Халдварын тархалтын кластер өвчлөл нэмэгдэж, хоногт 20 мянга хүртэлх тохиолдол бүртгэгдэнэ гэдгийг Улсын онцгой комиссоос анхааруулж байгаа. Тиймээс цагаан сарыг өргөн хүрээнд биш айл, өрхийн хэмжээнд өнгөрүүлэхийг зөвлөж буй. Үүнтэй холбоотойгоор зарим аймаг цагаан сараар болох олон нийтийн үйл ажиллагааг цуцалж, өргөн хүрээнд тэмдэглэхгүй гэдгээ мэдэгдээд байгаа. Халдварын тархалт нэмэгдэж, эмнэлгийн ачаалал ихэссэнтэй холбоотойгоор Улсын онцгой комиссын зүгээс нийгэмд чиглэсэн, ард иргэдэд хандсан олон чухал ажлыг шуурхай зохион байгуулахад дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн.
Тиймээс УОК-ын Нэгдсэн шуурхай штабаас цагаан сараар хөл хорио тогтоох санал гаргасан эсэхийг тодруулахад “Хөл хорио тогтоох асуудал огт яригдаагүй. Тооцоолол, судалгааны дагуу халдварын тархалт нэмэгдэж байна. Цаашид ч нэмэгдэх эрсдэл өндөр байгаа. Нийслэлийн онцгой комиссын зүгээс цагаан сарыг цахимаар тэмдэглэх хүсэлт гаргасан. Үүний хүрээнд сар шинийн баярыг гэр бүлийн хүрээнд, цомхон тэмдэглэхийг ард иргэддээ уриална. Аймгуудын тухайд хот хоорондын хөдөлгөөнийг хязгаарлах эсэхээ өөрсдөө шийднэ. Тухайн нутаг дэвсгэртээ ямар хорио цээрийн дэглэм тогтоохоо аймгийн онцгой комисс шийдвэрлэнэ гэсэн үг. Одоогоор зарим аймаг цагаан сарын өргөн хүрээнд биш өрхийн хэмжээнд тэмдэглэх уриалга гаргаад байгаа. Түүнээс УОК-оос ямар нэгэн хориг тогтоож, хязгаарлалт хийхгүй” гэх тайлбарыг өглөө.
Одоогийн байдлаар аймгийн онцгой комиссоос нь цагаан сарыг өргөн хүрээнд тэмдэглэхгүй байх шийдвэр гаргасан найман аймаг байгаа бөгөөд албан бус уриалга гаргасан 10 гаруй аймаг байгаа аж.
Орон нутгийн хэмжээнд сүүлийн өдрүүдэд халдварын тархалт эрс нэмэгдсэнтэй холбоотойгоор аймгийн онцгой комиссууд нь бэлэн байдалд ажиллаж байгаа бөгөөд хөл хорио тогтоох эсэх талаар аймгуудтай холбогдож асуулаа.
ГОВЬСҮМБЭР АЙМАГ ХӨЛ ХОРИО ТОГТООХГҮЙ
Аймгийн онцгой комиссын шийдвэр бол тухайн нутагт хэрэгжих албан журам. Тиймээс аймаг орон нутагтай холбоотой хязгаарлалтыг зарим аймгаас залгаж асуулаа. Тухайлбал, Говьсүмбэр аймагтай холбогдоход “Энэ сарын 13-наас эхлэн аймгийн хэмжээнд тодорхойгүй хугацаагаао хязгаарлалт тогтоосон. Нэг талаар эрсдэлээс урьдчилан сэргийлж байгаа хэлбэр. Нөгөө талаар аймгийн хэмжээнд халдварын тархалтыг хумих зорилготой. Хөл хорио тогтоох талаар аймгийн онцгой комиссоос ямар нэгэн шийд гаргаагүй. Уриалга бүхий мэдэгдэл л гаргасан” гэлээ.
