаандаа хэц татаад хувцсаа тохож чаддаггүй. Ер нь энд бараан хувцас өмсөхгүй л бол ямар ч нэмэргүй. Тоосжилт нь өвөл цас, зун нь бороо орохоор арай гайгүй. Түүнээс биш мөнхийн үнсэн саарал байдаг. Шахмал түлшний үйлдвэр ашиглалтад орсноос хойш тортогжилт эхэлсэн. Өмнө нь түүхий нүүрс түлдэг байхад ийм тортог гардаггүй байсан. Манай энэ хавийн хүмүүс бүгд л толгой их өвдөж байна гэж ярьдаг болсон. Ач, зээ нар маань хашаандаа гараад тоглох нөхцөл алга. Гадаа удаан байхад бүх хувцас нь хар тортог болдог. Гэгээлэг хувцас ч өмсүүлж чадахгүй байна. Өнгөрсөн жил Засгийн газар дээрх үйлдвэрийг нүүлгэх шийдвэр гаргасан ч таг чиг. Бид энэ шийдвэрт их талархаж байсан" гэлээ.
ХҮНД ШАТНЫ НӨЛӨӨ НЬ ЭХНИЙ ҮЕД ИЛРЭХГҮЙ
Нүүрсний тоос, тортог дунд амьдрах нь хүний эрүүл мэндэд асар хортой. Энэ талаар Хими, Химийн технологийн хүрээлэнгийн Нүүрсний химийн технологийн лабораторийн эрхлэгч, доктор Г.Шийрав "Түүхий нүүрсийг нунтаглаж бэлтгэх явцад тоосжилт их үүсдэг. Энэ тоос агаараар тархаж айлын гэр, хашаа, зам талбайд тоосжилт үүсгэж байна. Энэ нь хүний биеийн амьсгалын замын эрхтэн, мөгөөрсөн хоолой болон хамарт тоосны жижиг ширхэг наалдаж, цаашлаад дархлааг нь сулруулж ханиад томуу тусахад нөлөөтэй. Хүнд шатны нөлөө нь эхний үед илрэхгүй. Харин урт хугацаанд хүний биед сөрөг нөлөө гарах эрсдэлтэй. Нүүрсэнд агуулагдаж буй эрдэс хэсгүүдэд тодорхой хэмжээний хүнд, хортой металиуд их, бага хэмжээгээр агуулагддаг. Энэ нь цаашлаад уушгины ханаар дамжаад цусанд орох зэргээр хүний биед тархсан тохиолдолд хордлого үзүүлэх магадлалтай. Тоосонцрын агууламжийг хэмжиж үзэж байж тодорхойлно. Гэхдээ гэрийн бүрээсийг хар өнгөтэй болохуйц дарсан тоосонцрыг харахад том ширхэгтэй байгаа нь тодорхой байна" гэв. Өөрөөр хэлбэл, түлшний торгтог нийслэлийнхний ялангуяа Тахилтынхны эрүүл мэндэд заналхийлэх болжээ.
ШАХМАЛ ТҮЛШНИЙ ҮЙЛДВЭР "НҮҮХГҮЙ"
Тус хорооны иргэд "Тавантолгой түлш"-ийг яаралтай түргэн нүүлгээсэй гэж зарим нь залбирах нь холгүй, зарим нь бухимдалтай амьдарч байна. Шахмал түлшний үйлдвэрийн бохирдол тоосжилтод өртсөн тухайн газарт оршин суугаа 639 айл өрх, 27 аж ахуйн нэгж, байгууллага байдаг гэх судалгаа бий. Дээрх үйлдвэрт ашиглаж буй шахмал түлшний үндсэн түүхий эд болох угаасан нүүрс, нунтаг овоолго зэргээс болж тоосжилт болон хөрсний бохирдол нэмэгдсэн байна. Тиймээс өнгөрсөн 2021 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр Засгийн газар "Тавантолгой түлш" ХК-ийн баруун бүсийн үйлдвэрийг Налайх руу шилжүүлэх шийдвэр гаргасан. Уг шийдвэрийн дагуу Эрчим хүчний сайд Н.Тавинбэх ажлын хэсгийг ахалж шахмал түлшний үйлдвэрийг нүүлгэх талаарх судалгаа шинжилгээ хийжээ.
Гэвч цар тахлын улмаас эдийн засаг элгээрээ хэвтсэн энэ үед шахмал түлшний үйлдвэрийг нүүлгэх өртөг өндөр байна гэх шалтгаанаар энэ асуудлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан байна.
Тухайн үед Шадар сайд С.Амарсайхан "Энэ үйлдвэр үүргээ гүйцэтгэсэн ч орчны бохирдол үүсгэсэн. Тиймээс Налайхад барьсан шинэ үйлдвэрийг жигдрүүлж, баруун бүсийн үйлдвэрийг 2021 оны гуравдугаар улиралд багтаан нүүлгэнэ" гэж мэдэгдэж байв. Үйлдвэрийг нүүлгэн шилжүүлж, Сонгинохайрхан дүүргийн 20, 22 дугаар хорооны нутагт нөхөн сэргээлт хийж, бохирдлыг нь арилган барилга байгууламжийг түлшний нөөцийн агуулах хэлбэрээр ашиглана гэсэн Засгийн газрын бодлого дахиад л цаасан дээрээ үлдэв бололтой.
Холбоотой мэдээ