Баярын өдрүүдэд тусгайлан хорио тогтоох зүйл яриагүй. Постуудаар нэвтрэх хөдөлгөөнд хязгаарлалт тогтоох талаар одоогоор ямар нэгэн шийдвэр гараагүй байна.
УВС АЙМАГ ПОСТУУД ДЭЭР ХЯНАЛТЫГ ЧАНГАТГАНА
Увс аймгийн Онцгой комисс хуралдаж нэгдүгээр сарын 14-нөөс ирэх сарын 10-ыг хүртэл олон нийтийн арга хэмжээ, жагсаал, цуглаан зохион байгуулахыг хориглох шийдвэр гаргажээ. Мөн хүнсний зах, барилгын материалын дэлгүүрийг 10:00-18:00 цаг хүртэл, худалдааны төв, хүнсний дэлгүүрийг 08:00-22:00 цаг хүртэл ажиллуулах шийдвэр гаргасан байна. Цагийн хязгаарлалт зөрчсөн тохиолдолд Зөрчлийн хууль болон бусад хуулийн дагуу хатуу арга хэмжээ авах аж.
Түүнчлэн Цагаан сарын баярыг гэр бүлийн хүрээнд тэмдэглэж, бүх шатны төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, нутгийн зөвлөлийн золголт зохион байгуулахгүй байхыг үүрэг болгожээ.
ЗАВХАНД ЦАГААН САРЫГ ХОРИГЛОХ ШИЙДВЭР ГАРГАСАН
Завхан аймаг нэгдүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн олон нийтийг хамарсан үйл ажиллагааг зохион байгуулахгүй байхаар шийдвэрлэж, цагаан сарын баярыг зөвхөн гэр бүлийн хүрээнд тэмдэглэхийг уриаллаа. Тодруулбал, Covid-19 халдварын тархалт улсын хэмжээнд төдийгүй Завхан аймагт нэмэгдэж, он гарсаар 155 тохиолдол бүртгэгдэж, одоогоор 100 гаруй хүн хэвтэн эмчлүүлж байна. Цаашид халдварын тохиолдол эрчимтэй нэмэгдэх хандлагатай байгаа аж.
Мөн мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин 20 суманд тархаж, дэгдэлт зогсохгүй байна. Иймд халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх, тэмцэх зорилгоор аймгийн Онцгой комиссоос тус шийдвэрийг гаргасан байна.
ОРХОН АЙМАГТ ТОДОРХОЙ ХЯЗГААРЛАЛТ ТОГТООСОН
Орхон аймгаас Covid-19 халдварын оргил үеийн идэвхжилтийг бууруулах үүднээс тэмцээн уралдааныг хоёрдугаар сарын 15 хүртэлх хугацаанд зохион байгуулахгүй байхаар болжээ. Мөн цагаан сарын баярыг гэр бүлийн хүрээнд тэмдэглэж, бүх шатны төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, нутгийн зөвлөлийн золголт зохион байгуулахгүй байх, төрийн байгууллага аливаа олон нийтийг хамарсан хурал, сургалт зөвлөгөөнийг 50 хувийн дүүргэлттэй зохион байгуулахыг үүрэг болгожээ.
ДАРХАН-УУЛ ЦАГААН САРЫГ ТЭМДЭГЛЭХГҮЙ БАЙХ УРИАЛГЫГ АНХЛАН ГАРГАСАН
Дархан-Уул аймаг энэ сарын сарын 15-аас эхлэн тодорхойгүй хугацаагаар олон нийтийн үйл ажиллагааг хязгаарлана. Тус комиссын энэ сарын 11-ны хуралдаанаар дараах шийдвэрийг гаргасан аж. Үүнд, нэгдүгээр сарын 15-ний өдрөөс эхлэн бүх нийтийг хамарсан тэмцээн уралдааныг тодорхойгүй хугацаагаар хязгаарлах, төрийн байгууллагууд тодорхойгүй хугацаагаар нийтийг хамарсан хурал, зөвлөгөөн, семинар, сургалт зохион байгуулахгүй болжээ.
Сар шинийн баярыг аймгийн хэмжээнд нэгдсэн байдлаар зохион байгуулахгүй бөгөөд айл өрхийн хэмжээнд тэмдэглэхийг уриалсан. Түүнээс хөл хорио тогтоох талаар шийд гараагүй.
ХОВД АЙМАГ ЗАРИМ ХЯЗГААРЛАЛТ ТОГТООСОН Ч ХОРИХГҮЙ
Ховд аймгийн Онцгой комисс өчигдөр хуралдаж, цагаан сарын баярыг өргөн хүрээнд тэмдэглэхийг хориглов. Тус комиссоос өчигдөр дараах шийдвэрийг гаргажээ.
Тухайлбал, цагаан сарын баярыг зөвхөн гэр бүлийн хүрээнд тэмдэглэх үүрэг чиглэлийг аймаг, сумдын удирдлагуудад үүрэг болгох, олон нийтийг хамарсан арга хэмжээ, спорт, соёл урлагийн тэмцээн уралдааныг хоёрдугаар сарын 7-ний өдөр хүртэл хориглосон байна. Мөн иргэн, ААН, төрийн байгууллагууд халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримталж ажиллах, нэг цэгийн үйлчилгээний үйл ажиллагааг эрчимжүүлж ажиллах, халаалт дулааны асуудлыг сайжруулах талаар холбогдох мэргэжилтнүүдэд үүрэг болгожээ.
Өнөөдрийн байдлаар тус аймагт нийт 20 мянга гаруй иргэн халдвар авч, хамгийн олон хүн халдвар авсан гурван аймгийн нэг болжээ.
БАЯНХОНГОРТ ЗАРИМ ХЯЗГААРЛАЛТ ТОГТООСНООС ӨӨР ШИЙД ГАРААГҮЙ БАЙНА
Баянхонгор аймагт Covid-19-ийн хоногт бүртгэгдэх тохиолдлын тоо нэмэгдсэнтэй холбогдуулан олон нийтийг хамарсан уулзалт, арга хэмжээг хоёрдугаар сарын 15 хүртэл хязгаарлав. Уг шийдвэр энэ сарын 11-нээс эхлэн хэрэгжиж байна. Өөрөөр хэлбэл Covid-19-ийн халдвараас урьдчилан сэргийлэх, тархалтыг хумих зорилгоор олон нийтийг хамарсан үйл ажиллагааг нэг сар орчим хязгаарлах шийд гаргажээ. Ингэснээр нутгийн хэмжээнд цагаан сарыг өргөн дэлгэр зохион байгуулахгүй юм.
ДОРНОДОД ШААРДЛАГАТАЙ ТОХИОЛДОЛ НЭМЭЛТ ШИЙДВЭР ГАРГАНА
Дорнод аймгийн Онцгой комисс цар тахлын омикрон хувилбар дотоодод илэрсэнтэй холбогдуулан урьдчилан сэргийлэх, хохирол амсахгүй байх зорилгоор тодорхой хэмжээний хязгаарлалт хийх шийдвэрийг гаргасан. Тодруулбал, төрийн болон орон нутгийн өмчит байгууллагуудын болон олон нийтийг хамарсан хурал зөвлөгөөн, спорт, соёл урлагийн арга хэмжээ, аймгийн хэмжээнд шагнал гардуулах арга хэмжээг өчигдрөөс хязгаарлав. Хязгаарлалтын дэглэм нэгдүгээр сарын 27-ныг хүртэл мөрдөх юм байна. Мөн тус аймгийн онцгой комиссоос асуухад “Шаардлагатай тохиолдолд нэмэлт өөрчлөлт оруулна. Түүнээс одоо байгаа зохицуулалт дээр ямар нэгэн нэмэлт зүйл тусгаагүй байна”гэсэн юм.
Холбоотой мэдээ